"Эксперт" мэргэжил сургалтын төв нээлтээ хийв
"Эксперт" мэргэжил сургалтын төв нээлтээ хийв
2016.01.25

"Эксперт" мэргэжил сургалтын төв нээлтээ хийв

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Ж.Батзандан, Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нар өнөөдөр /2016.01.22/ Баянзүрх дүүрэгт байгуулагдаж буй “Эксперт” мэргэжил сургалтын төвийн нээлтэд оролцов. Нээлтийн арга хэмжээний эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин энэхүү төв нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, нийслэлийн хэмжээнд хүн ам хамгийн ихээр төвлөрсөн Баянзүрх дүүрэгт нээгдэж байгаагаараа онцлогтой гэдгийг тэмдэглэн хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүргийн иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулах, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төв нээгдлээ. Энэ төвөөр дамжуулан өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулахаас гадна төрөл бүрийн сургалтад хамрагдаж, нарийн мэргэжилтэй болох боломж бүрдлээ. Тиймээс Баянзүрх дүүргийн иргэд энэхүү төвийн үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж байгаа гэдгийг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг энэ үеэр хэлэхдээ, бичил бизнесийг дэмжих төвтэй болж байгаад баяртай байна. Энэ төвийн төсөв 2014 онд улсын төсөвт суугдсан байсан. Өнөөдөр ийнхүү ашиглалтанд орж байна. Цаашдаа бие биенээ дэмжин уулздаг газартай болж байгаад талархаж байна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан энэ үеэр салбарын яамнаас бичил бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого барьж байгаа. Цаашид энэхүү төвийг эрчимжүүлэх, олон нийтэд таниулах ажлыг идэвхтэй зохион байгуулах хэрэгтэй гэдгийг хэлсэн юм.

“Эксперт” төв нь бүх насны иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох анхан шатны сургалтыг чанартай зохион байгуулах, баялаг бүтээгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дэмжлэгтэйгээр нийт 14 багш, сайн дурын 9 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Дээрх сургалтын төвд үндэсний хувцас болон европ хувцасны оёдол, тогооч, гоо сайханч, үсчин, гэрээр хүүхэд харах, өндөр настан асрах үйлчилгээний сургалт, бариа засал, бясалгалын сургалт, жижиг, дунд бизнесийн төсөл, боловсруулах хэрэгжүүлэх мэргэжил, арга зүйн сургалтууд явагдаж байгаа аж.

Нээлтэд оролцсон Улсын Их Хурлын гишүүд гар урлалын бүтээлийн үзэсгэлэнтэй танилцахын зэрэгцээ “Эксперт” сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Нээлтийн арга хэмжээнд албаны хүмүүс болон иргэдийн төлөөлөл оролцов.