Ө.Энхтүвшин: З.Энхболд Ерөнхийлөгчийн үгийг ч тоохгүй байна
2012.09.07

Ө.Энхтүвшин: З.Энхболд Ерөнхийлөгчийн үгийг ч тоохгүй байна

-УИХ дахь МАН-ын бүлгийг байгуулах асуудал ямар төвшинд явж байна вэ. Энэ асуудлаар ямар нэгэн ойлголцолд хүрсэн үү?
-Бүлэг бол байгуулагдчихсан шүү дээ. Үндсэн хуульд УИХ-ын сонгуулийн дүнгээр бүлэг байгуулагдана гээд заачихсан байгаа. Мөн энэ заалтаа тодотгоод УИХ-д наймаас дээш суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулна гэдэг заалт бий. Одоогоор манай нам УИХ-д 25 суудалтай байгаа. Харин одоо бүлэг байгуулагдсан тухай зарлах асуудал л үлдээд байгаа юм. Ер нь бол бүлэг байгаа гэсэн үг. Бүлгийг хэн нэгэн дарга байгуулж өгдөг ч юм биш. З.Энхболд гэдэг дарга байгуулъя гэвэл байгуулдаг, дургүй нь хүрвэл больдог асуудал биш. Өөрөө Үндсэн хуулийн дагуу УИХ-ын даргаар сонгогдсон гэж ярьсан байна лээ. Үнэхээр Үндсэн хуулийн дагуу сонгогдсон юм бол Үндсэн хуульд заасан УИХ-ын даргын хийх ёстой ажлуудыг яагаад хийхгүй байна вэ. Энэ үүднээс нь бид Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Цэцэд ухаантай, хуулийг баримталдаг улсууд байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр удахгүй шийдвэрээ гаргах биз.
-Бүлэг байгуулсан тухайгаа 24 цагийн дотор УИХ-ын даргад мэдэгдэх тухай заалтыг өөрчлөхөөр С.Дэмбэрэл, Ц.Цолмон гишүүн УИХ-ын тухай хуульд еөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Үүнийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүйг юу гэж ойлгож байгаа вэ. Уг нь УИХ-ын дарга ийм агуулгатай хуулийн төсөл өргөн барьсан тохиолдолд хэзээ ч хэлэлцэхэд бэлэн гэж хэлсэн шүү дээ?
-Ер нь хэлэлцэх хүсэлгүй байсан юм байна гэж ойлгож байгаа. УИХ-ын даргын хэлсэн үг бол зүгээр л худлаа үг байж. Хуулийн төсөл өргөн барьчихвал аль ч чуулганар хэлэлцэж болно гэсэн. Гэтэл анхдугаар чуулган, ээлжит бус чуулганаар хэлэлцсэнгүй. Тэгэхээр худлаа хэлж байсан юм байна гэж ойлгохоос өөр арга алга. Ер нь 24 цагийн дотор гэдэг хуулийн заалт тээг болоогүй юм байна. Харин МАН-ын оролцоогүйгээр намдаа тохируулсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлаад авъя гэсэн бодолтой байгаа юм байна. Ганцхан Орон нутгийн сонгуулийн тухай хууль ч биш бүлэг завсарлага авахтай холбоотой хуулийн заалтыгч хэлэлцэх хүсэлтэй байж. Бүлэг хугацаагүйгээр завсарлага авдаг хуулийн заалтыг АН дөрвөн жил ашигласан. Гэтэл одоо МАН-ын бүлгийг байгуулагдахаас өмнө завсарлага авахыг хугацаатай болгоё гэсэн санаатай байгаа юм байна. Энэ санаагаа хэрэгжүүлсэнийхээ дараагаар манай намы бүлгийг байгуулж өгөх  байх. Байгуулж өгөхгүй гээд ч яахав дээ. үндсэн хуулийн заалттай юм чинь.
-МАН-ынхан үнэхээр бүлэгтэй болмоор байгаа юм бол өөрсдөө хуулийн төслөө санаачлаад ир гэдэг санал тавьсан гэх юм. Энэ үнэн үү?
-Үндсэн хуулийн зөрчил байна гэдгийг хараад, 25 суудалтай намд бүлгийг нь байгуулж өгөхгүй байгаа нь хууль бус үйлдэл гэж дүгнээд хөндлөнгеес хэдэн гишүүн хуулийн төсөл өргөн барьсан. Ийм байхад бид дахиад хуулийн төсөл өргөн барих нь утгагүй. МАН-ын гишүүн өргөн баривал хэлэлцэнэ. Өөр гишүүн өргөн баривал хэлэлцэхгүй гэсэн заалт хаана ч байхгүй. Хэлэлцэх хүсэл үнэхээр алга. Харин хүч түрээд явъя, бид чадна гэсэн бодолтой юм байна. Ингээд хэр хол явахыг нь харж л байя. Бүлэг байгуулагдахгүй байгаагаас болоод 25 хүний эрх ашиг хохироод байж ядаад байгаа юм алга. Харин ард түмний эрх ашиг хохирч байна. Түүнийг тэд нар ойлгодог уу, үгүй юм уу. Ер нь УИХ-ын дарга бол ганцаараа шийдвэр гаргадаг этгээд биш. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж надтай уулзахдаа "Би З.Энхболдод УИХ-ын дарга бол үнэнийг тогтоодог хүн биш шүү. Гишүүдийн үзэл бодлыг нэгтгэж, шийдвэр гаргах боломжийг хангадаг хүн шүү гэж хэлсэн" гэж ярьсан. Гэтэл өнөөдөр энэ хүний байж байгаа байдал нь үнийг тогтоогч болж хувираад байна. Ерөнхийлөгч үнэн хэлсэн бол Ерөнхийлегчийн үгийгч тоохгүй л байгаа юм байна.
-АН-ын нэлээд туршлагатай гишүүн Р.Гончигдорж "МАН бүлэг байгуулах эрхээ өөрсдөө эдлээгүй. Бүлэг байгуулж эрхээ эдэлмээр байгаа бол зөвлөл болоод ажиллах хэрэгтэй. Бид зөвлөл болоод ажиллаж байсан" гэдэг тайлбар хэлж байна лээ?
-2004 онд АН эвсэл байгуулж сонгуульд орсон шүү дээ. Тэр эвсэл нь жилийн дараа задарсан. Хуульд сонгуульд оролцсон эвсэл задарвал бүлэг байгуулах боломжгүй гээд заачихсан байгаа. 2004-2008 оны үед эвсэл нь задрахад зөвлөл байгуулж өгч байсан юм. Харин одоо тэр өс хонзонгоо санаж биднээс хариугаа авна гэж үзээд байгаа юм. Уг нь төрийн ажлыг өс хонзон бодож хийдэггүй юм. Ялангуяа, Р.Гончигдорж гишүүний амнаас ийм үг гарсанд харамсч байна. Ийм байдлаар хол явахгүй дээ.
-Р.Гончигдорж гишүүн бас нэг жишээгээр тайлбарласан. Юу гэхээр, иргэд тодорхой заасан хугацаанаас өмнө Тавантолгойн хувьцаа, бэлэн мөнгө хоёроос сонголтоо хийсэн. Тухайн үед хувьцаа авах сонголт хийсэн хүмүүс одоо бэлэн мөнгө авах боломжгүй. Ингэлээ гээд эрх зөрчигдлөө гэж заргалдах ч боломжгүй. 24 цагийн дотор бүлгээ байгуулах асуудал нь үүнтэй л адилхан хуулийн заалт шүү дээ гэсэн?
-Энэ бол өөр асуудал. Үндсэн хуульд сонгуулийн дүнгээр бүлэгбайгуулагдана гээд заачихсан шүүдээ. 24 цаг гэдэг бол бүлгээ байгуулах хугацааны доод хязгаарыг зааж өгч байгаа юм. 24 цагийн дотор бүлэг байгуулах тухайгаа мэдэгдээгүй бол бүлэггүй болно гэдэг заалт аль ч хуульд байхгүй. Хоёрдугаарт, бид хууль бусаар томилогдсон З.Энхболд гэдэг хүнд бүлэг байгуулсан тухайгаа өргөн барихгүй гэдгээ 24 цагийн дотор багтаагаад УИХ-ын Тамгын газарт өгсөн. Бид ганцхан Үндсэн хуулийг л баримтална. Үндсэн хуулийн Цэц эрх биш ийм илт байгаа зөрчлийг ойлгох байлгүй дээ. Үүний төлөе УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийг байгуулж, Үндсэн хуулий дээд манаач гэж үзэн хэдэн хүнийг суулгасан шүү дээ. Ийм зүйлийг шийдэж чадахгүй бол Цэцтэй байхын ч хэрэггүй.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.