Яагаад дандаа бөгсөө хавчиж, нүд чихээ бөглөдөг юм бэ
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн.
Нэг жил хэрэгжээд дахин өөрчлөгдөж орж ирж буй хуулийн төсөлтэй холбогдуулан Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг асуултаар “бөмбөгдсөн” юм. Түүнчлэн чуулганы хуралдааны уур амьсгал “Цагдаа хүчний байгууллага улстөрийн захиалгаар ажилладаг болсон, хүний эрхийг зөрчдөг, хэрэг тулгадаг, хууль бусаар мөрдөн байцаалт явуулдаг” гэх зэрэг шүүмжлэл дунд өрнөлөө.
Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайдад хандан өөрийн эсрэг байр сууриа хүчтэй илэрхийлсэн.
Тэрээр хэлэхдээ "Одоо үйлчилж байгаа цагдаагийн хууль, хоёр жилийн өмнө өргөн барьсан Цагдаагийн эрх зүйн хуулийг одоо хэлэлцэж байгаа хуультай харьцуулан харахад их зөрүү гарна. Иргэндээ тайлагнадаг, иргэндээ үйлчилдэг хуулийг унагааж байна. Тэнгэрт суудалтай хэдэн дарга нар эрх мэдлээ авч байгаа хууль. Цагдаа алдаа дутагдал гаргадаг нь үнэн.
Гэхдээ нийт цагдаа тийм биш. “Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино” гэж нэг үг бий. Дотоод хяналттай холбоотой асуудал бүрхэг болж байна. Хамгийн аюултай нь ганц цагдаа биш өөр бусад төрлийн ажил хийж байгаа албан хаагчид иргэнээ хүндэтгэдэг журам руу оруулах эрх зүйн дэвшил унаж байна. Цагдаа, цагдаа гээд хамаг хариуцлагаа цагдаа дээрээ тохоод суган доогуур нь зөрчил гаргадаг байгууллагууд, хүмүүс нь гараад явчихаар байгаа.
Харамсах гэдэг үгийг олон дахин хэлэлтэй биш. Яахаараа тэнгэрт суудалтай, насан туршдаа эрх мэдэлтэй явна гэж боддог хүмүүс хуулийн байгууллага, хуулийг өөрсдөө зориулж хийдэг юм бэ. Иргэнд зориулсан хуулийг яагаад гоё үгээр халхавч хийж устгадаг юм бэ.
Магадгүй өөрөө УИХ-ын хамгаалалтад орно гэж бодож байгаа байх. Яахаараа иргэндээ зориулсан шинэтгэл болгоныг нурааж байдаг юм бэ. Амьдрал дээр болохгүй байгаа асуудал байхад яахаараа дандаа бөгсөө хавчиж, нүд чихээ бөглөж байдаг юм бэ" гэлээ.