50 мянган хүнийг ажилтай, орлоготой болгожээ
50 мянган хүнийг ажилтай, орлоготой болгожээ
2016.01.22

50 мянган хүнийг ажилтай, орлоготой болгожээ

Хөдөлмөрийн салбарынхан жилд нэг удаа чуулдаг. Уламжлалынхаа дагуу өчигдөр, өнөөдөр хоёр өдөр яамны харьяа газар, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дарга, МСҮТ, Политехник коллежийн захирлууд хөдөлмөрийн салбарт анхаарах асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлаа ярилцаж уялдаа холбоогоо сайжруулах талаар зөвлөлдөж байна. Чингис зочид буудалд өчигдөр эхэлсэн удирдах ажилтны зөвлөгөөнийг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт удирдаж байгаа юм.

Энэ үеэр Хөдөл­мөрийн сайд Г.Баяр­сайхан “Хөдөлмөрийн салбарын бодлогыг боловсронгуй болгож, үйл ажиллагааг орон нутагт мэргэжлийн өндөр төвшинд шуурхай хэрэгжүүлж удирдах албан тушаалтнуудын удирдлагын манлайллыг нэмэгдүүлнэ. Мөн салбарын байгууллагуудын уялдаа холбоо, хариуцлагыг сайжруулах замаар үйлчилгээнийхээ чанар, хүртээмж, үр дүнг дээшлүүлэх шаардлагатай.

Энэ онд сургуулиудын элсэлтийг Хөдөлмөрийн хэлтсийн судалгаанд үндэслэн зохион байгуулж төгсөгчдийг ажилд  100 хувь зуучлахад анхаарах хэрэгтэй. Гадаадаас ажиллах хүч авч буй байгууллагууд монгол ажилтнуудыг дагалдуулах, дадлага ажил, практик сургалтад суурилуулж явуулах шаардлагатай” гэдгийг онцоллоо. Хөдөлмөрийн яамны харьяанд 3800 гаруй ажилтан салбарынхаа бодлого хуулийн хэрэгжилт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд анхаарч ажиллаж байгаа юм. Энэ салбарынхан өнгөрсөн онд 77.8 мянган ажлын байрны захиалга хүлээн авснаас 49.7 мянган иргэнийг ажилд зуучилжээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг 5696, орон нутгаас Дархан-Уул аймаг 2065  хүнийг ажилтай болгож тэргүүлсэн байна.

Хөдөлмөрийн салбарын бодлого шинэчлэлийн талаар Хөдөлмөрийн харилцааны бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Алимаа “Хөдөлмөрийн сайд, Үндэсний статистикийн хороотой хамтраад үйлдвэрлэлийн ослын статистик бүртгэлийн тогтолцоог шинэчлэх маягтуудыг энэ оноос хэрэгжүүлэхээр баталж гаргасан. Үйлдвэрлэлийн ослын нөхцөл шалтгааныг олон улсад мөрдөгддөг аргачлал, арга зүйд нь тохируулж, бусад хөгжиж байгаа орон, хөгжлийн төвшин ойролцоо орнуудтай харьцуулах боломжийг олгож байна. Энэ оны хувьд тодорхой зорилтуудыг хөдөлмөрийн харилцааны чиглэлээр тавьж байгаа. Хөдөлмөрийн хууль, тогтоомжийг шинэчлэх ажлыг эрчимтэй хийх ёстой. Хөдөлмөрийн хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан” гэсэн юм.

Удирдах ажилтны зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн хүмүүст Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж оюутнуудынхаа шилдэг бүтээлээр үзэсгэлэн гаргасан байв. Тэд сургуулийнхаа 50 жилийн ойг угтаж “Бүтээлч ажил” аяны хүрээнд мод, металл, зотон, даавуу, гууль, хялгас зэрэг материалаар хийсэн уран зураг, хувцаснуудаа дэлгэлээ. Энэ үеэр бид орон нутгийн хөдөлмөрийн хэлтэс, МСҮТ-ийн дарга нартай уулзлаа.

Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Соёлмаа: АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН 60 ХУВЬ НЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГССӨН ЗАЛУУЧУУД БАЙНА

-Өнөөдөр бид өнгөрсөн оныхоо үр дүнг хэлэлцээд ирэх оныхоо зорилтыг тодорхойлж зөвлөлдөж байна. Дархан-Уул аймагт ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх танхимыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарч шинээр бий болгосон. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг хангахад ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ чухал байна. Манайд бүртгэлтэй байгаа ажилгүй иргэдийн 60 орчим хувь нь их, дээд сургууль төгссөн залуучууд байгаа. Яагаад гэвэл хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцээгүй мэргэжлээр төгсөөд ажлын ур чадвар байхгүй, ажилд зуучлах гэхээр тухайн ажлынх нь эрэлт байдаггүй. Тиймээс бид тохирох ажилд нь зуучлахын тулд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байж сул ажлын байр гармагц тухайн ажлын байранд зуучилдаг. Өнгөрсөн жил 2065 ажлын байранд иргэдийг зуучилсан. Мөн 2003 шинэ ажлын байрыг бүртгэлээ. Мөн аймгийн хэмжээнд ажлын байрыг дэмжих, хадгалах хөтөлбөрийг шинээр орон нутгийн онцлогт тохируулж, боловсруулаад Иргэдийн хурлаараа батлуулаад ажиллаж байна.

Баянхонгор аймгийн МСҮТ-ийн захирал Ш.Чимгээ: ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛТЭЙ УЯЛДУУЛЖ ЭЛСЭЛТ, ТӨГСӨЛТИЙНХӨӨ БОДЛОГЫГ ГАРГАДАГ

-Баянхонгор аймаг дахь МСҮТ-д 1240 суралцагчтай, 16 мэргэжлээр мэргэжлийн анхан шатны боловсрол олгож байна. Манай сургуулийн хувьд Мэргэжлийн болосврол сургалтын орон нутгийн салбар зөвлөл, аймаг, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, ИТХ, Засаг дарга, Тамгын газар бусад сум орон нутгийн удирдлагуудтай хамтарч Баянхонгор аймагт хөдөлмөрийн зах зээлийн тоон ба чанарын судалгаа хийсний үндсэн дээр мөн аймаг, орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн тэргүүлэх чиглэлтэй уялдуулж элсэлт, төгсөлтийнхөө бодлогыг гаргадаг.

Мал аж ахуй давамгайлсан хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбар манай аймгийг тэргүүлдэг. Үүнтэй уялдуулаад манай сургуулийн хувьд эзэмшүүлэх ёстой тэргүүлэх 10 мэргэжлийг тодорхойлсноор элсэлтээ дагасан төгсөлтийг зохион байгуулдаг. Ажил олгогч эзэдтэй хамтраад аж ахуйн нэгж, байгууллагуудын захиалгаар элсэгчдээ чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр суралцуулаад төгсөхөд нь ажлын байртай болох талаар хамтарч ажиллаж байна.

Хэнтий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Жаргалсайхан: АЖИЛГҮЙ 1000 ГАРУЙ ИРГЭН БҮРТГЭЛТЭЙ БАЙГАА

– Манай аймгийн хувьд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үндсэн хөтөлбөрүүдийнхээ дагуу ажиллаж байгаа. Хөдөлмөрийн хэлтэст үйлчилгээний болон барилгын чиглэлийн ажлын байрны захиалга их ирдэг. Хэнтий аймагт 2012-2016 оны хооронд бүтээн байгуулалт өрнөсөн. Ажил зуучлалаар 1041 хүнийг ажилтай болгосон. Одоогоор Хөдөлмөрийн хэлтэст ажилгүй 1000 гаруй иргэн бүртгэлтэй байгаа.

Ховд аймгийн “Хөгжил” политехник коллежийн захирал Д.Баярмаа: АЖИЛ ОЛГОГЧ, ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ХОЛБООТОЙ АЖИЛЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

Манай сургууль 70 жилийн турш 24 мэргэжлээр 1200 гаруй мэргэжилтэй ажилтныг бэлтгэж ирлээ.Сүүлийн жилүүдэд МСҮТ, политехник коллежид суралцагсдын ур чадвар нэмэгдэж байгаа учраас төгсөгчдийн ихэнх нь ажилтай болж байна. Ажил олгогчидтой сургуулийн зүгээс гэрээ хийгээд ажлын байран дээр нь дадлагажуулж, шууд ажилд зуучилж байна. Тиймээс ажил олгогч, хөдөлмөрийн хэлтэстэйгээ уялдаа холбоотой ажиллахыг зорьж байна. Манай сургуульд аймгийн 17 сумаас гадна баруун бүсийн аймгуудаас хүүхдүүд ирж суралцдаг. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн талаар судалгаа хийхэд 70 хувь нь ажилтай болсон дүн гарсан.