Хэрэв та Хятадын компанитай харилцах гэж байгаа бол ...
2015.07.06

Хэрэв та Хятадын компанитай харилцах гэж байгаа бол ...

Хятадын шүүхээр асуудлаа шийдүүлнэ гэдэг тийм ч таатай ажил бус. Хууль сайн мэддэг гадаадын иргэд хүртэл хятад хуульч хөлслөх нь илүү үр дүнтэй гэж үздэг аж. 

Өнгөцхөн харахад хууль нь таны талд юм шиг харагдавч өрсөлдөгч талд их туршлага, нөөц бий.  Хэрэв та Хятадад ямар нэгэн хэлэлцээр хийхээр очлоо гэж бодоход нөгөө тал чинь гэнэтхэн таныг шүүхэд өгөх тохиолдол олон.  Хэргийн учрыг олох үйл явц хэр сунжрах нь мэдэгдэхгүй. 

Хятадын хуулийн дагуу гадаадын иргэний эсрэг хэрэг үүссэн бол тухайн хүний визийг хүчингүй болгож Хятадаас гарахыг хориглодог.

Москвагийн нэгэн том бизнесмен хагас жил хэртэй визээ хүлээсэн тохиолдол бий. Тэрээр цагийг хий дэмий өнгөрөөхгүйн тулд хэлний курст хүртэл бүртгүүлэхээр бэлдэж байв. Гэхдээ тухайн гадаадын иргэнд виз нь хориотой гэж мэдэгддэг мөртлөө хэзээ зөвшөөрөл өгөх тухай хэзээ ч хэлдэггүй. Үнэндээ визийг хориглосноос хойш 3 сарын дараа хил давж болдог журамтай аж.  Тиймээс Хятадад олон жил бизнес эрхэлсэн хүмүүс хятад түнштэй холбоотой аливаа маргааныг хятад хуульчаар шийдүүлэх хэрэгтэй гэж зөвлөдөг. 

Хятадад ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэхийн тулд эхлээд гэрээний тухай хуулийг нь сайтар судалж, хуульчаас зөвлөгөө авах хэрэгтэй аж.  Учир нь интернетэд хуулиудыг байршуулдаггүй, тухайн хууль амьдрал дээр яаж хэрэгждэгийг мэддэг хүн тун ховор.  Хятадын муж болгонд ажил хэрэг шийдэх хэв маяг нь өөр өөр.

Хятадад бизнес эрхлэгч гадаадын иргэн үндсэн 3 шатыг дамждаг. Нэгдүгээрт хуулийг ойшоодоггүй. Дараа нь ингэх нь эрсдэлтэй гэдгийг мэдэрч эхэлнэ. Гурав дахь шатанд хэрэг бишдээд эхлэхээр интернетээс мэдээлэл хайж эхэлдэг.

Худалдааны үйл ажиллагаатай холбоотой эрсдлийг хэд хэдэн төрөлд хувааж болно. Тодруулбал эхнээсээ  буруу ташаа мэдээлэл авах эрсдэл, бараагаа хүлээж авахгүй байх эрсдэл,  гологдолтой бараа хүлээж авах эрсдэл гэх мэт. Эдгээр нь түгээмэл тохиолддог эрсдлүүд юм.  Эдгээр зөвлөгөө зөвхөн том компаниуд гэлтгүй Хятадад худалдаа эрхэлдэг жижиг компаниудад ашигтай.

Буруутныг хайхуй

Хятад компанитай Хятадын шүүхээр заргалдахын тулд хэн хариуцлага хүлээхийг сайтар ойлгох хэрэгтэй.  Ийм энгийн асуултад компаниудын 90 хувь нь буруу хариулах юмуу эсвэл хариулж чаддаггүй.  Энгийн жишээ дурдая. А компани Alibaba.com сайтаас Б компанийг олсон гэж бодъё. Гэрээ байгуулах явцад А компани Б компаниас С хэмээх нэртэй өөр нэгэн компаний хаягийг илгээж А компани тэр хаягаар нь төлбөр хийжээ.  Гэтэл удалгүй Б компани ямар ч гэрээ хийгээгүй, С гэдэг компанийг мэдэхгүй хэмээн мэдэгдэж мөнгийг буцааж өгөхөөс татгалзах жишээтэй. Харин С компани хариу илгээлгүй удах юм уу эсвэл ор сураггүй алга болно. 

Ингээд хэний эсрэг гомдол гаргах вэ гэдэг асуудал үүснэ. Мөн шүүх, цагдаа, арбитрийн шүүхийн алинд нь хандах вэ гэсэн асуулт гарна. Ихэнх тохиолдолд буруутай этгээдүүд аль хэдийнэ халагдсан менежерт буруугаа тохдог.  Энэ тохиолдолд юу хийх вэ? Нэгдүгээрт Б компаниас мэйл илгээсэн гэдэг нотолгоог цуглуулах. Дараа нь хэн залилагч болох, алга болсон эсэхийг тодруулах. Хэрэв нотолгоо олдвол Б болон С компаний аль нэгний эсрэг гомдол гаргаж болно.  Ядаж цагдаад хандах боломжтой.

Энэ тохиолдолд хоёр эрсдэл бий.  Нэгдүгээрт алдсан цаг хугацаа. Хэрэв хэрэг 2 жилийн өмнө болсон бол шүүх авч хэлэлцэхгүй.  Хоёрдугаарт хэлцэлийн үнэ. Хохирлын хэмжээ 10 000 доллараас доош бол цагдаа, хуульчийн аль нь ч хэргийг авч хэлэлцэхгүй. 

Та хэн буруутайг мэдэж байсан ч түүнийгээ заавал нотлох хэрэгтэй. Хэлцэл хийгдсэн байсан ч нотлох баримт бичиг хангалтгүй байх тохиолдол олонтаа. Ялангуяа таны хятад түнш компанийхаа талаар буруу мэдээлэл өгсөн бол. Тиймээс гэрээ хийхээс өмнө тухайн компаний талаар бодитой мэдээлэл авах хэрэгтэй. 

Хэрэв ямар нэгэн хятад компанитай харилцаатай байдаг бол илгээсэн болон хүлээж авсан бүх захидлыг хадгалах хэрэгтэй.  Нотолгоо хангалттай байгаа үед заргаа авах боломж өндөр. 

Гологдолтой бараа

Хятад түншүүдээсээ чанаргүй бараа, эсвэл тэс өөр бараа хүлээж авах тохиолдол цөөнгүй. Ялангуяа галт тэрэг, хөлөг онгоц, нисэх онгоцоор Хятадаас бараа хүлээж авч буй тохиолдолд сайтар шалгах хэрэгтэй.  Захиалсан барааныхаа зургийг интернетээр авч төлбөрөө хийсэн хүн чингэлгээр муудсан, хугацаа нь хэтэрсэн бараа хүлээж авдаг түүх бий.  Хэн буруутай нь ойлгомжгүй. Илгээсэн компани нь тээврийн компани руу бурууг  чихдэг. Худалдаа аж үйлдвэрийн танхим, элчин сайдын яам, худалдааны төлөөлөгчийн газар зэргээр удаан хөөцөлдсөний эцэст захиалагч шүүхэд ханддаг.  Хэрэв гэрээнд бүх нөхцөл, стандартыг нарийн зааж өгөөгүй бол шүүхээр заргаа авна гэдэг хэцүү.

Оюуны өмч

Оюуны өмчийг хамгаалдаггүйгээрээ Хятад, Монгол хоёр тун төстэй. Гэхдээ Хятадын хувьд энэ нь хоёр талтай. Хамгийн гол нь Хятадын оюуны өмчийн хууль ямар тохиолдолд хэрэгждэгийг ойлгох хэрэгтэй.

Жишээ нь өөрийн тань нэр дээр бүртгэлтэй барааны тэмдэг бүхий барааг Хятадын гаалийнхан хурааж авах тохиолдол бий. Хэргийн учир нь тэр хүний бараа 2008 онд Монголд бүртгүүлсэн, харин 2011 онд Хонконгод бүртгүүлсэн байв. Гэвч Хонконгод хийсэн бүртгэл Хятадад хүчингүй. Харин нэгэн зальжин хятад үүнийг ашиглаад таны барааны тэмдгийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн гэсэн үг. 

Ийм учраас Хятадын гаалийнхан таны барааг хурааж, харин нөгөө зальжин хятад 100 000 доллар нэхэмжилнэ.  Тиймээс бүхнийг урьдчилан мэдэх хэрэгтэй. 

Эсвэл энэ тохиолдолд зүгээр л брэндийнхээ нэрийг өөрчилж болно. Яагаад гэвэл оюуны өмчийн маргааныг Хятадын шүүхээр шийдүүлнэ гэдэг маш төвөгтэй .

Хятадын компаниудын залилангийн хэлбэрүүд

Тохиолдол 1: Гэрээний дагуу 100 хувь төлбөр хийсэн ч нөгөө компани ор сураггүй алга болов.

Хэргийн учир: Энэ тохиолдолд урьдчилгаа төлбөрийг хамгийн бага хэмжээгээр хийх хэрэгтэй. Хэрэв энэ нь боломжгүй бол тухайн компаний захирлын паспорт, компаний бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг авах хэрэгтэй.

Тохиолдол 2: “Захиалагч компани барааг шалгаж амжсангүй. Харин нийлүүлэгч тал бараагаа аль хэдийнэ илгээсэн, гэхдээ бараа илгээсэн тухай баримтыг зөвхөн төлбөр хийсний дараа явуулна гэж хэлсэн.”

Хэргийн учир: Барааг байнга шалгах ёстой. Хэрэв та өөрөө Хятадад очиж шалгах боломжгүй бол тэнд байгаа түншдээ хариуцуулж болно.

Тохиолдол 3: Менежертэй нь гэрээ хийгээд баталгаажуулчихлаа. Одоо яах вэ?

Хэргийн учир: Гэрээ баталгаажуулах эрх зөвхөн ерөнхий захиралд бий. Түүгээр ч барахгүй үйлдвэр дээр байдаг захиралд бүрэн итгэж болохгүй. Мөн тамганы жинхэнэ эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй.

Тохиолдол 4: Нийлүүлэгч тал Герман дахь данс руу мөнгө шилжүүлэхийг хүссэн. Харин бид татгалзсаны дараа тэд Хонконг дахь дансаа өгсөн.

Хэргийн учир:  Хонконгийн оффшорууд голдуу хэдхэн мянган долларын дүрмийн сантай  байдаг учраас түүнээсээ илүү гарсан дүнтэй гэрээг байгуулах эрхгүй гэсэн хуультай.  Ийм компаииуд голдуу төөрөгдүүлэх зорилготой байгуулагдсан байдаг.  Таныг шүүхэд хандаж байх хооронд залилагч компани ул мөрөө арилгана.

Тохиолдол 4: Бид үзэсгэлэн дээр таарч нэрийн хуудсаа солилцсон. Дараа нь мэйлээр харилцаж эхэлсэн. Удалгүй тэд өөр мэйлээр харилцахыг санал болгож өөр хаяг өгсөн.

Хэргийн учир: Энэ нь Хятадад түгээмэл байдаг залилангийн хэлбэр. Нэг бол сайн дүр эсгэсэн нийлүүлэгчийн өмнөөс гуравдагч этгээд захидал бичиж эхэлдэг, эсвэл аль нэгэн менежер гарч ирдэг. Тэд мөнгө авсныхаа дараа алга болдог.

Тохиолдол 6: Тэд өөрийгөө Бээжин дэх том үйлдвэрийн салбар гэж хэлсэн. Харин заасан газарт нь очиход юу ч байгаагүй. 

Хэргийн учир:  Хуульчдаар дамжуулж компаний хаягийг баталгаажуулах хэрэгтэй. Ихэнх залилагч компаниуд орон сууц, энгийн хороололд байрладаг. Харин том  үйлдвэрүүд аж үйлдвэрийн район, хотоос зайдуу сууринд байрлалтай. 

Эцэст нь хэлэхэд ямар ч тохиолдолд хятадуудтай бизнесийн түншийн харилцаа тогтоох бол хэнэггүй зан гаргаж болохгүй, заавал бүгдийг шалгаж байх хэрэгтэй.