Улс төрийн нам бизнес эрхэлдэг байж болохгүй
Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барихаар зэхэж буй. Гэвч УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн намууд эсэргүүцээд эхэллээ. Таны хувьд энэ хуулийн төслийг хэрхэн харж байгаа вэ. Дэмжих үү?
-Одоогоор хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаагүй тул, сайн танилцаж амжаагүй байна. Улс төрийн намын тухай хуулийн төсөл, түүнчлэн улс төрийн санхүүжилтийг ил тод болгох асуудал Монгол улсад тулгамдсан асуудал гэж үзэж байна. Улс төрийн санхүүжилтэд намын, улс төрчдийн, улс төрийн сонгуульд нэр дэвшигчийн зэрэг зардлууд орж байна.
Өмнөх сонгуулиудаар зарим томоохон компаниудаас улс төрийн нам хуульд нийцэхгүй их мөнгө хандивласан талаар мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Ийм байдал үргэлжилвэл сонгуулийн дараа парламентад нөлөө бүхий суудалтай намууд улс, олон түмний эрх ашгаас илүүтэйгээр нөгөө том хандив өгсөн компанидаа үйлчлэх болно байх. Тэгэхээр иймэрхүү асуудлыг нэг тийш нь олон улсын сайн жишгээр шийдэх хэрэгтэй байна. Ер нь сонгуульд аль болох бага зардал гаргахыг хичээх хэрэгтэй. Нөгөө талаас ийм хүн ам цөөтэй оронд намууд данхайсан бүтэцтэй байна гэдэг нь маш зохимжгүй зүйл энэ бүхнийг шийдэх нь чухал байна.
-Уг нь удтал дуншсан Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж чадах хүн нь Ерөнхийлөгч гэж олон нийт харж байсан. Дахин сонгогдохгүй учраас аль нэг талд баригдаж, бусдад шахагдалгүйгээр жинхэнэ утгаар нь шинэчлэл хийж, алдаа завхарлыг залруулж чадна гэсэн үүднээс. Гэвч тэгж чадсан эсэхэд эргэлзэж байна. Харин та тэр шинэчлэлийг хийж чадах хүн нь Ерөнхийлөгч гэдэгтэй санал нийлэх үү?
-Холбогдох хуульд зааснаар Монгол улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, мөн хууль санаачлах эрхтэй байдаг. Ерөнхийлөгчөөр сонгогдоод намын харьяалаас татгалздаг. Иймээс энэ улстөрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч санаачлах нь хамгийн зохистой гэж бодож байна.
-Мөн улс төрийн нам өмчтэй байх уу эсвэл хураалгах ёстой юу гэдэг асуудал маргаан дагуулдаг. Тэр дундаа МАН, АН хоёрын өмчийн асуудал хөндөгддөг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах учиртай юм бол?
-Улс төрийн нам өмчтэй байж болно. Гэхдээ тэр нь ямар нэг орлого олох, тухайлбал үл хөдлөх хөрөнгийн, үйлчилгээний зэрэг бизнес эрхэлж татвар төлөгчтэй өрсөлддөг байж болохгүй. Улс төрийн нам бизнес эрхэлж болохгүй гэсэн хууль ардчилсан засаглалтай ихэнх оронд байдаг.
-АН-тай холбоотой асуулгүй өнгөрч болохгүй хэдэн асуулт байна. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал АН-ыг компанийн хэмжээнд ажиллаж байна гэж шүүмжилсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Аль өнцгөөс тэгж хэлснийг нь мэдэхгүй байна. Сүүлийн 5-6 жил намын шийдвэр гаргах бүтэц болох ҮЗХ-д ротаци явагдаагүй. 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш бол Засгийн газрын түвшинд ч, орон нутгийн түвшинд ч эрх барьж байгаа учир АН дотроо сонгууль явуулж бужигнахаас илүүтэйгээр ард түмэндээ амалсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа гишүүд олон байгаа болов уу гэж бодож байна. Нөгөө талаас улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийг хүлээж байгаа тал ч бий.
-Үнэхээр танай нам компани болчихсон юм биш биз?
-Ер нь бол аль ч намын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах нь зүйн хэрэг. Миний хувьд бол тийм санаа төрж байгаагүй. Шалтгаан нь АН-ын гишүүнээр 25 жил, энэ нам дотроо ажиллаж ирлээ.
-МАН МАХН-ыг нэгдэх сургаар танай намыг ИЗНН, МҮАН-тай нэгдэх тухай яригдсан гэсэн мэдээлэл байна. Энэ асуудлыг намын түвшинд хэлэлцэж ярилцсан уу. Та энэ саналыг дэмжих үү?
-АН-д ИЗНН нэгдэнэ гэсэн яриа, мэдээлэл гарах болсноос хойш нилээд хэдэн жил өнгөрсөн байхаа. Нэгдэхийг дэмжиж байна.
-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах 4.2 тэрбум ам.долларын санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг энэ долоон хоногт батлах гэж буй талаар мэдээлэл бий. Энэ талаар танд мэдээлэл ирсэн үү?
-Энэ мөнгөний дүн анхнаасаа олон нийтэд нээлттэй байгаа. Анхнаасаа гэдэг нь 2012 оны сүүлчээр Шинэчлэлийн Засгийн газрын үед УИХ дээр хөрөнгө оруулагчаас тавьж байгаа далд уурхайн санхүүжилтийн саналын талаар мэдээлэл хийж байсан. Тэр үед энэ 4.2 тэрбум ам.доллар яригдаж байсан.
Харин хөрөнгө оруулагчаас Оюутолгой ХХК-д дамжуулан зээлдүүлэх зээлийн хүү тэр үед ярьж байснаас бага хэмжээгээр буурсан гэж ойлгож байна. Ер нь анхны ТЭЗҮ-гээр бол ил уурхайн болон далд уурхайн нийт санхүүжилт 14.2 орчим тэрбумам.доллар гэсэн тоо байдаг. Хөрөнгө оруулагч тал гэрээгээр тохирсон далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд зээл авах хэлэлцээрээ байгуулах нь ч мэдээж юм.
-Зээлийн хэлэлцээрийн хүрээнд Оюутолгойг дэлхийн арилжааны 15 банкны барьцаанд тавихаар болоод байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ. Таны хувьд Оюутолгойн гэрээг засч сайжруулах шаардлагатай гэж мэдэгддэж байсан хүний нэг шүү дээ. Энэ удаагийн хэлэлцээр өмнөхөө улам дордуулав уу, эсвэл дээрдэж байгаа нь энэ үү?
-Ямар ч уул уурхайн компани зээл авахдаа тусгай зөвшөөрлөө барьцаанд тавьдаг. Хуулиар ч энэ нь боломжтой зүйл. Энэ удаад Оюутолгой компанийн гурван тусгай зөвшөөрлийн нэгийг нь барьцаанд тавих яриа байх шиг байна. Зээл авч далд уурхайн бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Зээлдүүлэгч олон байх тусам хяналт чангарах байх. Зээлийн хэлэлцээрийн гол нөхцөл бол зээл буцааж төлөх хугацаа, зээлийн хүү хоёр л доо. Зээлийн хүүгийн тухайд өмнөхөөсөө буурсан гэж ойлгож байна. Ер нь бол гэрээнд зааснаар компанын гүйцэтгэх удирдлагыг зуун хувь томилох, бүтээн байгуулалтыг хийх, санхүүжилт босгох эрх зөвхөн хөрөнгө оруулагч талд байгаа. Энэ нөгөө талаасаа бол үүрэг.
Энэ УИХ 2012 онд шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн УИХ-ын тогтоолын төслийг батлахдаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Энэ шийдвэрийн дагуу Шинэчлэлийн Засгийн газраас гэрээнд өөрчлөлт оруулах санал тавихыг тэр үеийн салбарын сайд надад даалгасан. Би тэр саналыг хөрөнгө оруулагчид бичгээр тавьсан боловч саналыг хүлээж авах боломжгүй гэсэн албан хариуг ирүүлсэн. Энэ асуудал 2012 оны сүүлчээр болж өнгөрсөн. Гэрээг байгуулахаас өмнө сайн ярих хэрэгтэй, нэгэнт байгуулсан бол тэрнээс буцах нь бол хаа ч зохимжгүй. 2009 оныесдүгээр сард гэрээнд гарын үсэг зураад 2010 оны дөрөвдүгээр сард гэрээ хүчинтэй болж байсан. Энэ гэрээг хүчинтэй болох хүртлэх хугацаанд нилээд хэдэн УИХ-ын гишүүн гэрээнд шүүмжлэлтэй хандаж байсан.
-Тэдний нэг нь та шүү дээ?
Тийм ээ. Тэр үед бид "төслийн ашгаас баялагийн эзэн төрийн авах нөөц ашигласны төлбөрийн /НАТ/ хэмжээ, хөрөнгө оруулагч талын авах менежментийн төлбөртэй ойролцоо байх нь шударга бус, төсөл хэрэгжих хугацаанд НАТ-ынтаван хувь хөдлөхгүй тогтмол байж болохгүй" зэргээр шүүмжилж байсан. Зэсийн үнэ гайгүй үед Эрдэнэт ХХК 14 орчим хувийн НАТ төлж байсан. Өнөөгийн статистакаас нь харахад Оюутолгой ХХК Эрдэнэт ХХК-аас дахин илүү зэсийн баяжмал үйлдвэрлэж экспортолсон ч улсын төсөвт НАТ болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар оруулах орлогын хэмжээ ойролцоо байх болов уу даа.
Тухайн үед бидний шүүмжилсний дагуу Засгийн газар хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулснаар ил уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн зээлийн хүү тодорхой хувиар буурч, төслийн хугацаанд Монголын талд орох орлого нэг орчим тэрбум ам.доллараар нэмэгдэхээр болсон гэж албаны хүн ярьж байсан.
-Нөгөөтэйгүүр зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах зөвшөөрлийг УИХ-аас олгоогүй байгаа. Гэтэл “Эрдэнэс Монгол”-н захирал суурь баримт бичигт гарын үсэг зурчихсан. Улмаар энэ долоон хоногт зээлийн хэлэлцээрийг баталгаажуулах гэж байна. Энэ нь хууль эрх зүйд хэрхэн нийцэх бол?
-Нэгэнт хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан учир энэ зээлийн хэлэлцээрт Оюутолгой ХХК-д Монгол улсын Засгийн газрын эзэмшиж байгаа хувийг төлөөлөх эрхтэй Эрдэнэс Монгол компанийн захирал гарын үсэг зурах эрх нь нээлттэй. Харин ашигт малтмалын тухай хуульд зааснаар стратегийн ач холбогдол бүхий ордод төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох асуудлыг бол УИХ хэлэлцдэг. Тэгэхээр энэ зээлийн хэлэлцээр УИХ-д шууд хамааралгүй. Зүгээр улс орны, эдийн засгийн амьдралд чухал төсөл учраас зээлийн хэлэлцээрийн төслийг Засгийн газар өөрөө санаачлаад УИХ-д танилцуулах нь бол нээлттэй.
-Дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ уналттай байхад Оюутолгойн зээлийн хэлэлцээрийг батлах нь ямар эрсдлийг бий болгох вэ?
-Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг одоо хийхэд нэг их эрсдэл байхгүй болов уу. Зээлээ аваад бүтээн байгуулалтын ажлаа хийж байх нь зөв л дөө. Эдийн засгийн өсөлт саарсан үед энэ бүтээн байгуулалтанд шаардлагатай гол материалын үнэ хямдхан байх тал ч бий.
-Хэрэв зээлийн хэлэлцээрийг товлосон хугацаандаа үзэглэхгүй бол...?
-Ер нь бол манай ашигт малтмалын тухай хууль болон энэ төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар санхүүжилтээ босгох, ТЭЗҮ-д заасныхаа дагуу бүтээн байгуулалтын ажлаа цаг хугацаанд нь хийх нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн үндсэн үүрэг. Энэ зээлийн хэлэлцээрийг байгуулах эрх нь Засгийн газарт байгаа. Яаралтай байгуулах шаардлага байсан нь ч үнэн. Хууль, гэрээнд заасан далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийг босгох, уурхайн бүтээн байгуулалтаа хийх үүргээ хэрэгжүүлэхийг хөрөнгө оруулагч тал зорьж байсан. Шинэчлэлийн Засгийн газрын үед энэ зээлийн хэлэцээртэй холбогдуулж хийх санамж бичгийн төслийг хоёр тал бэлтгэж байсан. Гэхдээ хугацаа алдсан.
Энд гурван үндсэн шалтгаан байсан нь дамжуулан зээлдүүлэх хүүг нэмэгдүүлэхгүй байх, нөгөө асуудал нь хөрөнгө оруулагч тал энэ ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг өмнө нь худалдаж авсан нэг компанид зориулж 2.5 хувийн НАТ нэмж авах санал гаргаж байсан. Энэ хоёр асуудал нь бол Монголын талын боломжгүй гэсэн саналаар хаагдсан гэж ойлгож байгаа. Гурав дахь бол нь анхны хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр хэтэрсэн асуудал. Энэ зардлын хэтрэлтийг хэрхэн шийдвэрлэх асуудал хүндрэлтэй байсан. Угтаа бол тэр үеийн Оюутолгой компанийн ТУЗ нь жил бүрийн зардлын хэтрэлтэд хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авч байх үүрэгтэй байсан. Шинэчлэлийн Засгийн газрын тухайд энэ зардлын хэтрэлтийг Монгол улсад орох төлбөр, хураамж, татвар, ноогдол ашгийн орлого буурахгүй байх, мөн ноогдол ашиг авч эхлэх хугацааг хойшлуулахгүй байхаар шийдвэрлэх саналтай байсан. Шалтгаан нь хөрөнгө оруулагч тал төслийн хэрэгжилтийг зуун хувь хариуцаж байгаа учраас.
-Сонгуулийн хуулийг өөрчлөх юм уу. Энийг АН-ын бүлэг юу гэж үзэж байна. МАН-ын гишүүд нөгөө сонгууль авдаг "хар машин" -тай адилхан зүйлийг шатааж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Сонгуулийн хэд хэдэн хуулийн төсөл өргөн баригдаж, хэлэлцэх эсэхийг нь дэмжээд ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг дээрээ нэгдсэн саналд хүрвэл хуульд өөрчлөлт орох байх. Гэхдээ хугацаа их бага байна. Миний хувьд сонгуулийн хуулиас илүүтэйгээр Улс төрийн намын тухай хуулийг батлах хэрэгтэй гэж үзэж байна. Ер нь намууд сонгууль бүрийн өмнө өөрсдийн улс төрийн нөхцөл байдалдаа нийцүүлж сонгуулийн хуулийг өөрчилдөг болоод удаж байна. Энэ бол сайн зүйл биш ээ. "Хар машин"-ыг шатааж байгааг хараад гайхсан.
Гаднын хүмүүс ч их гайхсан байна лээ. Яахаараа орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж буруутай байдаг юм болоо гэж. Сонгуульд саналаа өгсөн иргэд, сонгогчиддоо уурлаад байгаа юм болов уу. Сонгуулийн хууль, тогтолцоо, цахим сонгуулийн хууль зэрэг хуулийг өөрсдөө санаачилж, МАН УИХ-д олонх байх үедээ 2011 онд баталж байсан. Тэр үед одоогийн нөхцөл байдлаас өөр нь МАХН дээд шүүхэд бүртгэгдээд удаагүй байсан байх. Хуульд хар машинаар тоолоод аль нэг нэр дэвшигч гомдол гаргах юм бол гараараа тоолох нь нээлттэй байгаа. Тэгээд засаглалаа сайжруулах, гүйцэтгэх засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, ард түмэндээ сум, хорооны засаг даргыг шууд сонгох эрхийг нь өгөх зэрэг асуудлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд Арт түмнээсээ асууя гэхээр эсэргүүцээд байх юм. Хэт улс төржсөнөөсөө болоод асуудлынхаа учрыг олохоо байж байх шиг байна. Ажил хэрэгч иргэд ийм асуудлыг сонирхохоо больсон байна.