Хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд нийслэлд их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй
Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал
2015.10.19

Хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд нийслэлд их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй

Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал:

 -Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө”,  Засгийн газрын 2014 оны 118 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г тус тус баталсан.

Дээрх төлөвлөгөөнүүдийн хэрэгжилтийг Монгол Улсын Шадар сайдын тэргүүлдэг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий байнгын ажиллагаатай зөвлөл хариуцан ажиллаж байна.

Улаанбаатар хотоос 200-400 км-ын тойрог (Булган аймгийн Могод, Дундговь аймгийн Дэрэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум)-т газар хөдлөлтийн идэвхитэй голомт байдаг бөгөөд хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд нийслэл хотод их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй.  

Дээрх бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн аюулыг амжиж анхааруулах системийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2012-2014 онд байгуулан ашиглаж байна. Энэхүү систем нь газар хөдлөлтийн голомтод чичирхийлэлт мэдрэх 12 станцаас хүлээн авсан мэдээллийг боловсруулж 30 секундын дотор Улаанбаатар хотын есөн дүүрэгт байрлуулсан дуут дохиоллын 60 цамхаг болон 10 радио, гурван телевиз, үүрэн холбооны хоёр оператороор дамжуулан иргэд, олон нийтэд зарлан мэдээлэл хүргэнэ.

2013 онд Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс хамгаалах чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийсэн. 

Энэхүү үнэлгээгээр 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй бөгөөд нийт барилга байгууламжийн 22-50 хувьд эвдрэл, гэмтэл, нуралт үүсч, 30-60 орчим мянган хүн нэрвэгдэх тооцоо гарсан. Нийслэлд нийтийн орон сууцны 3133 барилга байгаа бөгөөд 2011 оноос хойш Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 413 барилгад газар хөдлөлт тэсвэрлэх байдал, чанарыг шалгах үзлэг шалгалт хийж паспортжуулан, мэдээллийн санд оруулсан.

Энэ ажлын хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй 166 барилга байгааг тогтоосноос 85 барилгыг дахин төлөвлөх шийдвэр гаргаж, үүнээс 42 барилгыг буулган шинэчилж барих ажил эхэлсэн. Дээрх үзлэг паспортжуулалт хийсэн барилгаас 74 барилгыг хүчитгэн ашиглах боломжтой. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2012 онд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 656 сургууль, 686 цэцэрлэгийн барилгын ашиглалтын төлөв байдалд үзлэг хийж газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй 78 сургууль, 103 цэцэрлэгийн барилга байгааг тогтоосон. Үүнээс нийслэлийн хэмжээнд  үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 27 сургууль, 51 цэцэрлэгийн барилга шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан. 

Энэхүү дүгнэлтийг үндэслэн 9 цэцэрлэгийг буулган шинэчлэн барьж, 8 цэцэрлэгийг буулгаж шинээр барихаар төлөвлөж, 4 цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, 6 сургуулийн барилгыг буулган, шинээр барьж, 4 сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 512 эмнэлэг, 401 театр, музей, соёлын төв, номын сан, биеийн тамирын танхимд газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй байна. Газар хөдлөлтийн гамшгийн үед Улаанбаатар хотын 285000 хүнийг 47 түр байрлалд цуглуулан, зургаан чиглэлийн 24 байрлалд нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөн НИТХ-ын тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолоор баталгаажуулсан.