Ахмадуудын үндэсний II зөвлөгөөн боллоо
Ахмадуудын үндэсний II зөвлөгөөн боллоо
2015.10.19

Ахмадуудын үндэсний II зөвлөгөөн боллоо

Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яам /ХАХНХЯ/-наас Төрийн ордонд “Ахмад настны хөгжил хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” Үндэсний II зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Монгол Улсын хувьд нийт хүн амын 10 шахам хувийг ахмад настнууд эзэлдэг байна. 2013 онд Дархан хотноо зохион байгуулагдсан “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндэсний анхдугаар зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, санаачлагын хэрэгжилтийг энэ удаагийн зөвлөгөөнөөр дүгнэн хэлэлцэж байгаа юм.

Түүнчлэн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны талаар тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүх түвшний бодлого үйл ажиллагааг идэвхжүүлэхэд энэхүү зөвлөгөөний гол зорилго оршиж буй юм. Манай улсын тэтгэвэр авдаг нийт настны 51,4 хувь нь 64 хүртэл, 17,3 хувь нь 65-69, 31,3 хувь нь 70-аас дээш насныхан байдаг аж. Өрхийн тэргүүлэгч долоон мянга шахам эрэгтэй, 14,6 мянган эмэгтэй ганц биеэр амьдарч байна.

Хүн амын орон сууцны тооллогоор улсын хэмжээнд 2010 онд 60-аас дээш насны 151159 настан байсны 68,2 хувь нь хотод, 31,8 хувь нь хөдөөд амьдарч байна. Тэтгэвэрийн хэмжээг нь авч үзвэл 60,8 хувь нь 201000-300000 төгрөг, 16,1 хувь нь 301000-400000 төгрөг, 3,3 хувь нь 600000-аас дээш төгрөгийн тэтгэвэр авдаг бөгөөд 66,4 хувь нь тэтгэвэрийн зээлтэй, 71,1 хувь нь зөвхөн тэтгэвэрийн орлого, буцалтгүй тусламж дэмжлэгээр амьдарч байна гэсэн судалгаа хийжээ. Зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд, доктор С.Эрдэнэ үг хэллээ. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын мэндчилгээ, илгээлтийг уншиж танилцуулсан юм.

УИХ-ын дарга З.Энхболд “Монгол  Улсын Их Хурал хүн амын насжилт, ахмад настны талаар баримтлах бодлого, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө бололцоотой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ. Зөвхөн 2015 онд гэхэд Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орууллаа.   Мөн “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого”, Ахмад настны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай,  Хамтын тэтгэврийн тухай, Хөдөлмөрийн тухай, “Баялгийн сангийн тухай” зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэж Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд шийдвэрлэхийн төлөө ажиллах болно.

Ахмадуудад зориулсан тогтвортой ажлын байр бий болгох, хувиараа  хөдөлмөр эрхлэхийг нь дэмжих эрх зүйн болон санхүүгийн боломжит орчныг бүрдүүлж, ахмад настныг ажлын байраар хангаж буй, тэдний нийгмийн хамгаалал,  алдагдсан чадварыг нөхөн сэргээж сувилах талаар санаачилга гарган ажиллаж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийг урамшуулдаг эдийн засгийн хөшүүргийг ч хуульчлах шаардлага гарч байна” гэлээ.

АХМАДУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ АСУУДЛЫГ ХУУЛЬЧИЛЖ ӨГӨХ ЁСТОЙ

Энэ удаагийн зөвлөгөөний талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн байр суурийг сонирхлоо.

-Ахмад настны хөгжил хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” Үндэсний хоёрдугаар зөвлөгөөнөөр ямар асуудлуудыг түлхүү хэлэлцэх вэ. Анхдугаар зөвлөгөөнөөс хойш ахмад настан руу чиглэсэн ямар, ямар ажлууд хийсэн бэ?

Ахмадуудын үндэсний II зөвлөгөөн боллоо

-Гурван жилийн өмнө анхдугаар зөвлөгөөнөө Дархан-Уул аймагт хийж байсан. 600 гаруй төлөөлөгч оролцож байсан. Юуны өмнө ахмад настны нийгмийн хамгаалал, эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилт дэвшүүлсэн. Энэ чиглэлээр өнгөрсөн гурван жил чамгүй ажлууд хийлээ. Өнөөдөр улс орны эдийн засаг, нийгмийн байдал хүнд байгаа ч гэсэн бид ахмад настан руу чиглэсэн ажлууддаа анхаарч ирсэн.

Нэгдүгээрт, ахмад настны нийгмийн хамгааллын асуудал туйлын чухал. Өнөөдөр ахмад настны эрүүл аюулгүй амьдрах, хөгжих, мөн эрхээ хамгаалуулах тэр боломжийг бүрдүүлэх, хоёрдугаарт ахмад настны нийгмийн хамгаааллын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хэд, хэдэн хуулийн төслүүдийг гаргасан. Тухайлбал тэтгэвэрийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлуулсан.

Өнөөдөр нэг шатлалтай тогтолцоо маань ахмадуудын нийгмийн шаардлага хэрэгцээг хангаж чадахгүй байгааг хүн бүр мэдэж байгаа. Дараа, дараагийн жилүүдэд тэтгэвэр, тэтгэмжийн хүрэлцээ маань ахмад настны амьжиргааг хангасан түвшинд яаж хүргэх вэ гэдэг бодлого чухал байгаа. Одоогийн байгаа тэтгэвэрийн бодлого, тэтгэвэрийн хуулийг өөрчлөх, нэг шатлалтай тогтолцоог, олон шатлалтай тогтолцоо руу шилжүүлэх суурь тэтгэвэрийг бий болгох гээд олон алхамуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Хоёрдугаарт,  ахмад настны эрхийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Ахмад настны эрх хамгийн их зөрчигдөж байгаа. Тиймээс ахмад настны эрхийг хамгаалах тухай хууль зайлшгүй шаардлагатай байна. Насан туршийн боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх зэргийг хуульчилж өгөх ёстой.

Гуравдугаарт, ахмад настны эрүүл байх, ахмад настны эрүүл мэндийг нөхөн сэргээх чиглэлээр ажиллаж байна. Хуучин Батсүмбэрийн ахмадын асрамжийн газрыг Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв болгож өөрчлөөд нэлээдгүй тэрбумын хөрөнгө оруулалт хийлээ. Үүний үр дүнд хуучин ахмадын асрамжийн газар бүрэн шинэчлэгдэж чадлаа. Ахмад маань аятай, тухтай амьдрах бололцоог бүрдүүлж өгч чадсан. Мөн дэргэд нь нөхөн сэргээх, эмчилгээ, сувилгааны төвийг бүсчилж байгуулахаар төлөвлөсөн. Үүний үр дүнд 350-450 ортой сувиллын төвийг 12 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ер нь бүсчилсэн сувиллын төвийг таван газар байгуулна. Дээр нь ахмад настны насан туршийн хуримтлалыг гэр бүлд нь үлдээх эрхзүйн зохицуулалтыг хийх зорилгоор Хамтын тэтгэвэрийн тухай хуулийг өргөн барьсан. Удахгүй энэ хууль маань хэлэлцэгдэнэ.

700 ГАРУЙ АХМАД ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОВ

/25-р суваг/

ХАХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан энэхүү арга хэмжээний талаар “Энэ удаагийн чуулганд 21 аймгийн есөн дүүргийн 700 гаруй ахмадууд хүрэлцэн ирсэн байгаа. Эрхзүйн орчны хүрээнд, хөрөнгө оруулалтын хүрээнд мөн нийгмийн халамж, хамгааллын хүрээнд хийгдсэн ажлууд олон байна. Эрхзүйн орчны хүрээнд 2012 онд ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцогдох тухай хууль батлагдсан.

Энэ хуулийн хүрээнд 60 гаруй мянган ахмад хамрагдсан. Мөн нийгмийн даатгалын багц хуулинд нэмэлт өөрчлөлт орсон. Тэтгэвэрийн талаар батлах баримтыг батласан. Тэтгэвэрийн шинэчлэлийн хүрээнд тэтгэвэрт гарахад нь ахмад настныг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлье гэсэн олон асуудлууд байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ахмад настнуудын үндэсний сүлжээ байгуулах, тэдэнд зөвлөгөө өгөх зорилт дэвшүүлэгдсэн. ХАХНХЯ, Хөдөлмөрийн яамтай хамтраад энэ хөтөлбөрийг батлаад хэрэгжүүлж байна.

Өнөөдөр 240 гаруй мянган ахмад настан байгаагаас 30-40 хувь нь хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг.

Хөдөлмөрийн бирж дээр сүлжээ бий болгоод явж байна. Өнөөдөр 240 гаруй мянган ахмад настан байгаагаас 30-40 хувь нь хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг. Өнөөдөр 12 гаруй мянган ахмад хөдөлмөр эрхлэж байгаа гэсэн судалгаа бий. Цаашид үүнийг боловсронгуй болгохын тулд тэтгэвэрт гарах нас нь болж байгаа хүнийг тухайн байгууллага нь Хөдөлмөрийн төв биржийн сүлжээнд бүртүүлбэл илүү олон ахмад тэтгэвэрт гараад ажлын байртай болох боломжтой” гэлээ.