Ипотекийн зээл хэвийн үргэлжлэх эрхзүйн орчныг бүрдүүлсэн нь буян юм
УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Барилгын салбарын ипотекийн зээлийг зогсооход хүрсэн Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр дүгнэлт нийгмийн анхаарлын төвд байна. Та бүхний санаачилсан Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд орох өөрчлөлт энэ гацааг арилгаж зээлийг хэвийн явуулах учиртай. Харамсалтай нь УИХ баасан гарагт хэлэлцэж амжсангүй. Хуулийн төслийг санаачлагчийн хувьд энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Сөрөг хүчний зүгээс зээл зогссон нь Цэцийн дүгнэлтээс болоогүй гэдэг тайлбар өгч байгаа?
-Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрээс болж банкуудын холбоо зээлээ хэвийн үргэлжлүүлэх боломжгүйд хүрлээ гэж мэдэгдсэн. Банкуудын шийдвэр байсан болохоос төрийнх биш. Бид зээл өгч чадахгүй ээ, хууль эрхзүйн орчин байхгүй боллоо гэж мэдэгдсэн. Иргэний хуулийн 171-д байгаа барьцаалагч этгээд хөрөнгөө банкнаас асуухгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлж болох мэтээр ойлголт бий болсон. Тиймээс банкуудын холбоо эрсдэлээ л бодож зээлээ хаасан хэрэг. Мөнгөгүй болчихоод зогсоосон юм биш гэж байгаа. Тэр тусмаа ипотекийн найман хувийн зээлийг зогсоох шийдвэр гарсан нь иргэдэд хүнд туссан. Олон ч айлууд зээлээ хөөцөлдөөд явж байхад ийм зүйл болсон.
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан гармагцаа л хүчин төгөлдөр үйлчилж эхэлдэг. Миний өргөн мэдүүлсэн Иргэний хууль болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсан тохиолдолд банкууд зээлээ хэвийн олгоод явна гэж ойлгож байгаа. Иргэний хуулийн 170.6-д өөрчлөлт оруулснаар барьцаалуулсан хөрөнгөө иргэн түрээслүүлэх, хөлслөхдөө банкнаас буюу зээл авсан этгээдээс асуух шаардлагагүй болж байгаа юм. Зөвхөн бусдад худалдах, шилжүүлэх тохиолдолд банкнаас зөвшөөрөл авах юм.
-Г.Уянга нарын гишүүд эсэргүүцсэн шалтгаанаа иргэн өөрийн хөрөнгөө борлуулах эрхгүй болж байна. Борлуулах эрхийг банкинд өгч байна гэж хэлсэн байна билээ. Зээлтэй хэвээр ч худалдаж болно гэж хэлсэн байсан. Цаашид энэ асуудлыг яаж өөрчлөх ёстой вэ. Үндсэн хуулийн цэц дахиад хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ?
-Үндсэн хуулийн цэц дээр дахиад ийм шийдвэр гарахгүй байх. Маргаан үүсч байсан асуудлыг нь бид хуулийн өөрчлөлтөөр зохицуулж байна шүү дээ. Үндсэн хуулийн зүйл заалтад бидний өргөн барьсан хуулийн өөрчлөлт бүрэн нийцэж байгаа. Гишүүд буруу ойлголттой байгаа юм. Өмч хөрөнгөө бусдад шилжүүлж болно. Бас барьцаалж болно. Гэхдээ өмнө гэрээ хийсэн газраасаа зөвшөөрөл авч, харилцан тохиролцсоны үндсэн дээр энэ үйл ажиллагаа явагдах юм. Түүнээс биш банкнаас мөнгө авч, өөрөө мөнгө гаргаж авсан үл хөдлөх хөрөнгийг нь банк иргэнд өгөхгүй гэсэн үг биш. Банктайгаа харилцан ярилцаад бусдад шилжүүлж, худалдаж болно. Зөвшөөрөл авах л асуудал. Буруу ойлгоод байна уу, эсвэл мушгиж тайлбарлаад байгаа юм уу мэдэх зүйл алга.
-Энэ хууль яригдаж эхэлсэн даруйд иргэд нэг зүйлийг хүлээж эхэллээ. Хуулийн өөрчлөлт батлагдмагц зээлийг найман хувиас таван хувь руу шилжүүлэх нь гэдэг яриа байгаа юм?
-Хуулийн өөрчлөлтөөр найман хувийг таван хувьд шилжүүлэх асуудлыг шийдэхгүй. Банкууд хэвийн үйл ажиллагаа явуулах, ипотекийн зээл хэвийн олгогдох нөхцөл боломжийг сэргээсэн асуудал. Зээл хэвийн үргэлжлээд явсны дараа тэр хувийн асуудлыг Засгийн газар ярих байх. Хуулийн төслийн өөрчлөлтийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг гаргасан. Харамсалтай нь баасан гарагт амжсангүй. Энэ долоо хоногийн лхагва гарагт батлагдах болов уу гэж найдаж байна.
Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ. Тэгэхээр банкууд тэр өдрөөс л зээлээ хэвийн олгоод явна гэсэн үг. Миний хувьд ард түмнийг төлөөлж, хууль боловсруулах ард түмний төлөө ажиллах үүргээ биелүүлж байна. Иргэдийн хүлээж байсан нэг том ажлыг шийдэх гарцыг л эрсэн. Дараа дараагийн асуудал мэдээж хувийг бууруулах боломж байна уу гэдэг асуудал. Энэ асуудлыг Засгийн газрын төвшинд яриад, УИХ-ын дарга барилгын компаний төлөөлөл, Монголбанк, банкны холбоо, ипотекийн корпорацийн төлөөлөлтэй уулзаад явж байгаа.
-Банк, иргэн хоёрын хоорондох харилцаанд төрийн оролцоо байгаа юм уу. Төр мөнгөгүй болчихоод зээл зогсоосон. Түүнийгээ Цэцийн шийдвэрээс болсон гэж хаацайлсан гэж сөрөг хүчин яриад байх юм?
-Төрийн оролцоо огтхон ч байхгүй. Хүний бодол, үйлдэл, үг гурав давхцаж байх ёстой гэж би чуулганы хуралдааны үеэр хэлсэн. Харамсалтай манай сөрөг хүчний хэлсэн үг, хийсэн үйлдэл дандаа зөрдөг. Хууль эрхзүйн орчноо эхлээд тодорхой болгочихъё. Тэрний дараа зээл хэвийн үргэлжлээд явчихвал тэдний яриад байгаа мөнгөгүйгээс зогсоолоо гэдэг асуудал хий хоосон улстөржилт болж хувирна. Хуулийг нь баталчихаад байхад зээл өгөхгүй бол сөрөг хүчний хэлээд байгаа үнэн болж таарна. Тэгэхээр цаг хугацаа л үнэнийг харуулах нь. Сөрөг хүчин үнэн яриад байна уу, эсвэл эрх баригч нам Цэцийн шийдвэрээр шоудаад байна уу гэдэг нь тодорхой болно гэсэн үг. Хуулийн үг үсэг заалт бүхэн хүмүүсийн амьдралд очиж нөлөөлдөг. Тийм ч учраас гаргаж байгаа шийдвэр бүхэндээ бид нухацтай хандах учиртай.
-Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох асуудал хэзээ албан ёсоор яригдаж эхлэх бол. Ипотекийн зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөөг та хэрхэн харж байна вэ?
-Бид шинээр дугуй бүтээгээд байгаа юм биш. Бусад бүх л улс орнууд ипотекийн зээлийн системээр иргэдээ байртай болгодог. Бага хүүтэй ипотекийн зээл гаргаж ирээд хүний нэн тэргүүний хэрэглээ болох амьдрах орон байрыг нь бий болгож өгдөг жишиг бий. Иргэд урт хугацаатай зээлээр авсан байрны зээлээ ажиллаж хөдөлмөрлөсөн хөлсөөрөө төлөөд явдаг. Ихэнх улс оронд ипотекийн зээлийн хүү бага байдаг юм билээ. Ихэнхдээ 3-5 хувьтай байдаг. Тэгэхээр Монгол Улс ч гэсэн найман хувийн хүүтэй зээлээ тав хүртэл бууруулах боломж юу байна вэ гэдгийг судлаж байгаа юм. МАН-ын Засгийн газрын үед зургаан хувийн хүүтэй зээл гэж гарахад 400-500 айл өрх байртай болсон байдаг. Дараа нь найман хувьд хүргэхэд шинээр 30-40 мянган айл байртай болж, өмнөх өндөр хүүтэй байх үед зээл авсан айлууд найман хувь руу шилжиж нийтдээ 70 гаруй мянган айл өрх ипотекийн зээлээр байранд орчихсон байна.
Одоо инфляци нэг оронтой тоонд хүрчихлээ. Бүр 2.9 болсон. Энэ үед таван хувьд хүргэж дэлхийн жишгийг дагах боломж бүрдэж байна. Улаанбаатар хот бол сая гаруй мянган хүн амтай том хот. Эдийн засгийн нөлөөг би утаа буурах талаас яръя. Хэрвээ сарын өмнө энэ шийдвэр зогсоогүй байсан бол зээл авах хүсэлтээ өгчихсөн байсан 2000 айл өрх байранд орж, нийслэлийн утаа шинэ оны өмнө 2000 яндангаар багасчихсан байх байлаа. Цаашдаа 200 орчим мянган өрхийг бага хүүтэй боломжийн урьдчилгаатай зээлээр орон сууцанд оруулах боломжийг хангавал тэрбум, тэрбумаар мөнгө зарж байгаа утааны асуудлаа шийдчихнэ. Эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө нь энэ. Улстөржүүлэх асуудал биш. Таван хувьд хүргэх асуудлыг дээр хэлсэнчлэн шат шатанд ярьж байна. Тун удахгүй л ажил хэрэг болох байх. Олон янзын хувилбар ярьж байна. Гишүүд ч санал бодлоо нэмэрлэж байгаа.
Хамгийн гол нь бага орлоготой, залуу гэр бүлийг дэмжих нь чухал юм. Ер нь иргэд аливаа асуудлыг ялгаж салгадаг болчихсон. Хэн нь шоудаж, популизм хийх гэж таалагдах гэж явж байгаа, хэн нь хууль боловсруулж батлуулах гэж явж байгааг ард түмэн харж мэдэж байгаа шүү дээ. Найман хувийн ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээс хойш 80-аад мянган айл орон сууцтай болчихлоо. Цаашдаа 200 мянган айлыг орон сууцаар хангах, энэ чиглэлийн хууль эрхзүйн орчныг бий болгох нь сөрөг хүчний яриад байгаа шиг нүгэл биш. Харин ч буян юм. Улаанбаатар хот утааны асуудлаа ч шийдчихнэ гэсэн үг.
-Банкны системийн хэмжээнд ипотекийн зээл чанаргүй байгаа зүйл байна уу. Төв банк бэлэн мөнгө хэвлэж санхүүжилтийг шийдэх нь гэж байгаа шүү дээ?
-Монголбанкны удирдлагуудын УИХ-ын даргад өгсөн мэдээллийг та бүхэн харсан байх. Ирээдүйн тэтгэврийн сангийн мөнгөөр санхүүжүүлэх гэх мэтээр яриа хэлцэл явж байгаа. Валютын ханш тогтвортой байлгана гэдгийг ч хэлсэн. Цаашдаа инфляци болон валютын ханшийг тогтвортой байлгах нь чухал. Хэрвээ эдийн засагт эрсдэлтэй байсан бол банкууд зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх нь чухал гэж мэдэгдэхгүй шүү дээ.
Инфляци бага, валютын ханш тогтвортой байхад эдийн засагт хүүг бууруулснаар эрсдэл учрахгүй гэж харж байгаа юм. Ганц ипотекийн зээлээс болж эдийн засагт хүндрэл учрахгүй л дээ. Гадны хөрөнгө оруулалт гээд олон янзын шалтгаан нөлөөлнө. Барилгын компаниуд үнээ нэмэхгүй гэдгээ хэлчихлээ. Банкууд хүүг буулгах боломжтой гээд хэлчихлээ. Энэ тохиолдолд ямар нэг эрсдэл бий болохгүй.
-Барилгын салбарын зээлийн хүүг бууруулж болж байгаа юм бол банкууд бусад хүүгээ ч гэсэн буулгах ёстой гэж байна. Энэ талаар таны бодол?
-Намын бүлэг дээр яригдсан асуудал. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед зээлийн хүүг бууруулах талаар ярих нь чухал. Тэр тусмаа малчид маш өндөр хүүтэй зээл авч байгааг би бүлгийн хурал дээр хөндсөн. Малчдын зээлийн хүүг багасгаж нэг оронтой тоонд хүргэх ёстой гэж үзсэн. Засгийн газрын төвшинд энэ асуудлыг судлаад явж байгаа. Монгол махаа гадагш экспортод гаргах, эдийн засгаа солонгоруулах, найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн цаана байгаа барилгын салбараа дэмжих гэх мэтээр намын бүлгийн төвшинд ажил хэрэг болох олон ч шийдвэрүүдийг ярьж байна.
-Ипотекийн асуудлыг энэ хүргээд өндөрлөе. УИХ-ын намрын чуулган завсарлахад тун бага хугацаа үлдлээ. Хуульзүйн байнгын хороо энэ намрын хувьд хэр үр дүнтэй хуралдав?
-Хуульзүйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд маш завгүй ажиллалаа. Зарим өдрөө 12 цагаар хуралдаж байлаа. Үүний үр дүнд нийгэмд хүлээлт үүсгээд байсан хуулиудыг баталсан. Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг тус тус баталлаа. Мөн Эрүүгийн болон Зөрчлийн захиргааны хуулиудыг баталсан. Ингэснээр өмнөх үеийн “шоронжсон” гэж нэрлэж байсан хуулиудыг өөрчиллөө. Өршөөлийн хууль бол яах аргагүй онцолж хэлэх хууль. Одоо ч гэсэн нийгэмд хүлээлт үүсгээд байгаа хуулиуд дээр ажиллаж байна. Эрүүгийн болон Зөрчлийн хэргийг хянан шалгаж шийдвэрлэх тухай, Захиргааны хэргийг хянан шалгаж шийдвэрлэх тухай хууль гэх мэт процессын хуулиуд мөн Цагдаа, Прокурорын болон ШШГЕГ-ын хууль гэх мэт байгууллагын хуулиудыг хэлэлцээд явж байна.
-Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг та ахалж байсан. Гэвч хуулийн хэрэгжилт хангалттай байсангүй. Нийгэмшүүлэх талаар ажиллаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл гарч эхэллээ?
-Өршөөлийн хууль өргөн хүрээнд гарсан. Хуулийг хэлэлцэж байхад энэ хууль гарахгүй, муу хууль байна, хэрэгжихгүй гэх мэтээр олон талаас шүүмжилж байсан. Гэхдээ тэдний ярьж байсанчлан муу болсонгүй. Нийт 100 орчим мянган иргэд Өршөөлийн хуульд хамрагдлаа. Өршөөл үзүүлэх зохион байгуулах комиссыг миний бие ахалж ажилласан. Өмнө нь ял эдэлж хоригдож байсан хүмүүжигчдийг комисс тогтоолоор шийдвэрлэж ялаас өршөөж байсан бол Үндсэн хуулийн зүйл заалтад нийцүүлэн шүүхээр шийдвэрүүлж ажиллалаа. Одоогоор ямар нэг ноцтой санал гомдол алга. Хууль хяналтын байгууллага нягт хамтран ажиллаж, суллагдсан бүх иргэдийг гэр оронд нь хүргэсэн. Цагдаа, шүүхийн байгууллага сайн ажилласан.
Гэхдээ нийгэм эдгээр хүмүүсийг хүлээж авахад бэлэн биш байгаа. Тэр тусмаа төр засгийн байгууллага, орон нутагт ажиллаж байгаа удирдлага, нийслэлийн засаг захиргааны байгууллага хангалттай ажиллаж чадсангүй. Шүүмжлэлийг тусгаж авах байх. Нийгэмшүүлэх, зөв хүлээж авах төлөвшүүлэх ажлыг сэтгэл гаргаж хийгээгүй. Хэрвээ тэгж ажиллаж чадсан бол тэр болгон буцаж гэмт хэрэг үйлдээд орохгүй. Төрийн хайр хишгийг даахгүй хүмүүс байгаа л байх.
-Гараад ирэхэд нь шууд ажлын байр өгчихнө. Нийгэмшүүлнэ гэсэн шүү дээ?
-Хөдөлмөрийн яам энэ талаар сайн ажиллаж байгаа. Гэвч дээр хэлсэнчлэн төр засгийн шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлээд сууж байгаа хүмүүс энд сэтгэл гаргаагүй. Уул нь манай ажлын хэсэгт нийслэлээс Засаг даргын орлогч нь ажлын хэсэгт орж ажиллах ёстой байсан. Гэтэл тэр нөхөр нь УИХ-ын тогтоол, хуулиа биелүүлээгүй, ажлаа хийхгүй байсны гор гарч байгаа юм. Ганц нэг төрийн бус байгууллага л орон гэргүй, суллагдсан иргэдийг хүлээж авлаа шүү дээ. Сэтгэлгүй ажилласан зүйл байна, байна. Эдийн засгийн хямралтай үед тэгээд өвөл батлагдсан учраас бэрхшээл их байгаа. Уг нь намар гаргаад орон гэргүй иргэд хаана хандах, ямар ажил хийх вэ гэдэг нь өвлөөс өмнө шийдэгдэх байсан ч намын бүлгүүдийн завсарлагаас болоод хойшилсоор өвөл батлагдсан.
-Х.Тэмүүжин гишүүний өргөн мэдүүлсэн Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал чухал байгаа. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар Цэцэд ямар өөрчлөлтүүд гарах вэ?
-Шүүхийн гаргаж байгаа шийдвэр нь ил тод байх ёстой. Тэр утгаараа Үндсэн хуулийн цэц шүүхтэй адил. Гаргасан шийдвэр нь гармагцаа шууд хүчин төгөлдөр үйлчилж эхэлдэг учраас шүүх л гэсэн үг. Тиймээс гаргаж байгаа шийдвэр болон тэр шийдвэрийг гаргасан үндэслэл нь ил тод байх ёстой юм. Яагаад ийм шийдвэр гаргаснаа тайлбарладаг болж байгаа. Үндсэн хуулийн цэцээс бусад бүх шүүхийн шийдвэр ил тод, үндэслэл нь ч тодорхой байдаг. Монгол Улсад тодорхой насанд хүрмэгцээ тэтгэвэрт гардаг жишиг байдаг. Хамгийн дээд тал нь 65 нас хүртэл ажилладаг. Тийм учраас тэтгэвэрт гарах насыг ч энэ хуулиар тогтоож байгаа. Баасан гарагт хэлэлцэх байсан ч амжсангүй.
-Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжих учраас одоо ажиллаж байгаа хүмүүс шууд тэтгэвэрт гарах уу?
-Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ. Өнөөдөр хэд нь тэтгэвэрт гарах насаа өнгөрүүлснийг хэлж мэдэхгүй юм.
-Цэцэд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн гишүүдийн нэг нь та шүү дээ. Ямар зөрчлүүд илэрсэн юм бэ. Ажлын хэсгийн дүгнэлт албан ёсных болсон уу?
-УИХ-ын гишүүн Г.Уянга, Ц.Нямдорж болон миний бие ажлын хэсэгт багтсан. Би ажлын хэсгийн гаргасан дүгнэлтэд санал нэгдээгүй учраас гарын үсэг зураагүй. Засгийн газрын гишүүнийг нэг нэгээр нь биш нийтээр нь огцруулах асуудлыг хөндөх ёстой гэж Цэц шийдвэр гаргасныхаа төлөө хахууль авсан, тэр нь 570 машин байсан гэх мэтээр улстөржүүлж байгаа. Цэц нэг машинтай байх нь асуудал биш. Машин унаа, ажиллах боломжоор хангах ёстой газар нь Засгийн газар өөрөө. Үндсэн хуулийг сурталчлах, ойг тэмдэглэх төсөв хөрөнгийг шийдэж өгсөн юм билээ. Тэр бол аль алиных нь хийх ёстой ажил. Манай хоёр хөршийн Үндсэн хуулийн цэц, гишүүдтэй адилтгах байгууллага, албан тушаалтнууд болон дарга нар нь тусгай үүргийн онгоцтой байдаг. Хөдөө гадаа явдаг, гадагшаа дотогшоо явах гэх мэт ажилдаа Үндсэн хуулийн цэц, дарга гишүүд нь хэрэглээд явах нь боломжийн унаа машин хэрэглээд явах нь сүржигнэх асуудал биш. Байх л ёстой юм.