Цаазаар авах ялын эсрэг дэлхийн өдөр
Зарим улс орнууд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт цаазаар авах ял ногдуулж олон улсын хуулийг зөрчсөөр байна.
Дэлхийн зарим улс орнууд “мансууруулах бодистой дайтах” хэрэгсэл болгон цаазаар авах ялыг оногдуулж, гүйцэтгэсээр байгаа нь олон улсын хуулийг зөрчиж буй явдал гэж Эмнести Интернэшнл Цаазаар авах ялын эсрэг дэлхийн өдрөөр онцолж байна.
Мансууруулах бодистой холбогдох гэмт хэрэгт цаазаар авах ялыг цөөнгүй улс хэрэглэж байгаа ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хятад, Индонез, Иран, Малайз, Саудын Араб зэрэг 11 улсад мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт цаазаар авах ялыг оногдуулж, гүйцэтгэсэн байна.
Эмнести Интернэшнлийн цаазаар авах ялын асуудлаарх шинжээч Киара Санжиоржо “цаазлах нь мансууруулах бодист донтох явдлыг зогсоох, ба энэ төрлийн гэмт хэргийг бууруулна гэсэн ухвар мөчид ойлголт, үзэл хандлагатай олон орон зууралдсаар байна. Мансууруулах бодист донтож эмчилгээ шаардлагатай болсон хүмүүст цаазаар авах ял байгаа эсэх нь огт хамаагүй байдаг.
Малайз улсад мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт цаазаар авах ялыг сонголтгүйгээр шууд оногдуулж байгаа нь сэтгэл түгшээсэн зүйл болж байна. 200 грамм олсны ургамал авч явсан 19 настай Шахрул Супарман мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт шууд буруутгагдаж, заавал оногдуулах цаазаар авах ялаар шийтгэгдээд байна.” хэмээв.
Олон улсын хуулиар хүний амыг санаатайгаар бүрэлгэсэн “онц хүнд гэмт хэрэг”-т цаазаар авах ял оногдуулахаар хязгаарласан. Олон улсын хуулиар энэхүү заалтыг хүртэл устгах зорилго тавин ажиллаж байна.
Мансууруулах бодис тээвэрлэх, үүнийг ихээр хэрэглэх явдалтай тэмцэх арга зам нь цаазаар авах ял гэж тайлбарлаж байгаа улс орнууд мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, эмчилгээ хийлгэх боломжтой байх, мансууруулах бодис хэрэглэснээс амь насаа алдах эрсдэлээс хамгаалах, халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зэргээр олон нийтийн эрүүл мэнд, хүний эрхийн асуудалд илүү анхаарал хандуулах нь илүү үр дүнтэйг баталсан нотолгоог үл ойшоож байна.
Тухайлбал Индонез улсад ерөнхийлөгч Жоко Видодогийн засгийн газар “Үндэсний хэмжээнд мансууруулах бодисын улмаас онц байдал” үүсэхээс сэргийлэхийн тулд цаазаар авах ялыг хэрэглэнэ хэмээн онцолсон. Тус улс 2015 онд мансууруулах бодистой холбогдох хэргээр 14 хүнд цаазаар авах ял оногдуулаад байгаа бөгөөд засгийн газар нь тус хэргээр яллагдагсдын өршөөл хүссэн өргөдлийг авч хэлэлцэхгүй хэмээн мэдэгджээ.
Индонез, Иран, Саудын Араб зэрэг улсад мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсод өмгөөлүүлэх эрхээ эдлэж чадахгүй, эрүүдэн шүүж, зүй бусаар харьцаж бүрдүүлсэн нотолгоог “хэргээ хүлээн зөвшөөрсөн” болгож, яллаж байна.
“2016 оны 4 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн зөвлөлдөх байгууллага мансууруулах бодисыг хянахад дэлхийн хэмжээнд чухалчлан авч үзэх асуудлыг хэлэлцэх Тусгай хуралдаан зохион байгуулах юм. Энэхүү хуралдаанаар гишүүн орнуудаа олон улсын хүний эрхийн хуульд нийцсэн үндэсний болон олон улсын хэмжээний мансууруулах бодисын талаархи бодлогыг санал болгохоор зорьж байна. Тэгэхээр улс орнууд нь цаазаар авах ялыг бүрэн халах зорилгоор авч хэрэгжүүлэх эхний алхам болгон мансууруулах бодистой холбогдох гэмт хэрэгт тус ялыг хэрэглэхээ зогсоох шаардлагатай болно” гэж Киара Санжиоржо мэдэгдлээ.
Холбогдох мэдээлэл
Эмнести Интернэшнл 2014, 2015 онд дараах улсуудад мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт цаазаар авах ял оногдуулж, гүйцэтгэж байгааг баримтжуулжээ. Үүнд: Хятад, Индонез, Иран, Кувейт, Малайз, Саудын Араб, Сингапур, Шри Ланк, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Вьетнам зэрэг улс орж байна.
Өнөөдрийн байдлаар 30 гаруй улсад мансууруулах бодис тээвэрлэсэн, биедээ авч явсан зэрэг олон хэрэгт цаазаар авах ял хэрэглэж байна.
Эмнести Интернэшнл нь цаазаар авах ялыг бүх тохиолдолд буюу гэмт хэргийн мөн чанар, нөхцөл байдал, хувь хүний гэм буруутай эсэх, цаазаар авах ялыг гүйцэтгэдэг арга хэрэгслээс үл хамааран эсэргүүцдэг. Цаазаар авах ял нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан амьд явах эрхийг зөрчиж байна. Энэ нь харгис, хүнлэг бус, хүний нэр төрийг гутаан доромжилсон шийтгэл юм.
Нэмэлт мэдээлэл – Улс орнуудын жишээ
• Хятад өнгөрсөн онд цаазаар авах ялыг дэлхийн бусад орнуудаас илүү оноосон боловч холбогдох тоо баримт улсын нууцад тооцогддог тул тодорхой дурдах боломжгүй юм. Баталгаат эх сурвалжийн мэдээлснээр цаазаар авах ялаар шийтгэгсдийн нилээд ихэнхи нь мансууруулах бодистой холбогдох хэргээр яллагдсан байна. Хятад улс сүүлийн жилүүдэд цаазаар авах ял оногдуулах гэмт хэргийнхээ тоог бууруулж, цаазаар авах ялыг хэрэглэхээ багасгах алхам авч эхэлсэн ч мансууруулах бодистой холбогдох гэмт хэрэгт цаазаар авах ял оногдуулах нь хэвээр үлдсэн.
• Индонез 2015 онд 14 хүнийг цаазалсан нь бүгд мансууруулах бодис тээвэрлэсэн хэргээр яллагдсан байв. Энэ нь хэдхэн жилийн өмнө бусад улсад цаазаар авах ял сонссон Индонез иргэдийн цаазаар авах ялыг нь хөнгөлөхийг эрэлхийлсэн оролдлого гаргаж байснаасаа ухарсан явдал боллоо. Индонез улс шударга бус шүүх ажиллагаа явуулж, эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэн цаазаар авах ял оногдуулж байна.
• Иран улс цаазаар авах ялыг олноор оногдуулдагаараа Хятад улсын дараа ордог ба сүүлийн арван жилд олон мянган хүнийг мансууруулах бодистой холбоотой хэргээр цаазаллаа. Иранд 30 грамм героин юмуу, кокайн биедээ авч явсан хүнийг цаазалдаг хатуу хуультай орон юм. 2015 онд 700 гаруй хүнийг цаазалсаны дунд гадаадын иргэд, нийгэм – эдийн засгийн гарвалаараа гадуурхагдсан хүмүүс их байв.
• Maлайз мансууруулах бодис тээвэрлэсэн хэрэгт цаазаар авах ялыг сонголтгүйгээр оноодог. Хууль бус бодис биедээ авч явсан нь илэрсэн хүмүүс шууд мансууруулах бодис тээвэрлэсэн хэргээр яллагдаж цаазаар авах ял сонсдог. Малайз улс цаазаар авах ялыг гүйцэтгэснээ олон нийтэд мэдэгддэггүй ч Эмнести Интернэшнл мониторингийн явцад цаазаар авах ял сонссон хүмүүсийн тал хувь нь мансууруулах бодис тээвэрлэсний улмаас яллагдсаныг олж тогтоосон.
• Саудын Араб улс сүүлийн гурван жилд цаазаар авах ялыг мансууруулах бодистой холбоотой хэрэгт оногдуулах нь нэмэгдсээр байна. 2014 онд цаазлуулсан 92 хүний тал хувь нь мансууруулах бодистой холбогдсон хэргээр шийтгэгджээ. Шүүх тогтолцоонд шударгаар шүүлгэх үндсэн эрхийг хамгаалах хамгаалалт байдаггүй. Цаазаар авах ялыг шударга бусаар шүүн хэлэлцэж оногдуулсаныг зарим тохиолдолд нууцласан байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
Amnesty International"s press office in London, UK,
+44 20 7413 5566 or +44 (0)777 847 2126
email: press@amnesty.org twitter: @amnestypress
International Secretariat, Amnesty International, 1 Easton St., London WC1X 0DW, UK