Би ажилдаа туйлбартай, сэтгэлээсээ ханддаг
Түүнтэй ярилцаж суухад тэр энгийн, даруу төлөв хүн шиг санагдсан. Ярьж буй зүйлээ их л бодож байж дуугардаг нь илэрхий. Парламент дахь эмэгтэйчүүдийн орон зайг нөхөж яваа тэрээр улс орны гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал зэрэг өргөн хүрээний асуудалд анхаардаг төдийгүй улс орны анхдагч нэгж, нэгэн эд эс болсон гэр бүлийг орхигдуулдаггүй. М.Батчимэг гэдэг хувь хүн хийгээд бие хүнтэй ярилцлаа. Уншигч танд ярилцлага таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Та өөрийгөө дараагийн парламентад байх хүний нэг гэж үздэг үү?
2016 оны сонгуульд нэр дэвших боломж олдохыг үгүйсгэхгүй. Гэхдээ сонгуульд нэр дэвших нь зөвхөн өөрөөс шалтгаалах шийдвэр биш байдаг.
Нам дэмжвэл ирэх сонгуульд нэр дэвших магадлалтай.
Надад цаашид хууль тогтоох байгууллагад ажиллаж, улс орны хөгжилд хэрэгтэй шийдвэрүүдийг гаргалцах хүсэл эрмэлзлэл бий. Ажил хийх хүсэл эрмэлзлэл байхад ажил хийх боломж байна уу гэдэг нь өөр хэрэг. Улс төрийн тогтолцоо нь УИХ-ын гишүүдэд ажил хийх боломж олгож байна уу, үгүй гэдэг чухал болохыг энэ дөрвөн жилд мэдэрч байна.
Хувь хүний алдаа, онооноос илүүтэй хууль эрх зүйн орчин нь улс төрчид хамтран ажиллах биш улс төрийн өрсөлдөөнийг бий болгох, улам дэвэргэх нөхцлийг бүрдүүлж байна гэж ойлгодог.
Тухайлбал, УИХ-ын дэгийн тухай хуулийн зарим нэг зүйл заалт нь тухайн гишүүн ганцаарчилсан тоглолт хийх боломжийг бүрдүүлж байна.
Аливаа улс орон хөгжинө гэдэг хамтын зохион байгуулалт байдаг. Хамтдаа урагшлах боломжийг тухайн улсын засаглалын тогтолцоо олгодог байх, хувь хүний сул талыг дарж чадах тогтолцоог бий болгосон байх шаардлагатай байдаг. Монголын улс төрд ийм тогтолцоо ус агаар шиг хэрэгтэй байна.
Одоогийн нөхцөл байдалд хүсэл-боломж хоёрын дунд том зай байна.
Улс төр, төрийн тогтолцооны чиглэлээр судалгаа хийж ирсэн хүний хувьд энэхүү бүрэлдэн тогтсон тогтолцоог засаж сайжруулан, улс эх орондоо сурсан мэдсэнээ зориулах эрмэлзлэл одоо ч дүүрэн байна.
Та намын үзэл баримтлал, байр суурь, мөрийн хөтөлбөрийн дагуу ажлаа хийж байна уу эсвэл М.Батчимэг гэдэг УИХ-ын гишүүний хувьд Монголын улс төрд юу хийж чадах вэ гэдэг үүднээс асуудалд хандаж, ажилладаг уу?
Нам, хувь хүний хүчин зүйл 50/50 хувьтай. Сонгогчид нэг талаас хувь хүнийг харах нь чухал, нөгөө талаас тогтолцоо, намыг үгүйсгэж болохгүй. Нам гэдэг өнөөдрийн нөхцөлд байх ёстой хэм хэмжээ, чиг үүргээ биелүүлж чадахгүй байгаа учраас хувь хүний ёс зүй, түүнд хамаарах хүчин зүйлс дээгүүрт тавьж байгааг буруутгах аргагүй.
Тогтолцоог сайжруулахад хувь улс төрчийн манлайлал, чин хүсэл эрмэлзлэл хэрэгтэй гэж боддог.
Зөвхөн сайн удирдагч гээд хувь хүнийг дээгүүрт тавибал дарангуйлагчтай болно гэсэн үг.
Тимйээс муу хүнд ч гэсэн сайн ажиллах боломж олгодог тогтолцоог бий болгох хэрэгтэй.
Нам бол бодлогын байгууллага. Нам улс орноо хөгжүүлэх бодлого боловсруулах чадамжтай боловсон хүчин бэлдэх үүрэгтэй. Улс төрийн нам бол төр-иргэн хоёрын хоорондын гүүр. Энэ үндсэн үүргүүдээ гүйцэтгэж чадахаа больж, үндсэндээ хүмүүсийн бөөгнөрөл, ашиг сонирхлын цугларал болж байна. Энэ бүхнээс үүдээд намыг үгүйсгэж байна. Гэтэл намгүй улс төр гэдэг бол хүнгүй компанитай адилхан.
Бүх хүн хувиараа бизнес эрхэлдэггүйтэй адилхан улс төр намгүй явдаггүй. Ямар улс төрийн тогтолцоо үйлчилж байгаагаас үл хамааран нам байсаар л ирсэн, байсаар ч байх болно.
"Шатрын өрөг дэх Монгол" номын нээлт, 2012 он, Тэр энэ номоор олонд илүү танигдсан гэж хэлж болно
Та өөрийгөө тодорхой амжилтад хүрсэн гэж үзвэл түүнд юу нөлөөлсөн гэж хэлэх вэ?
Хийсэн зүйлээ дундаас нь хаядаггүй, туйлбартай зантай гэж хүмүүс үнэлдэг. Энэ нь магадгүй эмэгтэйчүүдийн нийтлэг зан төлөв байж болох юм.
Ямар ч ажилд сэтгэлээсээ ханддаг. УИХ-ын эмэгтэй гишүүдийг ажиглаад байхад нэг ажил бариад авсан бол түүний төлөө тууштай ажилладаг.
Улс төрд өөрийгөө зориулаад ирэхээр хувийн амьдрал орхигдож байна уу?
Агуу удирдагч эмэгтэй Маргарет Титчер өтөл насандаа ганцаараа үлдэж, хүүгээ алдсан ганцаардмал хүн болж үлдэх тэр мөчид “Та залуу насандаа очвол улс төрч болох уу?” гэж асуухад “Үгүй” гэж хариулдаг. Тэр эмэгтэй бүх зүйлээ золиослосон.
Улс төр бол сэтгэл. Тиймээс түүндээ сэтгэл гаргаж чадахгүй, хувийн амьдралдаа сэтгэл гаргана гэвэл худлаа болно. Эмэгтэй хүний хувьд энэ бүхний тэнцвэрийг хадгална гэдэг маш амаргүй, хатуу даваа гэж боддог.
Нөхөртэйгээ 13 настайгаасаа үерхсэн, бид бие биенээ сайн мэднэ. Гэр бүлийн амьдралаа сэтгэл түвшин авч явахын төлөө хичээж, хичнээн завгүй байсан ч гэр бүлдээ тодорхой цаг зарцуулж, халамжилдаг.
Гэр бүл гэдэг бол улс орны хувьд маш чухал зүйл. Гэр бүлийн үнэ цэний тухай өдөр ирэх бүр улам бодож тунгаадаг болоод байна. Тиймээс гэр бүлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүднээс энэ чиглэлийн ТББ-ууд, цагдаагийн байгууллагатай хамтран Орхон аймагт гэр бүлийн сургагч багш бэлтгэхийг дэмжин ажиллаж байна.
Гэр бүлийн хамт, 2009 он
Хувь хүн сайн явна гэдэг зөвхөн тэр хүний асуудал биш. Сайн хань ижил, өсөж төрсөн орчин гэдэг яалт ч үгүй чухал.
Тэгвэл та ямар орчинд өсөж хүмүүжив? Таныг өндөр боловсролтой, удам сайтай гэр бүлээс гаралтай гэдэг?
Манай аав эхээс наймуулаа. Аав минь инженер мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн тээврийн байгууллагад даргаар олон жил ажилласан. Ээж багш. Тэд нилээн махруу, аливаад сэтгэлээсээ ханддаг, шударга, хатуу зарчимч хүмүүс учраас үлгэр дууриалал болсон доо. Гэр бүлийн хүмүүжил, үр өгөөж гэдэг хувь хүний амжилтад ихээхэн нөлөөтэй гэж боддог.
Манай аавын том ах, эгч хоёр нь Ардын Их хурлын депутатууд байсан. Дунд дүү нь мөн депутат. Тиймээс би гэр бүлийн ургийн бичгээ сөхвөл би гэр бүлээсээ төрсөн 4 дэх УИХ-ын гишүүн болж байгаа юм.
Төрийн ажил бол стресс, бухимдал ихтэй ажил. Та стрессээ яаж тайлдаг вэ?
Ойр дотны хүмүүстэйгээ сэтгэлээ нээж ярих нь их чухал. Өнөө маргаашийн тулгамдсан асуудлаас болж бухимдах үедээ түүхэн ном уншиж, уужирдаг. Хүн тухайн асуудлыг том агуулгаар нь уужуу ухаанаар хандах юм бол өнөөдрийн асуудал жижиг харагддаг.
Тэр тайван байдлаа хадгалахыг хүсдэг, Франц улс, Парис хот, Ялалтын хаалга, 2012 он
Буудлагын спортоор хичээллэдэг гэж сонссон. Ямар өгөөжтэй спорт вэ?
Манай буудлагын багш нар надад авьяас байна гэж хэлдэг. Буудлагын тэмцээн уралдаанд орохоор нилээн дээгүүр байр эзэлдэг тал бий. Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа эрэгтэй гишүүдтэй хамт буудаж, 10 гаруй хүнээс гуравт орж байлаа.
Буудлагын спорт бол аливаад төвлөрөх, тэсвэр тэвчээр шаардсан, ончтой шийдвэр гаргах чадвар, чанарыг суулгадаг юм шиг санагддаг.
Та улс орны үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого зэрэг асуудалд анхаарлаа хандуулахаас гадна аль нэг дүүрэг, аймаг суманд бодитой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө явж байна уу?
Намын жагсаалтаар сонгогдсон гишүүдийн хувьд улс орны хэмжээнд асуудлыг харж, анхаарал хандуулж ажиллах боломж их байдаг. Тойргоос сонгогдсон гишүүдийн хувьд тэдний үүрэг нь сонгогдсон тойрогтоо илүү анхаарч ажиллах юм. Энэхүү холимог тогтолцоог зөв гэж боддог.
УИХ-ын гишүүдийн нэг хэсэг нь сонгогчдоо төлөөлж байхад нөгөө хэсэг нь үндэсний аюулгүй байдал, улс орны эдийн засаг, нийгмийн асуудалд голлон анхаарах нь зүйтэй.
Намын жагсаалтаар сонгогдсон гишүүд нь тойргийн ачааллаас ангид харьцангуй чөлөөтэй, том хүрээнд асуудалд анхаарч ажиллах боломжтой байдаг.
Та УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлснээс хойш Орхон аймаг, Эрдэнэт хотыг зорьдог боллоо? Шалтгаан нь?
2012 оны сонгуулиас өмнө намынхаа шугамаар, албан ажлын шалтгаанаар Орхон аймагт нилээн ажиллаж эхэлсэн. 2012 оны сонгуулиар Орхон аймагт АН-ыг төлөөлж, УИХ-ын гишүүн сонгогдоогүй. Гэхдээ гишүүн сонгогдоогүй гээд тэр аймаг, орон нутгийг орхиж болохгүй. Тиймээс эдгээр аймагт жагсаалтаар сонгогдсон 10 гишүүн ажиллах даалгаврыг намаас өгсөн.
Орхон аймагт орон нутгийн сонгууль, ерөнхийлөгчийн сонгуулиар намаа төлөөлж ажиллаж, тэр цагаас эхлэн Орхончуудад анхаарал хандуулж ирсэн.
Орхон аймгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэхээр Сангийн яам, бусад холбогдох яамдуудтай хамтран ажиллаж байна.
Орхон аймагт ажиллаж байхад тэд тулгамдаж буй гол асуудал юу байна?
Орхон аймгийг Эрдэнэт хот болоосой гэж бодож байна. Хотын статустай болсноор цаашид тэлж хөгжих өргөн боломж нээгдэнэ. Эрдэнэт бол өрсөлдөх чадвараараа аймгууд дундаа нэгдүгээрт жагсдаг. Хүн амын амьжиргааны түвшин өндөр. Иргэд нь өндөр боловсролтой, дэд бүтэц сайтай. Тиймээс хот болсноор улам хөгжинө.
Энд зөвхөн Орхон аймгийн эрх ашиг яригдахгүй. Энэ бол улс орны үндэсний аюулгүй байдлын асуудал.
Хүн амын 50-иас доошгүй хувь нь төвлөрсөн хотод тэр хэрээр тулгамдсан асуудал, тохиолдож болох бэрхшээл олон. Тиймээс эдгээр тулгамдсан асуудлыг бууруулах, хотын ачааллыг хуваалцах дагуул хот хэрэгтэй. Тэр нь Эрдэнэт байх боломжтой.
100 мянгаар тоологдох Орхончуудын 95 орчим хувь нь Баян-Өндөр суманд амьдардаг. Аймаг, сумын нутаг дэвсгэр нь давхацсан байдалтай. Орхон аймгийн Засаг дарга, Баян-Өндөр сумын засаг дарга гэж хоёр тусдаа бүтэцтэй, хоёр иргэдийн хуралтай.
АН-ын салбар нь хүртэл давхацсан байна. Чиг үүрэг, удирдлагын хувьд давхацсанаас болж орон нутгийн удирдлага хооронд, иргэдийн харилцаа дунд зөрчил үүсдэг. Тиймээс энэ давхардлыг арилгах ёстой гэж үзэж байна.
Монгол Улсын зэвсэгт хүчний ажил байдалтай танилцаж байна, 2015 он
Та төрийн тогтолцоо засаглал, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого гэж ярихын хэрээр Монгол Улсынхаа тусгаар тогтнол, оршин байхад хэр санаа тавьдаг вэ?
Бодит жишээ татаж яръя л даа. Тайвань бол Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй улс. Ноцтой зүйл гэвэл 2000 он хүртэл Монголыг Хятадын газрын зурагт багтаадаг байсан. Албан ёсоор газрын зураг хэвлэдэг номондоо оруулж, манай улсын паспортыг хүлээн зөвшөөрдөггүй, “Эх газрын иргэн” гэсэн хөх хуудсаар зорчуулдаг байлаа.
Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө олон хүн хүчин зүтгэсний дотор би голлох үүрэг гүйцэтгэж, тууштай тэмцэж явсан хүний нэг.
Тайвань улсад Монгол Улсаа төлөөлж байхдаа ч Монгол Улсын тусгаар тогтнолыг үгүйсгэдэг “Монгол-Төвдийн орон” гэдэг байгууллагыг татан буулгах арга хэмжээ авч, тусгаар тогтнолын өдрөө Тайваньд тэмдэглэж байсан түүхтэй.
Тус улсын Гадаад яамнаас Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэж, хүлээн зөвшөөрдөг гэсэн цорын ганц нот бичиг гаргахыг шаардаж явлаа. Энэ бүхний нотолгоож болж, одоо төрийн албаны протоколд бичигдэж, архивт хадгалагдсан байдаг.
Ёс зүйн хорооны даргын хувьд манай улс төрчид хэр ёс зүйтэй байна?
УИХ-ын гишүүн бол төрийн хүн. Төрийн ажлыг сэтгэлээсээ, олон түмнээ бодож хийх ёстой. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал олон шүүмжлэл дагуулдаг.
Эцсийн дүндээ төрд хэн гарахыг ард түмэн шийддэг. Тиймээс ёс зүйтэй хүн гаргая гэж бодож байвал сонгогчид өөрсдөө улс төрчдөд хатуу байр сууринаас хандаж, хэрэгжихгүй зүйл, хоосон амлаж буй хүнд саналаа өгөх хэрэгггүй.
Хэн нь хэн бэ? гэдгийг хашир нүдээр харах нь зүйтэй.
Нэгэнт сонгогдсон гишүүдэд ажиллах боломжтой төрийн тогтолцоо, засаглалыг бий болгох нь бас чухал асуудал.
Нийгэм даяар тодорхой шүүмжлэл, бухимдалтай байгаа энэ мөчид та тэдэнд хандаж юу хэлэх вэ?
Монголчууд бид амны хишигтэй ард түмэн. Баялгийн баялагтай, аливаад амархан дасан зохицдог. Бидэнд хөгжих боломж асар их байна. Гагцхүү нийтээрээ зохион байгуулагдаж, хамтран ажиллах чадвар дутагдаад байна. Тиймээс тархай бутархай нүүдэлчин соёлоос хамтын тогтолцоо руу шилжиж чадвал Монголын ирээдүй гэрэлтэй байна.
Энэ парламентад хийсэн ажлуудаасаа онцолж дурдаач гэвэл?
Би улс төр судлал, олон улсын харилцааны чиглэлээр мэргэшсэн хүн. Энэ дөрвөн жилд Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдлын байнгын хороонд илүү идэвхитэй ажиллаж ирлээ.
Сонгогч олон түмэн улс төрийн нам, улс төрчдийн сул талыг засах боломж, эрхтэй, бид төрийн тогтолцоо, засаглалыг сайжруулах үүрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Өмнө нь Үндсэн хуулийг өөрчилж, засаглалын хэлбэрийг сайжруулах чиглэлд онолын бөгөөд харьцуулсан судалгааг судлаачидтай хамтран хийж байлаа. Одоо бол улс төрийн “халуун тогоо”-нд прагматик талаас асуудлыг судлах нь давуу тал болж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын илүүдэл эрх мэдлийг Засгийн газар руу шилжүүлэх ёстой гэдэгт эргэлзэхгүй байна. Сайдын томилгоо, төсвийн эрх мэдлийг зохих субьектэд шилжүүлэх хэрэгтэй. Төрийн нэгдмэл байдлыг улам сайжруулах үүднээс Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр ажиллаж байхдаа энэ талаар багагүй судалсан.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэгтэй нилээн ойр ажиллаж ирлээ. “Төрийн албаны тухай” хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж, хуулийн төслийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, санаа оноогоо нэмэрлэсэн.
Эдгээр хууль цөөн хүний ашиг сонирхлоор биш олон хүний зөвшилцлөөр явах ёстой.
Харамсалтай нь одоогоор УИХ-д илүү улс төржилт, санал суудлын тэмцэлдээн өрнөж, эдгээр болон бусад хуулийг урагшлуулах боломж хомс байна.
2010 онд ерөнхийлөгчийн санаачилгаар УИХ-д өргөн барьж, батлуулсан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан. Тухайн үед өөртөө зорилго тавьж, цаашид хэрэгжүүлнэ гэж бодсон нэг зүйл бол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангах асуудал юм.
Өнөөдөр бидэнд тулгамдсан богино хугацааны асуудлуудыг зөв шийдэл гаргаж, хурдан хугацаанд даван туулах хэрэгтэй. Урт хугацаанд Монгол үндэстэн оршин тогтнох нөхцлийг хангах нь аюулгүй байдлын суурь асуудал гэдгийг бүгд ухамсарлаж, ойлгох нь зүйтэй.
Монгол хэл бичгээ хүндэтгэж, хайрладаг, 2015 он
Үндэстэн оршихын тулд хэл, соёл байх ёстой. Хэл, бичиг үгүй бол үндэстэн мөхнө. Тиймээс аюулгүй байдлын суурь асуудлыг хангах үүднээс “Монгол хэлний тухай” хуулийн төсөл боловсруулахад оролцсон бөгөөд улмаар энэ хуулийг баталсанд баяртай байдаг.
Гадаад бодлого, дипломат албыг бэхжүүлэхэд анхаарч ажилласан. Төрийн гадаад, дотоод нэгдмэл бодлоготой болох нь зүйтэй гэдгийг хэлж, энэ ч үүднээс тодорхой санал, санаачилга гаргасан. Салбар бүр нэгдэж, нэгдсэн нэг цонхоор бодлогоо явуулдаг байх, зохицуулалтыг ханга хуулийн төсөл боловсруулаад байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг Г.Батхүү гишүүнтэй хамтран санаачилж, батлуулсан. Хууль хэрэгжсэнээр согтуу жолооч нарын тоо багасаж, авто ослын улмаас нас барах, гэмтэх бэртэх иргэдийн тоо буурах байх гэсэн найдлага тавьж байна.
“Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийг боловсруулахад идэвхтэй ажилласан. Амаргүй даваа байлаа. Гэсэн хэдий ч хуулийг урагш явуулах улс төрийн таатай нөхцөл хараахан бүрдэхгүй байна. Хэвлэлийн эрх чөлөөг хойш тавьж болохгүй. Энэ нь олноор бий болж буй ХМХ-ийн тоо, эмх замбараагүй байдлыг дэвэргэх бус хүний эрхийг хамгаалах, иргэдийн мэдэх эрх чөлөөг баталгаажуулах, хүний нэр төр, хувийн орон зайд үл халдах, сэтгүүлчийг хэвлэн нийтэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө гэмт хэрэгтэн болгохгүй байх, мэдээллийн эх сурвалжаа нууцлах, редакцийн эзнээс хараат бус байх асуудал юм.
Сонгогчид дараагийн парламентад М.Батчимэг байх уу, үгүй юу гэдгийг шийднэ. Харин дараагийн парламент зайлшгүй батлах ёстой хуулиуд гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлт, “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга”, Улс төрийн намын тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль зэрэг болно.
Үндсэндээ эдгээр хууль нь Монголын төрийн тогтолцоо, засаглалыг сайжруулахад шаардлагатай хуулиуд юм. Тиймээс дараагийн парламентын зайлшгүй хийх ёстой ажил болж байна.
Улс орны хөгжих баталгаа, зохион байгуулалтын хамгийн дээд хэлбэр бол төр.
Бусад улсын төртэй өрсөлдөх чадвартай, улс орноо удирдан чиглүүлэх чадамжтай, зөвшилцөж чаддаг байх хэрэгтэй. Төрийн алба тогтвортой, ямар нэгэн фракциас ангид байж, ард түмэндээ үйлчилж чаддаг байхад гол анхаарлаа хандуулах нь зүйтэй.
Та аливаа хууль санаачлах, боловсруулахдаа ямар зарчим баримталдаг вэ?
Тогтолцооны алдаа, оноог харьцуулахын тулд энэ чиглэлийн номууд уншиж, маш их материал цуглуулсан. Өмнө судлаач байхдаа Үндсэн хуулинд өнөөдрийн өнцгөөс биш харьцангуй хөндлөнгийн байр сууринаас хандаж, бусад улсын парламенттай харьцуулан судалж байсангүй.
Харин одоо УИХ-ын гишүүний хувьд ардчилсан, парламентын засаглалтай бусад улс орнуудыг ажиглаж байхад Засгийн газар нь өргөн барьсан олон хууль батлагдаж байх жишээтэй. Мэдээж харилцан адилгүй л дээ.
Европын ардчилал хөгжсөн орнуудад Засгийн газар нь өргөн барьсан цөөнгүй хууль батлагдсанаас харахад Засгийн газар гэдэг салбартаа мэргэшсэн, мэргэжлийн чадавхтай бүтцээр ажиллаж, улс оронд хэрэгтэй бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх хууль тогтоомж баталдаг нь харагдаж байна.
Манай УИХ-ын дэргэдэх судалгааны алба төдийлөн бэхжиж чадаагүй байна. Think tank буюу бодлогын баг системтэй хөгжөөгүй гэдэг утгаараа өргөн баригдаж буй хуулиудад судалгаа дутмаг байна. Тиймээс дээрх улсын орнуудыг судалж байхдаа ажиглаж мэдсэн, практикт нэвтрүүлэх шаардлагатай хэд хэдэн тодорхой саналуудаа 2016 оны хоёрдугаар сарын 10-наас хэрэгжих “Хуулийн тогтоомжийн тухай” хуульд тусгасан.
Тухайлбал, хуулийн төсөл боловсруулахад судлаачдын баг ажиллуулж, судалгаанд тодорхой цаг зарцуулдаг байх, судлаачдын санал, дүгнэлтийг хуульд тусгадаг байх гэх зэргээр би өөрийн саналыг тус хуульд оруулсан юм. Тиймээс одоо шинээр батлагдах хуулиуд судалгаа сайтай, сайн хуулиуд гарна гэж найдаж байна.
Судалгаагүйгээр ажил хийнэ гэдэг харанхуйд тэмтчиж яваа хүнтэй адил.
Хэрэв судалгаагүй бол дэмий цаг хугацаа, мөнгө үрдэг.
Судалгааны үндсэн дээр олж авсан итгэл үнэмшил бол харьцангуй тогтвортой байдаг бол судалгаа багатай бол асуудалд туйлбартай байж чаддаггүй. Нөгөө талаас хэтэрхий цаас хөөцөлдөж, онолоор явах гэж зүтгэх нь бодит байдалтай бүрэн нийцдэггүй.
Судлаачдын байр суурь, дүгнэлтийг сонсоход практикаас хөл зөрүүтэй байх нь бий. Гэхдээ тэдний буруу биш. Учир нь бодит ажилд оролцох боломж хязгаарлагдмал байдаг учраас хөндлөнгийн байр суурь нь учир дутагдалтай байх тохиолдол бий.