Дээд боловсролын АКАДЕМИК эрх чөлөөг хүндэтгэсэн загварыг бий болгоно
БСШУ-ны сайд, БМИҮЗ-ын дарга Л.Гантөмөр
2016.01.21

Дээд боловсролын АКАДЕМИК эрх чөлөөг хүндэтгэсэн загварыг бий болгоно

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-өөс "Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмлжлэл болон байгууллагыг магадлан итгэмжлэх шалгуурт орсон өөрчлөлт"-ийн тухай мэдээлэл хийлээ. Үүний дараа БМИҮЗ-ийн дэд болон үндсэн гишүүддээ гишүүнчлэлийн батламжийг гардуулсан юм.

БСШУ-ны сайд, БМИҮЗ-ын дарга Л.Гантөмөр "Манай МИҮЗ-өөс өнөөдөр УИХ-д Боловсролын тухай багц хуулийн дээд боловсролын тухай хуулийн магадлан итгэмжлэлийн шинэчлэлтийн хэсэгт өөрчлөлт оруулан өргөн барьсан бөгөөд одоо Байнгын хороон дээр хэлэлцэгдэж байгаа.

Энэхүү магадлан итгэмжлэх шалгуурт орсон өөрчлөлтүүдийг 2015 онд эрдэмтэн багш нар, судлаачид хамтдаа боловсруулсан бөгөөд МИҮЗ-өөр батлуулсан. Энэхүү шалгуур батлагдснаас их дээд сургуулуудийн хувьд шинэчлэлт эхлэх болно. 

Тухайлбал, өнөөдрийг хүртэл тухайн сургууль нь тогтсон стандарт, загварт хүрсэн тохиолдолд магадлан итгэмжлэгддэг байсан.

Харин хуулинд тусгагдсан шинэ шалгуур нь сургуулиудыг илүү их нээлттэй, зорилготой, өөрсдийн гэсэн онцлогтой, дээд боловсролын академик эрх чөлөөг хүндэтгэсэн боловсролын загварыг бий болгох нөхцөлийг бүрдүүлэх юм.

Азийн Хөгжлийн Банкны дээд боловсроын шинэчлэлийн хүрээнд БМИҮЗ-ийн үйл ажиллагааг шинэчилэх, их дээд сургуулиудийн чанар чансааг нэмэгдүүлэх, Олон улсын магадлан итгэмжлэлд долоон хөтөлбөр, дотоодын магадлан итгэмжлэлд 21 хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зэрэг ажлуудыг төлөвлөж, ажиллаж байна. 

Энэ хүрээнд Германы ASIIN байгууллагатай хамтарч ажиллах болно. Бид зөвхөн Азийн Хөгжлийн Банкнаас авч байгаа зээлийн санхүүжилтийн хүрээнээс гадна өөрсдийн бололцоог бүрэн гарган ажиллах болно. Нийт 1 сая ам.долларыг зарцуулах болно.

Хэрвээ бидний хүсэж байгаагаар хууль батлагдвал, бид бие даасан, яамнаасаа хараат агентлаг болох болно. Гэхдээ яамтайгаа хамтран ажиллах үедээ ч бас ажиллана. МИҮЗ-д өнөөдрийг хүртэл ажилласан нийт хүмүүс болон их сургуулийн удирдлагууд болон холбогдох хүмүүст баярлалаа" гэв

МОНГОЛ УЛСАД ОДООГООР 100 ГАРУЙ ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖ БАЙГААГААС 71 НЬ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН

БМИҮЗ-ийн дэд дарга Х.Батсайхан хэлэхдээ "Монгол Улсад одоогоор 100 гаруй их дээд сургууль, коллеж байгаагаас 71 нь магадлан итгэмжлэгдсэн. 2016 оны нэгдүгээр сарын байдлаар 16 сургуулийн магадлан итгэмжлэлийн хугацаа нь дуусч байгаа. Эдгээр сургуулиуд ҮЗ-тэй холбогдож, хугацаагаа сунгах боломжтой.

Өмнөх хуулиндааа бол сургуулиуд сайн дураараа магадлан итгэмжлэгддэг байсан. Харин УИХ-д барьсан хуулийн найруулгын өөрчлөлт дээр бол дээд боловсролын байгууллага заавал МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЭХ ЁСТОЙ гэж өөрчилсөн байгаа. Харин сургалтын хөтөлбөрөө бол сайн дураар итгэмжлүүлэх боломжтой. Мөн аливаа асуудал шийдүүлэхдээ МИҮЗ-өөс зөвшөөрөл авсны дараа яаманд хандах гэсэн шат дараалалтай болгосон байгаа. 

Цаашилбал өмнө нь арван жилийн хугацаатай сургуулиудыг магадлан итгэмжилдэг байсан. Гэвч арван жилийн хугацаанд гурван удаа л тайлан гаргасан сургууль байна.

Тиймээс бид шинэ хуулиндаа итгэмжлэх хугацааг багасгасан. Яагаад гэвэл дээд боловсролынхон бол тасралтгүй өсөн дэвжих ёстой байгууллага учраас. Үндсэндээ бид сургууль бүрийг байнга хянах боломжтойгоос гадна хэрэгтэй зөвлөгөөг өгдөг системийг бий болгож байна гэсэн үг.

Хэрвээ магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд дотор чанар муу байвал нэг жилийн хугацаа өгч, манай зүгээс шаардлагатай зөвлөгөө өгөх болно" гэлээ.