Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга Х.Батсайхан
2016.01.25

Их дээд сургуулийг шинэ шалгуураар магадлан итгэмжилнэ

Манай улсад МУИС-аас эхлээд 100 гаруй их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 71 их дээд сургууль, коллеж боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр орж магадлан итгэмжлэгдсэн байна.

Ингэснээр төрөөс боловсролын салбарт явуулж байгаа бүхий л үйлчилгээг авах эрхтэй болдог. Тодруулбал тухайн сургуулийн оюутан 70 мянган төгрөгөө авах, төрийн сангийн зээл тусламжаар сурах гэх мэт эрх нь нээгддэг байна.

Нэгэнт төрийн үйлчилгээ авах эрх их дээд сургуулиудад бүрдэж байгаа учраас энэ оноос эхлэн шинэ шалгуураар магадлан итгэмжлэл явуулахаар болжээ.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга Х.Батсайхан: Хуучин их дээд сургуулийн магадлан итгэмжлэл хийхдээ материаллаг зүйл шаарддаг байсан. Илүү материаллаг зүйлд шаардлага тавьдаг байсан бол одоогоор дээд боловсролын сургалтын үйлчилгээ хүндээ хэр хүрч байна. Оюутанд боловсролын ямар арга, шинэ технологиор явуулж байна, багш нарын ур чадвар хэр байна гэх мэт  хяналт шинжилгээ үнэлгээний аргийг хэрэглэн магадлан итгэмжлэлийн шинэ шалгуур үзүүлэлт боловсруулсан байгаа. Тухайн сургуульд магадлан итгэмжлэл олгохдоо 10 жилийн хугацаатай олгодог байсан  энэ нь чанарыг ойрхон үнэлэх боломж байхгүй сөрөг талтай учраас шинэ дүрмээр тухайн сургууль нь таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэл олгохоор болсон.