"Төрийн банкийг хувьчлах нь буруу"
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.11.03

"Төрийн банкийг хувьчлах нь буруу"

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдааны хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар Төрөөс баримтлах мөнгөний бодлого, ирэх оны төсвийн тухай хууль, түүний дагалдах хуулиуд, шилэн дансны хуулийн хэрэгжилт, Халх голд чөлөөт бүс байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Тус бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийхдээ "Манай намын зүгээс Монголбанкны боловсруулсан төрөөс баримтлах мөнгөний бодлогыг хэт ерөнхий шинжтэй гэж үзэж байгаа. Вальютийн үнийг барих  асуудал тодорхой тусаж өгөөгүй зэрэг холбогдох саналуудаа нэгтгэсэн гэлээ. 

Мэдээллийн үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос дараах тодруулгыг авлаа.

 - Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих асуудалд танай бүлгээс нэг ч гишүүн гарын үсэг зураагүй талаар мэдээлэл байгаа. Бүлгээс Үндэсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа юу? 

- Бид Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ өргөн баригдаагүй асуудалд бид одоогоор байр сууриа илэрхийлээд байх албагүй гэж харж байна. 

УИХ-ын  50 гишүүн Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж гарын үсэг зурах учиртай гэгдээд байгаа? 

- УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд нэг гишүүн ч энэ саналыг гаргаад, хуулийн төслөө боловсруулаад явах боломжтой. Заавал 50 гишүүний гарын үсэг цуглуулах шаардлагагүй. 

Төрийн банкны хувьчлалын асуудалд танай бүлэг ямар байр суурьтай байгаа бэ? 

-  Монголд улсад өнөөдөр арилжааны банкуудын зээлийн систем доголдож эхэлсэн. Чанаргүй зээлийн үзүүлэлтүүд ихсэж байна. Банкны зээлийн системийг бид илүү боловсронгуй болгож, үйлдвэрлэлийн томоохон төслүүдийг санхүүжүүлдэг чадамжтой болгох хэрэгтэй. 

Тэр ч үүднээс төрийн банкийг бид хувьчлах нь буруу гэж харж байгаа. Нийгмийн даатгалын 500 гаруй тэрбум төгрөг арилжааны банкуудад маш бага хүүтэй хэвтэж байна. Энэ мэт мөнгөө Төрийн банкинд байршуулж, тэтгэврийн даатгалын санг идэвхжүүлэх, бусад нийгмийн халмжийн бодлогыг боловсронгуй болгоход зарцуулах хэрэгтэй гэж бид үзэж байгаа.