Хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэх ойлголт эрх зүйн орчинд байхгүй
Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга С.Боргил
2015.12.17

Хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэх ойлголт эрх зүйн орчинд байхгүй

Саяхан нэг хэсэгтээ Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс байгуулах талаарх асуудал олны анхаарлын төвд байлаа. Болж өнгөрсөн дуулиантай мэдээллийн дундуур дарагдсан уу, аль эсвэл иргэд, хэвлэл мэдээлэл нь ч залхсан уу ойрын хугацаанд нам жим болоод байгаа.

Энэ талаар Хүнс, Хөдөө аж ахуйн яамны сайд Р.Бурмаагаас лавлахад “Хэлэлцүүлэг хийгээд, саналыг нь авч ерөнхий төлөвлөгөө хийлгэхээр тендер зарласан байгаа. Эрдэмтэд саналаа өгч, дүрэм журмууд нь гарсан. Ерөнхий төлөвлөгөөний тендерийн материал ирэхээр танилцах гээд хүлээж байгаа” гэлээ.

Харин уг төслийн эсрэг хөдөлгөөн өрнүүлж, тайван жагсаал хийж байсан Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга С.Боргилтой ярилцлаа.

-Халх голын чөлөөт бүсийн асуудал хэсэгтээ намжих шиг боллоо. УИХ-ын 75-р тогтоолын эсрэг танай нам сүүлийн үед ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-УИХ-ын 75-р тогтоолыг долдугаар сарын есны өдөр баталсан. Анх бид олон нийтэд мэдэгдэж, УИХ-ын гишүүн бүрт уг тогтоолыг цуцлаач ээ гэсэн шаардлага хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл гурван удаа шаардлага хүргүүлээд байна. Одоог хүртэл бидний аль ч шаардлагад албан ёсоор хариу өгөөгүй байгаа.

Манай нам газар нутагтай холбоотой асуудлаар тодорч гарах гэсэн юм биш. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль ёсоор улс төрийн намын хүлээсэн үүрэг юм. Энэ агуулгаараа газар нутгийн тухай асуудал дээр дуугарах ёстой.

Саяхан Дорнод аймгийн Халхгол сумын иргэдтэй уулзлаа. Тэд ч мөн адил уг 75-р тоот тогтоолыг цуцлахын төлөө байгаа. Одоогийн байдлаар УИХ-д уг тогтоолыг цуцлах асуудал гараагүй байна. Хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэсэн ойлголт эрх зүйн орчинд байхгүй. Эрх зүйн орчин нь байхгүй зүйл дээр УИХ тогтоол гаргачихаад цаашаа яаж энэ тогтоолыг  хэрэгжүүлэх вэ гэдэг дээр Засгийн газар болон УИХ гацаанд орчихоод байна. Ямар нэг судалгаагүй, хурдан хуумгай, түүхий шийд гаргаж байгаагийн нэг илрэл юм. Гэхдээ ямар ч нөхцөлд Хөдөлмөрийн Үндэсний Нам энэ тогтоолын эсрэг байх болно.

-Ер нь газар нутгийн хувьд Халхголд чөлөөт бүс байгуулахад хэр тохиромжтой вэ?

-Өнөөгийн эрх баригчдын шинэлэг зүйл хийх гэж оролдож байгаа оролдлого болгон гай дуудах үйл ажиллагаа  болоод байна. Энэ бол шинэлэг зүйл биш, эдийн засгийг эрчимжүүлэх гэсэн үйл ажиллагаа ч биш. Өнөөдөр ашиглагдаж байгаа газар тариалангийн талбайн 70 орчим хувь нь элэгдэлд орчихсон байгаа. Монгол Улс үндсэндээ 2 сая га орчим газарт тариалан эрхлэх боломжтой. Газар нутаг том ч тариалан эрхлэх боломжтой үржил шимтэй газар маш бага. Энэ агуулгаараа 500 га газар бол манай стратегийн үүц юм.

2014 оны нэг сард Байгаль орчны яамнаас Халхголын чөлөөт бүстэй төстэй асуудал дээр албан ёсоор эсэргүүцэж албан бичиг явуулж байсан. Уг албан бичигт зүүн бүсэд хөдөө аж ахуйн экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж болохгүй. Учир нь хөрсний элэгдэлд орох, байгаль экологийн өндөр эрсдэлтэй мөн стратегийн үүц гэдэг талаас нь эсэргүүцсэн байр суурьтай байсан юм билээ.

-Эдийн засгийн хувьд ашигтай гээд байгаа?

Халх гол төслийг эдийн засаг, ашиг талаас нь хараад эхлэхээр бусад сөрөг талуудаа харахгүй байна. Уг төсөл нь эдийн засагт үр ашиг өгч болох болов ч тун богино настай. Сүүлд нь бид үр хойч үедээ тариа тарих газаргүй болгоно гэсэн үг. Мөн чөлөөт бүс болгох гэж байгаа 500 мянган га газрыг хашаалах юм бол энд үүсэх олон улсын чанартай маргаанд Монгол Улс өөрийн эрх ашгийг хамгаалж чадах эрх зүйн чадамжтай эсэх нь эргэлзээтэй. Эндээс үүсэх маш олон эрсдэл байна.

Тэнд суурьших суурин иргэдийн асуудал яах вэ, ажиллах гэж хэдэн хүн орох ёстой юм, ямар статустай орох юм, үүсэх бизнесийн болон хамтарсан хамтын ажиллагааны бусад хэлбэрээр үүсэх маргааныг яаж зохицуулах юм. Монгол Улс олон улсын ийм том газар нутгийг хамарсан гэрээ хэлцэл хийж байсан туршлага байгаа бил үү. Иймээс ирээдүйд үүсэх эрсдэл дээр өөрсдийгөө хамгаалах чадамжгүй орон гэж харж байгаа. Ямар ч эрх зүйн зохицуулалтаар зохицуулж болохгүй субьектыг саяны тогтоолоор үүсгэчлээ. Эдийн засгийн чөлөөт бүсийн тухай хуулиар шууд зохицуулагдах боломжгүй. Яг ийм үндэслэлүүдээр бид эсрэг байр суурьтай байгаа. Энэ асуудлыг зөв, нааштайгаар шийдвэрлэх боломж эрх баригчдад байгаа.

-Тэгвэл танай намын зүгээс цаашдаа энэ талаар ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Бидний хувьд энэ асуудалд нөлөөлөх бололцоогүй гэдэг нь харагдлаа. Өнгөрсөн хугацаанд явуулсан шаардлага, нутгийн иргэдээс явуулсан шаардлагыг эрх баригчид үл огоорч, авч хэлэлцэх ч үгүй байна. Сонгууль дөхсөн ийм ороо бусгаа үед энэ шийдвэрийг цуцлахгүйгээр цааш нь сэмээрхэн далд, нууцлагдмал байдалд хэрэгжүүлээд явах эрсдэл маш их байна. Яг ийм үед газар нутгаараа тоглоно гэдэг маш хариуцлагагүй юм. Эрсдлийнхээ хэмжээгээр улс доторх улс үүсэх хэмжээнд болчихоод байгаа. Ийм байдлаар эдийн засгийн хямралыг шийдэх, эдийн засгийн орлогын шинэ хэлбэр бий болгоно гэж зүтгэж байгаа бол дэндүү өрөөсгөл юм аа гэж харж байна.

Сонгууль дөхсөн, эдийн засаг хямарсан, хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй, нийгэм өөрөө ийм бухимдалтай байгаа үед далимдуулж сэмхэн байдлаар уг төслийг зүтгүүлсээр байна. Олон эсэргүүцэл, мэргэжлийн хүмүүсийг эс тоож цааш нь лавшруулж байгаа нь тодорхой бүлэг хүмүүс хувийн эрх ашигаа хамгаалж байна гэсэн хардлагыг нийгэмд улам л нэмэгдүүлж байна. Манай намын зүгээс дараа дараагийн арга хэмжээг ойрын хугацаанд авч ажиллах болно.

эх сурвалж: http://www.newscom.mn/