Хан-Уул дүүрэгт 120 хүүхдийн ортой цэцэрлэг нээлтээ хийлээ
Хан-Уул дүүрэгт 120 хүүхдийн ортой цэцэрлэг нээлтээ хийлээ
2015.10.07

Хан-Уул дүүрэгт 120 хүүхдийн ортой цэцэрлэг нээлтээ хийлээ

“Буянт Ухаа 1” хороололд шинээр байгуулсан 223-р цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ. Тус цэцэрлэг 120 хүүхдийн ортой. Өнөөдрийн байдлаар нийт таван бүлэгт 199 хүүхдийг хамруулаад байгаа юм.

Есдүгээр сарын 15-наас хүүхдүүдээ хүлээн авсан тус цэцэрлэг хичээлийн хоёр байртай. “Буянт Ухаа 1” хорооллын сургуулийн өмнөх насны 455 хүүхдийн 42 хувийг цэцэрлэгт хамруулаад байгаа аж.

223-р цэцэрлэгийн эрхлэгч Э.Тунгалаг хэлэхдээ, "Төрийн орон сууцны корпораци цэцэрлэгийн хоёр байрыг нийслэлд худалдсан. Албан ёсоор наймдугаар сарын 12-ны өдөр цэцэрлэгийн байраа хүлээн авсан. Харин есдүгээр сарын 15-наас хичээллэж эхэлсэн. Бид хамран сургах тойргийнхоо хүрээнд 199 хүүхдийг цэцэрлэгийн боловсрол эзэмшүүлэхээр болоод байна" гэсэн юм.

Цэцэрлэгийн тоног төхөөрөмж, тоглоом хэрэгсэл, гудас хөнжлийн асуудлыг төрийн байгууллага болон эцэг эхчүүдийн тусламжаар бүрдүүлсэн байна.

Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 39 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүгээр цэцэрлэгийн хоёр байрны гал тогооны иж бүрэн хэрэгсэл, хөгжим зэргийг авчээ. Харин эцэг эхчүүдийн тусламжаар хүүхдийн гудас, ор дэрний даавууг авч, ариун цэврийн өрөөг тохижуулжээ. 

/ТВ5/

Тус цэцэрлэг 27 багш, ажилчидтай. Нийслэлийн боловсролын газар, тус цэцэрлэгийн шалгалтаар дээрх ажилчдыг сонгон шалгаруулсан байна.

Тус цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн сурагчийн ээж “Өнгөрсөн жил 1-р хороолол руу хүүхдээ зөөдөг байсан. Манай хороо цэцэрлэггүй байсан учраас өөр арга байгаагүй. Цэцэрлэгийн хүүхдийн тоо хэмжээнээсээ хэтэрсэн юм шиг байна лээ. Гэхдээ хүүхдээ хол зөөхгүй гэрийнхээ хажууд цэцэрлэгт өгөх болсонд баяртай байна” гэлээ.

Хан-Уул дүүрэгт төрийн өмчийн 25, бус өмчийн 62 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сургуулийн өмнөх боловсролын насны нийт хүүхдийн 80 хувийг цэцэрлэгт хамруулаад байгаа аж. Ирэх хичээлийн жилд нэмж хоёр цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэдгийг Хан-Уул дүүргийн боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг хэлсэн юм.

Хан-Уул дүүрэг ийнхүү цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байсан 200 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгох боломжтой боллоо.

Хан-Уул дүүрэгт 120 хүүхдийн ортой цэцэрлэг нээлтээ хийлээ