УИХ-ын гишүүн, Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2012.09.06
С.Эрдэнэ: Хүн зодож бай гэж хурандаа цолыг олгодог юм уу
УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Ажилласан жил,тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуулийг баталлаа. Хэзээнээс хэрэгжиж эхлэх билээ?
-Батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр үйлчилнэ. Аймаг, нийслэлийн Нийгмийн даатгалын салбар руу хуулийн дагуу удирдамж очно. Үүний дагуу ажил явна. Иргэдийн хувьд хуульд заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлснээр хамрагдах боломжтой.-Нэг хүн дунджаар хичнээн төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр байгаа вэ?
-Бидний хийсэн тооцоогоор нэг хүн дунджаар 87-90 мянган төгрөг төлөх юм билээ. Энэ бол харьцангуй боломжийн мөнгө гэж үзэж байгаа.-Та өөрөө нийгмийн хамгааллын салбарыг толгойлж ажиллахаар болж байна. Энэ салбарт юу хийхээр төлөвлөөд байгаа вэ?
-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Өмнө нь хүний хөгжлийн асуудлыг салгаж авч үздэг байсан. Харин одоо хүн амын хөгжлийн бодлогыг цогцоор нь авч үзнэ. Хүн амын хөгжлийн цогц бодлогын суурь нь гэр бүл юм. Гэр бүлээс хамааралгүй хүн гэж байдаггүй шүү дээ. Манайд хүүхэд, эхчүүдийн талаар авч хэрэгжүүлэх бодлогыг бусдаас нь салгаж ойлгох гээд байдаг тал бий. Тиймээс нийгмийн бүлгүүдийн талаар авч хэрэгжүүлэх бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгаа юм. Өнгөрсөн онд манай эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан гэдэг. Гэвч энэ нь иргэдийн амьдралд ямар хэлбэрээр нөлөөлсөн нь мэдэгдээгүй. Эдийн засгийн өсөлтийг иргэдийнхээ амьдралд мэдрүүлэхийн төлөө хүн амын хөгжлийн бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй.Энэ үзэл баримтлалыг цоо шинээр боловсруулах шаардлагатай байгаа учраас хэлэлцүүлэг хийхээр зорьж байна. Нийгмийн хамгааллын салбарыг шинэ түвшинд гаргах шаардлага бидэнд тулгарч байгаа. Тухайлбал, хавтгайрсан халамжийг хумих шаардлага бий. Нийгмийн зорилтот бүлгүүдийг оновчтой тодорхойлж, тэдэнд нийгмийн халамжийг үзүүлсэн шиг үзүүлэх хэрэгтэй байгаа юм. Эрүүл мэнд, тэтгэврийн даатгалыг шинэ тогтолцоонд оруулах хэрэгтэй байна. Тэтгэмжийн нэгдсэн нэг сантай болгохоос эхлээд хийх зүйл их бий.
-Хүүхдийн мөнгийг өгөхөөр болсон нь хавтгайрсан халамжийн нэг хэлбэр биш гэж үзэж байна уу?
-Ингэж ойлгож болохгүй ээ. Хүүхдийн мөнгө бол нийгмийн халамж биш. Улс орны стратегийн нэг том хэлбэр юм. Хүн амын өсөлтийг дэмжсэн төрийн бодлого. Ялангуяа манайх шиг хүн ам цөөтэй улс бол хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих ёстой. Ингэж байж иргэдийн гэр бүлтэй болох сонирхлыг төрүүлнэ. Хүүхдийн мөнгө өгч эхэлснээс хойш гудамжны тэнэмэл хүүхдийн тоо буурсан. Хүүхдүүдийн талаарх эцэг, эх, нийгмийн хандлага өөрчлөгдсөн шүү дээ. Харамсалтай нь хүүхдийн мөнгө өгөх бодлогын үр дүнг үзэлгүй зогсоочихсон байдаг. Тэгэхээр энэ бодлогыг үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Тэгээд ч хүүхдийн мөнгийг тодорхой шалгуураар авах ёстойд нь өгөхөөр төлөвлөж байгаа.-Яаж?
-Эцэх, эхийнх нь өргөдлөөр хүүхдийн мөнгийг олгохоор болж байгаа. Тухайлбал, хүүхдийн мөнгө авах шаардлагагүй гэж үздэг эцэг, эх байж магадгүй. Тэгвэл өргөдөл бичих хэрэггүй. Хүүхдийн мөнгийг хавтгайрсан халамж гэж үзээд, шүүмжлээд байгаа хүмүүс өргөдөл бичихээ больчих. Энэ мөнгийг авъя гэж байгаа хүмүүсийн хүүхдүүдэд өгье гэсэн зарчмаар явна. Ингэж хэмнэсэн мөнгөө сургууль, цэцэрлэг барих ажилд зарцуулна.-Манай улсын данс улайчихсан, төсөв санхүү хүндхэн байгаа гэсэн. Тэгэхээр хүүхдийн мөнгөний санхүүжилтийг яаж зохицуулах вэ?
-Төсөв хүндхэн байгаа. Гэхдээ хийж эхлээгүй хөрөнгө оруулалтын нэлээд ажил бий. Үүнд төсөвлөгдчихсөн байсан мөнгийг хүүхдүүддээ өгөх боломж байгаа. Шаардлагагүй урсгал зардал, хөрөнгө оруулалтыг зогсоох бодлого барьж байна. Нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг зогсоох, хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилготой байна.-Өнгөрсөн жилийн өдийд УИХ-ын 20 гишүүн Оюутолгойн гэрээг сайжруулж, УИХ-ын 57 дугаар тогтоолд өөрчлөлт оруулахыг шаардсан бичиг өргөн барьсан. Энэ бичгийг гишүүд дахин өргөн барих гэж байгаа юм байна. Та ч нэгдэж байгаа юу?
-УИХ-ын 57 дугаар тогтоол ерөөсөө сайжраагүй хэвээрээ байгаа. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах ёстой. Гэхдээ одоо гадна, дотны эдийн засгийн нөхцөлөө бодох ёстой. Хөрөнгө оруулагчдынхаа хандлагыг харах хэрэгтэй. Тэгэхгүйгээр асуудлыг хэт улстөржсөн байдлаар харах хэрэггүй болов уу. Жишээ нь Оюу толгойн үйлдвэр хэд хоногоос ашиглалтад орох гэж байна. Ийм үед хөрөнгө оруулагчдыг үргээсэн алхмыг Засгийн газар хийж болохгүй л дээ. Гэсэн ч УИХ-аас гаргасан 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө манай Засгийн газар ажиллах ёстой. Тэр дундаа Монголын талын эзэмшлийн 34 хувийг 50 болгох хэрэгтэй. Монголынхоо эрх ашгийг бодож хийх л ёстой. Аль болох эдийн засгийн хүндрэл үүсгэхгүйгээр асуудлыг эвтэйхэн шийдэх шаардлагатай гэж бодож байна. Илэн далангүй хэлэхэд уул уурхайгаас хараат эдийн засаг манайд ноёлж байна. Цаашдаа зөвхөн ийм эдийн засагтай байх юм уу эсвэл олон тулгуурт эдийн засагтай байх уу гэдгээ бодох хэрэгтэй. Хөдөө аж ахуйн салбар, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг даруй идэвхжүүлэх шаардлагатай байна. Төмөр замын бодлогоо зөв явуулмаар байна. Ингэж байж улс орныхоо хөгжлийг хангана гэж бодож байна.-Та нарын 20 гишүүн жилийн өмнө энэ шаардлагыг тавьж болсон байхад одоо яагаад болохгүй гэж...
-Тэр үед уул уурхайн гадаад, дотоод нөхцөл байдал тааламжтай байсан. Энэ жилийн хувьд эдийн засгийн хямрал үүсч магадгүй гэсэн түгшүүр байна. Уул уурхайгаас хараат эдийн засагтай манайх шиг орон ийм үед болгоомжтой хандах хэрэгтэй байх.-Иргэдэд өгөх хувьцааг хэзээнээс өгч эхлэх бол...
-Өмнөх Засгийн газар Хөрөнгийн биржийн ажлыг шүүрч аваад Таван толгойн нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр тогтоосон. Иргэдэд олгохҮнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо
1072 хувьцаагаа сая төгрөгт хүчээр тааруулах гэж оролдсон. Гэтэл нэгж хувьцааны үнэ зах зээл дээр хэдээр үнэлэгдэх нь Хөрөнгийн биржийн арилжаанаас хамаарна. Хэрэв Таван толгойн нэгж хувьцааны үнэ арван мянган төгрөг байвал яах юм. Тиймээс Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулж, нэгж хувьцааны бодит үнийг тогтоосны дараа иргэдэд олгох хувьцааг нь олгох нь ашигтай шүү дээ. Үнэндээ Таван толгойн нэгж хувьцааг 933 төгрөгөөр үнэлсэн олон улсын зах зээл Таван толгойн үнэлэмжийг унагачихсан. Үүнийг цуцалж, Засгийн газар шинээр шийдвэр гаргах ёстой.-УИХ-д МАН-ын бүлэг байх уу, үгүй юу гэдэг нь нэлээд маргаан дагуулж байна. Үүнээс болоод УИХ-ын гишүүд зодолдоод эхэллээ...
-Шулуухан хэлэхэд МАН бүлэг байгуулах боломжгүй. Улс төрийн намуудын зөвшилцлөөр, МАН өөрсдөө хуулиа санаачлаад явбал асуудлыг зохицуулах гарц бий. Бүлэг байгуулах боломж тэдэнд байсан шүү дээ. Хэн тэднийг төрийн ажлыг хоёрдугаарт тавьж, намын ажлаа хий гэсэн юм. Олонхи байхдаа тэд үргэлж төрийн ажлыг намын ажлын ард тавьдаг байсан. Тэр араншингаараа асуудалд хандсан байхгүй юу. Гурав, дөрөв хоног намынхаа байранд очоод хуралдаад суучихсан. Тэднийг хүлээгээд төрийн ажил зогсч байх юм уу. Өөрсдийнхөө буруугаас өнөөдөр ийм байдалд орчихоод бусад руу дайрч болохгүй.-У.Хүрэлсүх гишүүн ингэж хэлсэн танд уурласандаа Г.Баярсайхан гишүүнийг цохичихлоо гэлцэх юм...
-Улстөрч тэр тусмаа гишүүн хүн ёс зүйтэй байх ёстой. Бидний аль хэрэлдэхийг тэр гэх юм. Гэвч чуулганы танхимаас гараад гар бариад инээж хөхрөлдөөд л явдаг шүү дээ. У.Хүрэлсүх ямар анх удаа парламентад орж байгаа биш. Сонгуульд ялагдсан, УИХ-д бүлэггүй болсноосоо болоод ядаргаанд орчихсон байгаа юм уу, сонин авир гаргасан. Ер нь УИХ-ын гишүүн хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой. Би лав хүн цохичихсон бол "цохисон юм аа" гээд зогсч байна. Хурандаа учраас хүн зодсон гээд байгаа юм. Хүн зодож бай гэж хурандаа цолыг олгодог юм уу. Хүрэлсүхийн хурандаа байсныг мэдэх ч үгүй юм байна. Цэргийн сургуульд манай доод ангид л байсан.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.