“Аваргуудаа сонсьё” уулзалт “Намрын ногоон өдрүүд”-ээр үргэлжлэв
“Аваргуудаа сонсъё” сэдэвт уулзалтыг ХХААЯ-наас анх удаа зохион байгуулав. Уулзалт өнгөрсөн баасан гаригт боллоо. Уулзалтад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин, Улсын сайн малчид оролцсон юм.
Энэ үеэр өвөлжилтдөө хэрхэн бэлтгэдэг, бэлчээрийн зохицуулалтыг яаж хийдэг, залгамж халаагаа хэрхэх вэ гэх мэтчилэн олон зүйлийг авч хэлэлцсэн. Мал аж ахуйн салбар болоод малчдын талаар төрөөс баримталж байгаа бодлого, үйл ажиллагаа тэдний амьдралд нөлөөлж буй талаар харилцан ярьсан юм.
ХХАА-н сайд Р.Бурмаа “Энэ уулзалтаар мал аж ахуйн салбарт төрөөс явуулж байгаа бодлогыг танилцуулан, харилцан санал солилцоно. Сүүлийн жилүүдэд шүлхий өвчнөөс болж махны экспорт хаагдсан. Зөвхөн дотоодынхоо бүтээгдэхүүнийг хангах болсон. Бид шүлхийгүй тайван бүсийг тогтооё. Эхний ээлжинд тэр газраасаа мах махан бүтээгдэхүүнээ гаргая гэсэн хэлэлцээр амжилттай болж байна” гэв.
Мөн Р.Бурмаа сайд Гавьяат малчин, Улсын сайн малчин зэрэг цол, тэмдгийг эхнэр нөхөрт хоёуланд нь олгож байх санал гаргасан юм. Тэрээр хэлэхдээ “Цаашид Улсын гавьяат малчин, сайн малчин зэрэг цол тэмдгийг эхнэр, нөхөр хоёрт хамтад нь олгохоор ярилцаж байна. Учир нь мал маллах, малынхаа тоо толгойг өсгөх зэрэг нь малчин гэр бүлийн хамтын ажиллагаа байдаг. Тиймээс нэг гэр бүлийн эхнэр, нөхөр хоёрт олгох зүйтэй юм” гэв.
Малчид энэ саналыг дэмжиж байна гэдгээ илэрхийллээ. Хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, Улсын сайн малчдын хувьд залгамж халаа, бэлчээрийн даац, малчдын тэтгэвэр зэрэг тулгамдаж буй асуудлуудаа сайдад танилцуулсан юм.
Энэ үеэр Булган аймгийн Сайхан сумын I багийн малчин Ж.Дамдинсүрэн, Ховд аймгийн Буянт сумын Наран хайрхан багийн малчин Ц.Энхтөр, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багын малчин А.Жанлав нар ийн ярилаа.
Ж.Дамдинсүрэн: Малаа мориороо хариулах хэрэгтэй
-2005 онд мянгат малчин болсон. 2010 онд аймгийн сайн малчин болоод энэ жил Улсын сайн малчны цол хүртсэн. 1200 гаруй толгой малтай. Энэ жил өвс их үнэтэй байна. Гэтэл малын үнэ хямдарсан. Бэлчээрийн даац тун хүнд байгааг анхаарах хэрэгтэй. Мөн усны асуудал тулгамдаж байна. Бэлчээр ашиглах тал дээр малчид зөрчилддөг. Тиймээс судалгаанд үндэслэн газрыг хуваарилах нь зөв гэж боддог. Залуу малчид мал маллахдаа сэтгэлээсээ хандмаар байгаа юм. Мөн малаа мориороо хариулах хэрэгтэй.
Ц.Энхтөр: МАЛЧДЫН ТЭТГЭВЭРТ ГАРАХ ХУГАЦААГ НААШЛУУЛААСАЙ
-Энэ жил зуншлага сайхан болсон. Би 500-гаад бог малтай. Өвлийн бэлтгэлээ сайн хангасан. Манай Буянт сум хадлан ихтэй, бэлчээрийн даац сайтай. Тиймээс өвс тэжээлээ худалдаж авдаггүй. Мал маллана гэдэг амралтгүй, цаг наргүй ажил юм. Мөн малчдын тэтгэвэрт гарах хугацааг наашлуулаасай гэж боддог. Сүүлийн үед залуу малчид ховордож байна. 50-иас дээш насныхан ихэвчлэн мал маллаж байна. Энэ жилийн өвөл хүйтэн болох байх.
А.Жанлав: БЭЛЧЭЭРИЙН ТАЛ ДЭЭР ТӨР ЗАСАГ АНХААРМААР БАЙНА
-Олон жил мал маллаж байна. 360 гаруй адуу 200 гаруй хоньтой. Сүүлийн үед мал маллахад бэлчээрийн ашиглалт хэцүү болсон. Малчид малын бэлчээр булаацалдах явдал их гардаг. Энэ тал дээр төр засгаас анхаарч зохицуулалт хийх хэрэгтэй байна. Малчдын хувьд бэлэнчлэх сэтгэлгээ их болсон байна. Мөн малаа мотоциклиэр хариулдаг болсон нь буруу. Учир нь мотоциклийн чимээнээс мал үргээд идэж чаддаггүй болохоор таргалахгүй. Тиймээс мориороо хариулах нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй.
НАМРЫН НОГООН ӨДРҮҮД
Намрын ногоон өдрүүд-2015” арга хэмжээний нээлтийг хийлээ.
Мөн өчигдөр тус яамнаас “Намрын ногоон өдрүүд-2015” арга хэмжээний нээлтийг хийлээ. Тус арга хэмжээ нь 10 дахь жилдээ зохиогдож буй бөгөөд ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын улсын II зөвлөгөөн”, хүнсний бүтээгдэхүүний “Монгол хүнс-органик хүнс”, шинэ ургацын төмс, хүний ногоо, жимс, жимсгэнийн “Алтан намар” үзэсгэлэн худалдаа болох юм. “Тогооч нарын II зөвлөгөөн” өнөөдөр төрийн ордонд болж байна. Энэхүү зөвлөгөөн нь анх 50 жилийн өмнө болж байсан бөгөөд 1000 тогооч хүндэтгэлийн парадад алхах ажээ.
Жил бүр болдог “Намрын ногоон өдрүүд”-ээр нийслэлийнхэн хямд ногоо худалдаж авдаг уламжлал энэ удаад ч хадгалагдана хэмээн ХХААЯ-ны газрын дарга Ц.Баярмаа хэллээ.
Түүнчлэн үзэсгэлэн худалдаанд хүнсний чиглэлийн 162 аж ахуйн нэгж, иргэд оролцож байна. Шинэ ургацын ногоогоор 18 аймаг, нийслэлийн таван дүүргийн ногоочдын бүлэг, аж ахуйн нэгж, хоршоо, төсөл хөтөлбөрийнхөн 600 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн дэлгэж буй ажээ.
Мөн “Намрын ногоон өдрүүд 2015” үзэсгэлэнгийн үеэр “Амтат талх, алаг бялуу”, “Халуун зайдас, хачиртай хиам” өдөрлөг болох юм.