Ам.долларын ханшийг 10 хувиар бууруулах боломжтой гэж үзлээ
2012.02.02

Ам.долларын ханшийг 10 хувиар бууруулах боломжтой гэж үзлээ

УИХ дахь Ардын намын бүлэг валютын ханш, шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг тодруулах, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэхээс хойш суух болжээ. Энэ бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхний дүгнэлт юм. Ямартай ч дээрх асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож, цаашид хэрхэхийг хэлэлцэх ёстой байсан УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр "Ирц бүрдээгүй" гэсэн шалтгаанаар хуралдсангүй. Тодруулбал, Ардын намын бүлгийн гишүүд байнгын хорооны хуралдаанд суугаагүй юм. Ирц бүрдэхийг хүлээн суусан Ардчилсан намын бүлгийн гишүүд тэднийг "Санаатайгаар ирэхгүй байна" гэж байлаа.

Эдийн засгийн байнгын хороо хуралдаагүй ч валютын ханш, шатахууны үнийн өсөлтийн шалтгаан, цаашид авах арга хэмжээний талаарх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг, ажлын хэсгийн гишүүн С.Эрдэнэ, Б.Батбаяр нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Ажлын хэсэгт Ардын намын бүлгээс Р.Раш, Д.Балдан-Очир, Ц.Цэнгэл, С.Бямбацогт нар ажилласан байна. Ингээд өмнө нь хэлж байсанчлан "Энэ бүхний гол буруутан нь Монголбанк" гэсэн дүгнэлт гаргажээ. Д.Ганхуяг гишүүн "Тус банк 2010 оны балансын алдагдлаа нөхөж, өнгөрсөн онд алдагдал багатай гарах гэсэн. Үүний тулд дотоод зах зээл дээр өнгөрсөн оны наймдугаар сараас өсч эхэлсэн ам.долларын эрэлтэд зохих түвшний зохицуулалт хийгээгүй. Үүнээс болж өнгөрсөн оны сүүлч болон оны эхээр валютын ханш огцом өсчээ" гэж мэдээллээ.

Нэг ёсондоо Монголбанк төгрөгийн ханшийг хэлбэлзүүлж, иргэдийн халаас руу гараа дүрж байж алдагдлаа нөхсөн гэж байна. Үүнийгээ тэд "Болчимгүй" хэмээн дүгнэж байсан. Д.Ганхуяг гишүүн "Бид энэхүү санал, дүгнэлтийг өөрсдөө зохиогоогүй. Монголбанк, Газрын тосны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын банкуудын холбооноос холбогдох мэдээллийг авсны үндсэн дээр боловсруулсан" гэж онцолж байлаа. Монголбанкныхан алдагдлаа нөхөхийн тулд төгрөгийн ханшийг бууруулсныг нефть импортлогчид далимдуулан үнээ огцом нэмсэн аж. Тиймээс нэн түрүүнд Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох ёстой гэж үзжээ. Түүнчлэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод ч хариуцлага тооцох учиртай гэнэ. Ардчилсан намын бүлгийнхний хувьд "Б.Ариунсан биш Д.Зоригт сайд нефть импортлогчдод үнээ нэмэхийг зөвшөөрсөн" гэж үзэж буй. Ардын намын бүлгийн гишүүд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд суугаагүй нь ч үүнтэй холбоотой гэнэ. Нэг ёсондоо намынх нь сайдад болон төв банкны удирдлагад хариуцлага тооцох талаар санал оруулсан учраас байнгын хорооны хуралд суугаагүй гэж дүгнэжээ.

 

Ажлын хэсгийн гишүүд холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохоос гадна валютын ханшийг бууруулах арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна. "Ам.долларын ханшийг 10 орчим хувиар бууруулах боломжтой" гэж тооцоолсноо ч хэлж байлаа. Монголбанкинд ам.долларын ханш өчигдөр 1364.48 төгрөгтэй тэнцэж байсан. Үүнийг 10 хувиар бууруулбал ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1230 орчим төгрөг болох нь ээ. Мөн тэд Ерөнхий сайд хэлсэн амандаа хүрч нефть импортлогч аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг хураах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг сануулав. Нефть импортлогчдын тоог цөөлөхөөс гадна уул уурхайн томоохон компаниудад нийлүүлж буй шатахуунд онцгой албан татварын хөнгөлөлт олгохгүй байх, шатахууны жижиглэнгийн худалдаанд өрсөлдөөнийг дэмжих бодлого хэрэгжүүлж болох гэнэ. Эдийн засгийн байнгын, хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг Ардын намын бүлгийн гишүүдэд танилцуулсан ч хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж гарын үсэг зураагүй байна. Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг үндэслэж УИХ дахь намын бүлгүүд болон Засгийн газар цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэх учиртай. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл МҮЭХ-ны удирдлагуудтай уулзах үеэрээ "Нэн түрүүнд учир шалтгааныг тодруулъя" гэж амласан билээ. Харин одоо сайд нарын томилгоо, Тавантолгойн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх асуудлаар санал зөрөлдсөн УИХ дахь намын бүлгүүд шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг тодруулж, арга хэмжээ авах дээр хүртэл хоёр тийшээ харан суух нь тодорхой болов. Тэгэхээр валют, шатахуун, бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах арга хэмжээг мөддөө авахгүй бололтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.