Мэндчилгээ
Эцэг өвгөдөөс улбаалан ирсэн он цагийн соёл түүх, олон зууны уламжлал заншлын цогц Монгол наадам бол та бидний тусгаар тогтнолын үнэ цэнэ, төрөө дээдпэхүйн эрхэм хүндэтгэл, эв эеийн бататгал билээ.
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний Их баяр наадам, Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ойн баяраа угган Хан-Уул дүүргээс тохижилт, бүтээн байгуулалтын ажлаараа эрхэм олон наадамчиддаа бэлэг барьж байна.
Бид бүхэн Шууд ардчилал-Иргэдийн оролцоог тууштай дэмжиж орон нутгийн бүтээн байгуулалтанд Иргэдийн бүлгийг түлхүү ажиллуулан, Нийспэл дүүргийн хөрөнгө оруулалтаар иргэд та бүхний гарт баригдаж, нүдэнд харагдахуйц тэр дундаа зам, гэрэлтүүлэг, тохижилт, бүтээн байгуулалтын чиглэлээр иргэдийнхээ саналыг сонсон тэднийгээ дэмжиж, хамтарч хийж хэрэгжүүлсэн бүтээлч ажлууд манай дүүрэгт олон байна.
Бид 2014-2015 ондоо дүүргийнхээ Нисэх, Яармагийн авто зам, Биокомбинат, Шувуун Фабрик, Өлзийт хорооллын шинэ авто замууд, Дунд гол, Чингисийн өргөн чөлөө зэрэг төв замын асуудлаа бүрэн шийдлээ.
Мөн Нисэх, Яармагийг бүрэн гэрэлтүүлэгтэй болгож, шинээр цэцэрлэг, сургууль ашиглалтанд оруулан "Хоггүй-Хороо-Дүүрэг" болохоор хичээн ажиллаж байна.
Хан-Уул дүүргийн иргэд бидний амьдрах орчин ажил, бүтээл дээшилж, үр хүүхэд минь эрүүл саруул өсөн торниж, ахмадууд минь энх тунх амьдарч, бидний амьдралын хамгийн сайхан цаг мөчүүдэд хамтдаа түүхээ бичин үлдээж байна.
Хан-Уулчууд та бүхэн дэлхийд ганц Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай.
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТБИЛЭГ