МЭДЭГДЭЛ
Монгол Консерватив нам
2015.07.20

МЭДЭГДЭЛ

Монгол Консерватив намаас боловсруулж 2014 оны 01 сарын 10 өдрөөс эхлэн олон нийтийн хүртээл болгосон “ДЭЛХИЙН ХАРААТАЙ МОНГОЛ-2050” Монголын үндэсний хөгжлийн стратегийн баримт бичиг ажил хэрэг болж байгаад баяртай байна. 

Монгол улсын Төрийн тэргүүн эдийн засгийн коридорыг байгуулах ажлыг эхлүүлсэнд талархъя.

Нэг. Монгол улсын төрийн тэргүүний санаачлагаар зохион байгуулагдсан гурван улсын төрийн тэргүүний уулзалтаас гаргасан Хятадын талын Торгоны зам, Оросын талын Евро Азийн коридор, Монголын талын Талын зам санаачлагыг уялдуулж гурван улсыг хамруулсан эдийн засгийн коридор байгуулах cанаачлага нь Монгол Консерватив намын “Дэлхийн хараатай Монгол-2050” хөгжлийн баримт бичигт тусгагдсан 5.16.1, 5.16.1.1 , 5.16.1.3 заалт дахь зорилтуудтай нийцэж байгаа тул шийдэлтэй зөв ахлам болсон гэж үзэж байна.Тиймээс энэхүү санаачлагыг ажил хэрэг болгоход холбогдох байгууллагууд хариуцлагатай, ажил хэрэгч, шуурхай хандах ёстой. Нам, бүлэглэлийн ашиг сонирхолоос үл хамааран үндэсний эрх ашгийн үүднээс ажил хэрэг болгох ёстой. 
Монгол улс дэлхийн зах зээлтэй холбогдох боломж гэж дүгнэж байна. Эдийн засгийн хувьд ч Монгол улсад өгөөж авах боломж гэж харж байна. Энэ санаачлагын үр өгөөж Монголын жирийн иргэнд ирэх ёстой.
Даяарчлалыг хэрхэн ашиглаж буйгаар нь дэлхийн үндэстэнүүдийн удирдагчдын ур чадвар тодорхойлогдож байна. Эдийн засгийн коридор байгуулах санаачлага үүний нэг жишээ боллоо. 
Даяарчлалыг Монголчууд хийж чаддаг гэдэгээ түүхэнд нотолсон. Бид өөрсдийгөө дахин нотлох боломжийн эхлэл тавигдаж байна гэж харж байна.

Хоёр. Эдийн засгийн коридорыг хэрэгжүүлэхдээ дараахь зүйлсийг зарчимын хувьд анхаарч ажиллах хэрэгтэй байна.Монгол Консерватив намын “Дэлхийн хараатай Монгол-2050” хөгжлийн баримт бичигт тусгагдсан 5.12, 5.12.1 заалт дахь зорилтууд, үндэсний язгуур эрх ашигт үл нийцэх бодлого, шийдвэр, үйлдэл гарах бий гэсэн үүднээс дараах зүйлийг анхааруулан сануулж байна.
Талуудын ашиг сонирхолыг хангаж ажиллахдаа Үндэсний аюулгүй байдал, Үндэсний эрх ашгийг хамгаалах бодлогоо чанд баримтлах хэрэгтэй. “Даяарчлалд бэлтгэлгүй орох нь Ардчилал хэрэгжихэд ноцтой гай болдог” гэсэн Томас Мэеэрийн үгийг санах хэрэгтэй.
Эдийн засгийн коридорыг бүтээх бий болгох явцад үзэглэх гэрээ, мемрондум, баримт бичигт үндэсний язгуур эрх ашгийг түрүүнд тавьж ажиллах хэрэгтэй байна. 
Монголын үнэ цэнэт зүйлс болох Монгол улсын тусгаар тогтнол, бvрэн эрх, нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдал, Монгол хүний оршихуйн дархлаа, хэл, соёл, бие даасан байдал, оюуны террорист үйл ажиллагаа, хүнсний аюулгүй байдал зэрэг Үндэсний аюулгүй байдалд харшилж болох бэхэлгээг сайтар тусгаж ажиллахыг сануулж байна.
Хөрш гүрнүүдийн иргэдийн дамжин өнгөрөх, бизнес эрхлэх, жуулчилах, түр оршин суух, иргэнших, цагаачлах зэрэг бодлогод шинэчлэл хийж үндэсний дархлааг хамгаалах ажлуудаа цэгцлэх хэрэгтэй.
Эдийн засгийн коридороор дамжиж үр өгөөж ирэх ч муу зүйлс бас цэцэглэн хөгжинө гэдгийг давхар тооцох хэрэгтэй. Хар тамхи, гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэрэг, мафийн үйл ажиллагаа, хүн худалдаалах гэмт хэрэг, мөрийтэй тоглоом гэх мэт зүйлийг хязгаарлах хууль эрх зүйн орчин, хязгаарлалтуудыг хийх бэлтгэж ажлуудыг хангах хэрэгтэй.
Бидний үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод баримтлахаар тодорхойлсон зарчимуудыг харгалзан үзэж ажиллахыг уриалж байна.