Магадлан итгэмжлэл бол мэргэжлийн үйл ажиллагаа
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл /БМИҮЗ/ нь 1998 онд байгуулагдаж, дээд болон мэргэжлийн боловсролын чанарыг дээшлүүлэн Монголын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг олон улсад хүлээн зөвшөөрөхөд түлхэц болох үүднээс талаар олон ажил хийсээр иржээ.
2015 онд БМИҮЗ нь эрдэмтэн, судлаачид, сургуулийн удирдлага, багш, ажилтнуудтай хамтран ажлын хэсэг байгуулж, дээд боловсролын сургалтын байгууллага /ДБСБ/ болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинэ шалгуур, шаардлагыг боловсруулж, оролцогч талуудын өргөн оролцоотойгоор хэлэлцүүлэн баталсан. Энэ шинэ шалгуур, шаардлага нь олон улсын нийтлэг зарчимд нийцсэн ДБСБ, хөтөлбөрийн чанарын хөгжил, чанарын баталгаажууллын үндэсний тогтолцоог хөгжүүлэхэд нэгэн шинэ алхам боллоо.
БМИҮЗ-ийн үйл ажиллагаа болон, магадлан итгэмжлэлийн шинэ шалгуур, шаардлагын талаар БМИҮЗ-ийн дэд дарга Х.Батсайхантай ярилцлаа.
Танай байгууллагын үйл ажиллагаа, түүний ач холбогдлын талаар товчхон танилцуулна уу?
БМИҮЗ нь Боловсролын тухай хуулинд заасны дагуу дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагад хөндлөнгийн чанарын үнэлгээ хийж, боловсролын чанарыг сайжруулахад мэргэжлийн зөвлөгөө туслалцаа үзүүлэх зорилгоор 1998 онд байгуулагдсан. Манай Удирдах зөвлөл мэрэгжлийн салбарын ажил олгогч, их дээд сургуулиудын төлөөллөөс бүрдсэн 17 хүний бүрэлдэхүүнтэй, мөн салбар комиссуудтай.
Монголд 100 гаруй их дээд сургууль, 70 гаруй мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага бий
Өдөр тутмын ажлыг БМИҮЗ-ийн ажлын алба гүйцэтгэж, ДБСБ болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/ болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Монголд 100 гаруй их дээд сургууль, 70 гаруй мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага бий. Сургууль болон хөтөлбөрийг сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжилдэг байсан. 2016 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар 71 их, дээд сургууль, коллеж, МСҮТ магадлан итгэмжлэгдсэн.
Их, дээд сургуулиудыг магадлан итгэмжлэхэд ямар шалгуур, шаардлага тавьдаг байсан бэ? Энэ шалгуур, шаардлагыг яагаад шинэчлэх болов?
2013 оноос Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн хүрээнд дээд боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх олон үр бүтээлтэй ажлыг өрнүүлж байна. Энэ төслийн хүрээнд олон улсын болон үндэсний зөвлөхүүд манай зөвлөлийн магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, чанарын баталгаажууллын үндэсний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр нилээд шинэчлэл, нэн түрүүнд эрх зүйн орчныг шинэчлэх, түүний дараа бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх зэрэг тулгамдаж байгаа асуудлуудаар зөвлөмж өгч, дүгнэлт гаргасан юм.
1998 онд дээд боловсролын сургалтын байгууллагууд олноор үүсгэн байгуулагдаж, дөнгөж төлөвшиж байх үед 200 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байсан хэдий ч чанарын хувьд харилцан адилгүй байлаа.
Тэр үед магадлан итгэмжилж байсан анхны шалгуур, шаардлага нь их, дээд сургуулиудын материаллаг бааз, сургалтын орчныг бэхжүүлэхэд чиглэсэн тоон үзүүлэлтүүдийг чухалчилдаг байсан.
Тухайлбал, заавал компьютерийн лабораторитай байх, лабораторийн нэг суудалд 4 кв.м талбай оногдох, хичээллэх үед нэг компьютерт 2-оос дээшгүй оюутан ноогдож байх гэх мэт. Одоо энэ шалгуурыг бүх сургуулиуд давуулан хангаж байгаа байх. 2004 оноос хоёр дахь шинэ шалгуур, шаардлагыг мөрдөж эхэлсэн. Энэ үед багшлах боловсон хүчний нөөц, сургалтын агуулга, номын сан, мэдээллийн хангамжид илүү анхаарч ирсэн ба зарим тоо үзүүлэлтүүд багасч, чанарын үзүүлэлтүүд нэмэгдсэн.
Одоогийн шинэ шалгуур, шаардлагаар сургалтын үр дүнд чиглэсэн сурах, сургах арга барил, технологийн шинэчлэлийг чухалчлан, түүнд нийцсэн оюутанд болон нийгэмд чиглэсэн үйлчилгээ, чанарын баталгаажууллын дотоод болон гадаад үнэлгээ, үндэсний болон олон улсын хэмжээнд эзлэх байр суурь зэргийг нэмж тусгасан.
Одоогоор 63 сургуульд БМИҮЗ-ийн гишүүн байгууллагын гэрчилгээ олгосон.
Тухайн сургуулийг төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болж байна вэ, төгсөгчдийн ур чадвар ажил олгогчдын шаардлагыг хир хангасан, оюутанд чиглэсэн үйлчилгээ нь тэдний эрэлт хэрэгцээнд хир нийцтэй байна, олон улсад нэр хүнд нь сайтай байна уу, гадаадын их дээд сургуультай хамтын ажиллаагаа хир үр нөлөөтэй байна, дотооддоо өөрийн үнэлгээ, чанарын үнэлгээний системтэй юу зэргийг харж дүгнэнэ. Сургууль бүр чанарын үнэлгээний нэгжтэй, тэр нь үр дүнтэй үйл ажиллагаа явуулж, чанарыг байнга сайжруулдаг байх шаардлагатай.
БМИҮЗ-ийн гишүүн байгууллагын гэрчилгээг ямар сургуулиуд гардан авсан бэ?
Манайхтай ижил төстэй гадаадын, олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагууд ихэвчлэн гишүүнчлэлтэй, гишүүнээр элссэн тохиолдолд үйлчилгээ үзүүлдэг нийтлэг жишиг байдаг. Энэ жишгээр БМИҮЗ-ийн дүрмийг шинэчлэн гишүүнчлэлийн асуудлыг шинээр оруулсны дагуу энэ жилээс гишүүнчлэлтэй болсон. Одоогоор 63 сургуульд БМИҮЗ-ийн гишүүн байгууллагын гэрчилгээ олгосон.
Магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд албан ёсоор гишүүн байх бөгөөд нэр дэвшигч гишүүнээр магадлан итгэмжлэлд бэлтгэж байгаа сургуулиуд, хүндэт гишүүнээр дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагууд элсэж, манайхтай хамтран ажиллах боломжтой. Аль нэгэн гадаадын байгууллага манай улсад магадлан итгэмжлэх үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол БМИҮЗ-д зайлшгүй бүртгүүлж, түүний дараа Монголын сургуулиудтай хамтран ажиллах боломж бүрдэх юм.
Та хэзээнээс энэ албыг хаших болов? Таныг энэ ажлыг авах үед Монголын их дээд сургуулиуд ямар байдалтай байв?
БМИҮЗ 1998 онд байгууллагдсанаас хойш хөгжлийн нилээн хэдэн үе шатыг дамжсан. Би 2013 оны наймдугаар сараас ажлаа авч, тухайн үед дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлого гарч, шинэчлэлт өөрчлөлтүүд эрчимтэй явагдаж эхэлсэн. Түүнтэй холбоотойгоор магадлан итгэмжлэх үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэхийг зорьж, дээд боловсролын чанарын баталгаажууллын тогтолцоог бүрдүүлэн, ДБСБ-д очиж буй олон давхардсан хяналт шалгалтын ажлыг нэгтгэн нэг болгохыг зорьсон.
Сургуулийн хоёр дахь магадлан итгэмжлэлийг 10 жилийн хугацаатай өгдөг байсан нь тухайн сургууль болон БМИҮЗ хоорондын харилцааг холдуулж байв.
Жишээ нь зарим нэг сургууль 10 жилд гуравхан удаа ахиц дэвшлийн тайлан өгдөг байсан нь тухайн сургуулийн ажлыг тасралтгүй үнэлэх боломжгүй болгосон. Аттестачлагдсан сургуулийн оюутанд далан мянган төгрөгийн тэтгэлэг олгоно гэсэн шийдвэр гарсан нь магадлан итгэмжлэлийн ач холбогдлыг бууруулж байв. Тиймээс магадлан итгэмжлэлийн эрхзүйн орчныг шинэчлэх зорилт тавьж өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн дэмжлэгтэйгээр нилээд ажлуудыг хэрэгжүүлж эхний үр дүнгүүд гарч байна.
Ажлаа авснаасаа хойш ямар шинэчлэлүүдийг хийсэн бэ?
Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны эрх зүйн орчин, БМИҮЗ-ийн дүрэм, журмыг шинэчлэн болон шинээр боловсрууллаа. Энэ нь манай байгууллагын бие даасан байдал, хараат бус байдал, санхүүжилтын эх үүсвэрийг баталгаажуулж өгсөн. Магадлан итгэмжлэлийн талаар хоёрхон заалт Боловсролын тухай хуулинд байдаг. хуулинд заагдсан байсан. Одоо нилээд зүйл заалтуудыг нэмсэн Боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж байна.
Их, дээд сургуульд дотоод чанарын баталгаажуулалтын алба, нэгж байгуулах ажил эхэн шатандаа явж байна.
Тухайлбал сургууль шинээр байгуулах, шинэ хөтөлбөр эхлүүлэх бол урьдчилан магадлан итгэмжлэлийг БМИҮЗ-өөр хийлгэж, түүнд үндэслэн БСШУЯ тусгай зөвшөөрөл олгох болно. Мөн дээд сургууль, коллежиуд ангиллаа ахиулахыг хүсвэл БМИҮЗ-ийн гаргасан дүгнэлтийг үндэслэн зохих шийдвэрийг гаргах зэрэг асуудлууд нэмж тусгагдсан. Өмнө нь сургуулиуд сайн дураар магадлан итгэмжлэлд хамрагдаж байсан бол одоо заавал магадлан итгэмжлүүлэх ба таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэх, харин хөтөлбөрийн хувьд магадлан итгэмжлэлийг сайн дурын үндсэн дээр хийлгэх талаар заалтууд нэмэгдэж байгаа.
Мөн их, дээд сургуульд дотоод чанарын баталгаажуулалтын алба, нэгж байгуулах ажил эхэн шатандаа явж байна.
Цаашид дээд боловсролын салбарт ямар шинэчлэлүүдийг хийхээр төлөвлөж байна?
Иргэд, олон нийтийн зүгээс их, дээд сургуулийг чанаржуулмаар байна гэсэн хүсэлт их тавьдаг. Бид иргэд, нийгэм, олон нийтийн эрэлт хэрэгцээг үйл ажиллагаандаа тусгахыг зорьж байна. Нэг талаас сургуулийн хөгжил, чанарт үр нөлөө үзүүлэх, нөгөө талаас олон нийт, иргэдийн эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцэх сайн магадлан итгэмжлэл хийвэл аль аль талдаа ашигтай.
Сургууль ч нийгэмд байр сууриа дээшлүүлж, төрийн зүгээс дэмжлэг авах боломжууд бий болно.
2016 онд магадлан итгэмжлэлийн хугацаа нь дуусч байгаа 16 сургууль шинэ шалгуур, шаардлагаар магадлан итгэмжлэгдэж эхэлнэ. Мөн байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн тэргүүлэх хөтөлбөрүүдийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр ажиллаж байна. Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн дэмжлэгтэйгээр 21 хөтөлбөрийг дотооддоо магадлан итгэмжлүүлэх ажил ид өрнөж байна.