Би нэг ч хүн халаагүй, нэг ч хүн томилоогүй
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2015.08.11

Би нэг ч хүн халаагүй, нэг ч хүн томилоогүй

Хөдөлмөрийн сайдын үүргийг хавсран гүйцэтгэж буй ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хуучин сайд С.Чинзоригийн томилсон 20-иод хүнийг ажлаас чөлөөлсөн гэсэн мэдээлэл цацагдаад байна.

 Тэр ч бүү хэл МАН-ын удирдлагууд өнөөдөр энэ асуудлын талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлээд амжлаа. 

Харин С.Эрдэнэ сайдын тухайд “Би нэг ч хүнийг ажлаас нь халаагүй, нэг ч хүн томилоогүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Өнөөдөр Хөдөлмөрийн яам өөрөө Хөдөлмөрийнхөө хуулийг зөрчиж болохгүй

Тэрбээр,

-Төрийн алба тасрах ёсгүй. Тэр ч утгаараа үүрэг хариуцагчийг томилсон. Би өнөөдөр Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагчаар томилогдсон учраас төрийн хуулийн дагуу сайдын эрх үүргийг хариуцаж ажиллана. Энэ нь миний үүрэг.

Би нэг ч хүн ажлаас нь халаагүй, нэг ч хүн томилоогүй. Харин хуульд нийцээгүй, үндэслэлгүй, хууль бус тушаалуудыг л хүчингүй болгосон.

16 аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дарга нар шүүхэд хандсан. Эдгээр хүмүүс үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гээд бараг найман сар шүүхээр явж байна. Ер нь бол 21 аймаг, 9 дүүргийг тэр чигээр нь өөрчилсөн байсан шүү дээ. Иймээс халсан, томилсон үндэслэлүүдийг нь би хэд хоног сууж уншсан, үзсэн.

Өнөөдөр Хөдөлмөрийн яам өөрөө Хөдөлмөрийнхөө хуулийг зөрчиж болохгүй.

Жишээ татая, Хөдөлмөрийн Үйлдвэр сургалтын төв гээд гурван байгууллагыг нэгтгээд шинэ байгууллага болгож, тэрийгээ бүтцийн өөрчлөлт гэж нэрлээд хуучин ажиллаж байсан гурван даргыг ажлаас нь халчихсан байна. Гэтэл Хөдөлмөрийн хуулийн 49-д заасан байгаа. Тухайн байгууллага татан буухаас өөр нөхцөлд ажил олгогчийн санаачилгаар ажлаас халахыг хориглоно гэсэн байдаг. Энэ мэт маш олон хууль бус тушаалууд гарсан байсан гэсэн юм.