Ц.Даваасүрэн: Цөөн тооны ААН хүнсний бизнес эрхлэх ёстой
УИХ дахь бие даагч гишүүд болох С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар
2015.04.27

Ц.Даваасүрэн: Цөөн тооны ААН хүнсний бизнес эрхлэх ёстой

УИХ-аар энэ долоо хоногт Худалдааны тухай хуулийг хэлэлцэнэ. Аж үйлдвэрийн яамнаас энэ хуулийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн барьсан.

Өнөөдөр УИХ дахь бие даагч гишүүд болох С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар хэвлэлийн бага хурлын үеэр энэ хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Худалдааны тухай хууль хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой. 1980-аад онд хавдрын эмнэлэг ороход хүнгүй хоосон хонгилтой газар байв. Харин одоо тэнд өвчтөнүүд багтаж ядан,  хавдраа эмчлүүлэхээр дараалалд зогсож байна.

Энэ нь бид чанартай хүнс хэрэглээгүйн л уршиг. Хүнсний бизнесийг 100 хувь хувийн хэвшил эрхэлж байгаа нь зөв үү?  Бид өнөөдөр тэдгээр ААН-үүдэд стандартын шаардлага хангасан агуулах барь гэдэг л шаардлага тавьж байна. Эдгээр шаардлага биелж байгаа эсэхийг хянадаг Мэргэжлийн хяналтын газар улс төрөөс ихээхэн хамааралтай. Миний бодлоор цөөн тооны ААН л хүнсний бизнес эрхлэх ёстой. Тэдэнд төр хяналтаа тавьсан шиг тавих учиртай” гэсэн юм.

ТАНИЛЦУУЛГА

Худалдааны тухай хуулийн төслийн тухай

Худалдааны салбар үйлдвэрлэгч хэрэглэгчийг холбож байдаг эдийн засгийн чухал салбарын нэг юм. Худалдааны салбар 2013 оны байдлаар ДНБ-ий 17.4 хувийг бүрдүүлж, энэ салбарт 130 гаруй мянган хүн ажиллаж байна.

2014 онд Монгол Улс дэлхийн 139 оронтой 11 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь өмнөх онтой харьцуулахад 3,6 хувиар өсч гадаад худалдааны тэнцэл 537,9 сая ам.долларын ашигтай гарсан (үүнээс экспорт 5.77 тэрбум, импорт 5.23 тэрбум ам доллар) хэдий ч төлбөрийн урсгал тэнцэл (-321 сая ам долларын) алдагдалтай  байна.

Хүн амын хэрэгцээний 70 орчим хувь, түлш, шатахуун 100 хувь импортоор хангагддаг, экспортын орлогын 90 орчим хувь уул уурхайн цөөн нэр төрлийн түүхий эдийн экспортод тулгуурласан эдийн засгийн эмзэг, өрөөсгөл бүтцийг бий болгож  байна.

Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулах”, "экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан эдийн засгийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх гадаад худалдааны таатай орчин бүрдүүлэх", "гааль, тарифын механизмыг ашиглан үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах асуудлыг шийдвэрлэх" гэж тус тус заасан.

Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудаас 60 гаруй улс худалдааны харилцаагаа зохицуулсан эрх зүйн механизмыг бүрдүүлсэн байдаг байна. Өндөр хөгжилтэй орнуудын /Швейцари, Итали, Испани, Франц, Их Британи, Герман, Польш, АНУ, Бразил, Энэтхэг, Япон, Хятад, Сингапур, Солонгос г.м./ судалгаанаас үзэхэд дээрхи улс орнууд гадаад, дотоод худалдааны зохицуулалтыг хуульчилсан, төрийн зохицуулалт, хяналтыг тогтоосон хуулиудтай байна.

Монгол Улсын олон улсын гэрээ, Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрүүдийн зарчим, дүрэм, журамд нийцүүлэн гадаад орнуудтай харилцан ашигтай худалдаа хийх, үндэсний эдийн засгаа хамгаалах, худалдааны бодлогыг дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах, дотоодын зах зээлийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах, худалдааны үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, худалдааны салбарын тогтвортой хөгжлийг хангах, улмаар худалдааны салбарын эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөө, үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйнорчинг бий болгох зайлшгүй шаардлагатай байна.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжин 1997 онд Дэлхийн худалдааны байгуулагад гишүүнээр элссэн. 

Өнөөгийн байдлаар худалдааны харилцааг олон салбарын хуулиар хэсэгчлэн зохицуулж байна. Тухайлбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Зарим бараанд экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Онцгой албан татварын тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Патентын тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль зэрэг бусад салбарын хууль тогтоомжид худалдаатай холбоотой зохицуулалтууд туссан байдаг боловч худалдааны харилцааг зохицуулах нэгдсэн бодлого өнөөг хүртэл байхгүй байна.

Худалдааны эрх зүйн нэгдсэн зохицуулалтгүйгээс импорт жолоодлогогүй, дотоод худалдаа эмх цэгцгүй явагдах, хүнсний аюулгүй байдал алдагдах, хэрэглэгчийн эрх зөрчигдөх зэрэг сөрөг үзэгдэл гарсаар байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын судалгаанаас үзвэл: Монгол Улсын хэмжээнд нийт худалдааны газрын 45.7 хувь нь зориулалтын бус ажлын байртай, 39.8 хувь нь хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг барааг технологийн горимын дагуу хадгалдаггүй, 26.0 хувь нь хүнсний болон түргэн гэмтэх барааг ТҮЦ, чингэлэг, ил задгай талбайд худалдаалдаг, 50.5 хувь нь барааг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй байна.

Худалдааны тухай хууль нь худалдааны нийтлэг харилцааг зохицуулах суурь хууль учраас уг хуульд худалдаанд баримтлах зарчим, худалдааны бүтэц, хэлбэр, төрлийг тодотгохын зэрэгцээ шаардлагатай нөхцөлд худалдааны зохицуулалтыг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн авч хэрэгжүүлэх арга хэлбэрийг тодорхойлно.

Үүнээс гадна худалдаанд дотоодын үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих, худалдааг хөнгөвчлөх, худалдааг дэмжихэд ТББ-ын оролцоог нэмэгдүүлэх зэрэг худалдааг дэмжих арга, механизмыг бүрдүүлнэ. Мөн худалдаанд оролцогч талуудын эрх үүргийг илүү тодорхой болгосноор хариуцлагын тогтолцоог бий болгоно.

Олон улсын тогтсон хэм хэмжээний хүрээнд гадаад орнуудтай харилцан ашигтай худалдаа хийх, үндэсний эдийн засгаа хамгаалах, худалдааны бодлогыг дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах, дотоодын зах зээлийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах, дотоод худалдааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх асуудал тулгамдаж байна. Эдийн засаг өсөхийн хэрээр салбар дундын уялдааг хангах худалдааны бодлого, эрх зүйн зохицуулалт шаардагдаж байна.

Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, хязгаарлагдмал зах зээлээс хэт хамааралтай үндэсний эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах худалдааны үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, худалдааны салбарын тогтвортой хөгжлийг хангах, худалдааны нийтлэг харилцааг зохицуулахаар Худалдааны тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлж Худалдааны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Хууль зүйн яамаар батлуулав.Үзэл баримтлалын хүрээнд Худалдааны тухай хуулийн төслийг 11 бүлэг, 35 зүйлтэйгээр боловсрууллаа.

Хуулийн төслийг боловсруулах шатанд хилийн чанадад суугаа ДТГ-аас ирүүлсэн 10 гаруй орны худалдааны эрх зүйн зохицуулалтын талаарх танилцуулга, Худалдаа эрхлэгчдийн улсын 4 дүгээр зөвлөгөөнд оролцогчдын зөвлөмж, 2012-2015 оны хооронд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим зэрэг төрийн бус байгууллагууд, холбоод, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын дунд 5 удаагийн уулзалт, хэлэлцүүлгээс гаргасан саналыг Худалдааны тухай хуулийн төсөлд тусгасан.

Энэхүү хууль батлагдснаар эдийн засаг, нийгмийн хөгжил, дотоодын үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих төрийн бодлого, зохицуулалт, хамгаалалтыг олон улсын эрх зүйн хэм хэмжээний болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх эрх зүйн цогц арга хэрэгсэл бий болно. 

                                         МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР