Ерөнхий сайдын ойлгомжгүй тоглолт
Ерөнхий сайд
2015.08.25

Ерөнхий сайдын ойлгомжгүй тоглолт

Даваа гаригт болсон засгийн газрын ээлжит хуралдаанаар МАН-ын дэд сайдыг нарыг чөлөөлж МАН-ын хүмүүсийг бүрэн утгаар нь засгаас гаргалаа.

Тодруулбал, Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар, Гадаад харилцааны дэд сайд Н.Оюундарь, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Харин нийгэмд хүлээлт үүсгээд буй шинэ сайдуудыг томилох асуудалд засгийн газар болон эрх баригчид тийм ч яарахгүй байгаа бололтой. Учир нь Ч.Сайханбилэг сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэлдээ “Зургаан сайдыг томилох асуудлаар улс төрийн намуудтай зөвшилцөх ажил үргэлжилж байгаа тул Ерөнхий сайд сайд нарын нэрсийг 10 дугаар сард буюу УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэхээр өргөн барих нь зүйтэй гэж үзлээ.

Ээлжит бус чуулган зарлан, хуралдах нь УИХ-ын бүрэн эрх. Ээлжит бус чуулган хуралдсан ч сайд нарын нэрсийг өргөн барих боломжгүй гэсэн шийдвэрийг гарсан” гэв. Үнэхээр үнэн бол ирэх арван сар хүртэл шинэ сайдуудын барааг харахгүй.

Хэдий засгийн газрын шийдвэр ийм байгаа ч УИХ бүрэн эрхийнхээ дагуу сайд нарын нэрсээ оруулахыг шаардах нь хуулийн дагуу. Харин Ерөнхий сайд яагаад цаг алдаад нь байгаа нь хачирхалтай байна.

Өчигдөр цахим сайтуудаар гарсан мэдээллээр бол УИХ-ын дарга З.Энхболд сайд нарын нэрсийг даруй өргөн барихыг үүрэгдсэн гэх. Мэдээж цаг алдаж байгаа нь намынх нь нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа тул хурдлах нь хамгийн зөв алхам гэдгийг намын даргын хувьд гадарлаж байгаа. Засагт хамтарсан намууд нь гарсан намынхаа зургаан суудлыг гурав гурваар нь авахаар болсон гэдгээ хоёр талдаа зарлачихаад байгаа үед ингэж удах нь муу.

Өчигдөр л гэхэд Шударга ёс эвслийн УИХ дахь бүлгийн дарга Н.Батцэрэг “Ц. Мөнхтөр мэдээлэл хийхдээ сайд нарыг тодруулж чадахгүй байгаа нь улс төрийн намуудтай ойлголцож чадахгүйтэй холбоотой. Тиймээс сайдад нэр дэвшигчдийн нэрийг ирэх 10 дугаар сарын 1-ны өдөр хүртэл хойшлуулсан гэсэн. Манай бүлгийн зүгээс гацаагаад байгаа юм байхгүй.

Бид дотооддоо асуудлаа аль хэдийн шийдсэн. Ерөнхий сайд сайдад нэр дэвшигчдийнхээ нэрсийг өргөн барина л гэвэл бид өөрсдийн хүмүүсийн нэрийг өгөхөд бэлэн байна” гэж өөрийн “нүүр номоор” дамжуулан мэдэгдсэн.

Тиймээс асуудал намуудад биш засгийн газарт байгаа нь илт байна. Магадгүй хугацаа хожих хэрэгтэйн болов уу. Тэгвэл “юунд” гэдэг нь олон түмний сонирхлыг маш ихээр татаж байгаа юм.