Б.Бат-Эрдэнэ хууль буруу тайлбарлаагүй гэдгээ мэдэгдэв
АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өчигдөр Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавт хандаж хариу албан бичиг хүргүүллээ.
Энэ сарын 7-14-ний өдрүүдэд АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хэлэлцэж, 14-ний өдөр албан бичгээр Ерөнхий прокурорт илгээснээ албан бичгийнхээ эхэнд сануулжээ.
Ингээд албан бичигт «Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Ерөнхий прокурорын танилцуулгыг сонсч, хэлэлцэж байгаа асуудлын талаар Байнгын хорооны гишүүдийг дэлгэрэнгүй мэдээлэлтэй болгох, асуудлыг улстөржүүлэлгүйгээр нухацтай хэлэлцэн шийдвэр гаргах үүднээс таны танилцуулгын дараа Тагнуулын ерөнхий газрын холбогдох албан тушаалтан, АТГ-ын дарга, дэд дарга нарыг тус тусад нь байл-цуулж мэдээлэл авсан. АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д ирүүлсэн таны саналтай холбогдуулж ирүүлсэн материал, байнгын хорооны хуралдаанд мэдээлж байсан эрх бүхий албан тушаалтнуудын тайлбараас үзэхэд асуудал тодорхойгүй байсны зэрэгцээ хууль хэрэглэсэн болон хуулийн хэрэгжилтийн талаар зарим эрх бүхий байгууллагын дүгнэлтийг сонсохгүйгээр УИХ-аас томилогдсон албан тушаалтнуудын бүрэн эрхийг шууд түдгэлзүүлэх нь Авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагааг сулруулах сөрөг талтай гэж байнгын хорооны гишүүд үзсэн юм.Авлигын эсрэг хуулийн 22.5-д «Хуульд зааснаас бусад үндэслэлээр АТГ-ын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно» гэж заасан байдгийг ч УИХ-ын гишүүд анхааруулж байсныг дурдах нь зүйтэй.
Авлигын эсрэг хуулийн 26.2-т «АТГ Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгааг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хянан шалгана» гэж заасны дагуу хуралдааны явцад байнгын хорооны нэр бүхий гишүүдээс Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг АТГ хэрхэн биелүүлж байгаад уг дэд хорооноос шалгаж, санал, дүгнэлт гаргасны дараа байнгын хороо асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Хууль хяналтын байгууллагуудын мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулах зорилгоор УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хуулийн хэрэгжилтийг шалгах явцтай зэрэгцэн Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах, харин АТГ-ын удирдлага уг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байх нь зүйтэй гэж Байнгын хороо үзэж, энэ тухайгаа Танд болон холбогдох албан тушаалтанд албан бичгээр мэдэгдсэн. УИХ хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аливаа асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, олонхоороо шийдвэрлэдгийг та сайн мэдэх учиртай. Таны албан бичигт дурдсанчлан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга миний хувьд хуулийг буруу тайл-барлаж, байнгын хорооноос шийдвэр гаргуулахгүй, саад учруулж, гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг зогсонги байдалд оруулсан зүйл байхгүй гэдгийг үүгээр хариуцлагатайгаар мэдэгдэж байна» гэжээ.