Зүүнхайрханыг төрийн тахилгат уул болголоо
Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн энэ жил тохиож буй.
Энэхүү ойг хүрээнд зарим үйл ажиллагааг зохион байгуулаад эхэллээ. Тухайлбал, энэ сарын 2-нд Өндөр гэгээн Занабазарын төрсөн нутаг болон Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг дахь Зүүн хайрханыг тахиж, бэсрэг наадам зохион байгууллаа. Зүүн хайрхан нь Өндөр гэгээний төрсөн нутгийн хамгийн өндөр хайрхан юм.
Цаашдаа энэхүү хайрхныг дөрвөн жилдээ нэг удаа тахиж байхаар аймгийн ИТХ-ын шийдвэр гарчээ. Зүүн хайрханы хамгийн анхны тахилгад Өндөр гэгээний ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хорооны гишүүд болох УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Содбаатар нар болон аймаг, орон нутгийн удирдлагууд оролцлоо.
Зүүн хайрханы тахилгад зориулсан бэсрэг наадамд улсын начин М.Жамъяанпүрэв, Б.Сангисүрэн тэргүүтэй хүчит 64 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Сант сумын харъяат аймгийн арслан Ж.Наранбаатар түрүүлж, аймгийн заан Д.Мөнхболд үзүүрлэлээ.
Мөн их нас, соёолон, хязаалан насны морьд уралдаж хурсан олныг баярлуулаа. Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн даншиг наадам долдугаар сарын 25-27-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд болох юм.