Өршөөлөөр суллагдах орон гэргүй хүмүүст нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно
Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын дөрөв дэх удаагийн хуралдаа
2015.11.02

Өршөөлөөр суллагдах орон гэргүй хүмүүст нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын дөрөв дэх удаагийн хуралдаан Төрийн ордонд боллоо.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд дараах нэмэлт орууллаа. Үүнд:

1.Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн 3 зүйл ангийг нэмсэн:

       1/Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/

       2/Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг/

       3/Танхайрах /Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг/ гэмт хэргийг нэмсэн.

2.Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад 6 зүйл ангийг нэмсэн:

        1/Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг/

        2/Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах /Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл/

         3/Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх /Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл/

         4/Хээл хахууль авах /Эрүүгийн хулийн 268 дугаар зүйл/

         5/Хууль бусаар хөрөнгөжих /Эрүүгийн хуулийн 2701 дугаар зүйл/

         6/Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах /Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйл/.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс дагаж мөрдөх юм гэлээ.

Хуулийн хэрэгжилтийг цаг алдалгүй шуурхай зохион байгуулахад комиссын гишүүд анхаарч, өөрсдийн байгууллагын чиг үүргийн дагуу холбогдох баримт материал, тооцоо судалгааг яаралтай бүрдүүлж ирэх долоо хоногт бэлэн болгохоор боллоо.

Өршөөлийн хуулийн дагуу хорихоос суллагдаж байгаа орон гэргүй хүмүүст Засгийн газрын 185 дугаар тогтоолын дагуу нэг удаагийн тусламж үзүүлнэ.

Түүнчлэн суллагдсан иргэдийг ажлын байраар хангах асуудлыг холбогдох яамдад тавьж шийдвэрлүүлэх, орон нутгийн төр захиргааны байгууллага,  аж ахуйн нэгжүүдийн анхаарлыг чиглүүлэх нь зүйтэй гэж тогтов.

Комиссын хуралдаанд комиссын дарга, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, орлогч дарга, Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, нарийн бичгийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү, комиссын гишүүд болох УИХ-ын С.Дэмбэрэл, Ц.Оюунгэрэл нар болон комиссын бусад гишүүд оролцлоо.