Номын сангийн тухай хууль төрийн болон хувийн бүх номын санд адил үйлчилнэ
Өргөн барьсан он сар, өдөр: 2014.05.16
Батлагдсан он сар өдөр: 2014.12.19
Монгол Улсад нийт 1500 гаруй номын сан үйл ажиллагаа явуулдаг гэсэн Хүүхдийн номын ордноос гаргасан судалгаа бий. Тэдгээрээс орон нутгийн 373, их, дээд сургуулийн 101, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 54, ерөнхий боловсролын сургуулийн 817, албан байгууллагын дэргэд 120, эрдэм шинжилгээний 44 номын сан байдаг. Гэвч харьяалал, салбар дундын зохицуулалтаас хамааран номын сангийн санхүүжилт, сан хөмрөгийн бүртгэл, тооцоо, уншигчдад үйлчлэх орчин нөхцөл, номын хадгалалтын орчин зэрэг олон асуудал бүрэн шийдэгдээгүй байна.
Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт эрдэм боловсролтой, зөв монгол хүнийг төлөвшүүлж, чанартай боловсролыг олж авахад номын сангийн үйлчилгээ нэн чухал гэдгийг дурдсан байдаг.
95 жилийн тэртээ Монгол Улсад номын сангийн үндэс суурь тавигдаж, Үндэсний төв номын сан байгуулагдаж байсан юм.
Эдгээр он жилүүдэд номын сан нь соёлын болон санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байв.
Жил гаруйн өмнө номын сангийн үйлчилгээг алслагдсан сум, орон нутагт хүргэх, номын сангийн эрх зүйн байдлыг хуульчлах шаардлагын үүднээс Номын сангийн тухай хуулийг баталсан юм.
95 жилийн тэртээ Монгол Улсад номын сангийн үндэс суурь тавигдаж, Үндэсний төв номын сан байгуулагдаж байсан юм.
Хууль төрийн болон хувийн өмчийн бүх номын санд үйлчилнэ. Номын сангийн үйл ажиллагааг хуулийн этгээд, төрийн бус байгууллага, иргэн ч байгуулж болох бөгөөд улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг нийтийн номын санг хувьчлахгүй байхыг зааж өгчээ.
Хуульд Үндэсний номын сангийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бие даасан бүлэг оруулсан байна. Ингэхдээ тус номын сан нь ном зүйн нэгдсэн сан бий болгох, эрдэм шинжилгээ судалгаа, мэргэжил арга зүйн ажил зохион байгуулах, Соёлын өвд хамаарах бүтээлүүдийг бүртгэж, хамгаалах үүрэг хүлээжээ.
Номын сан нь нийтийн, сургалтын, эрдэм шинжилгээний болоод бусад төрөлтэй байна гэж зааснаас гадна "Зөөврийн номын сан" гэсэн зүйл заалт оруулж ирсэн нь сонирхол татлаа. Зөөврийн номын сан нь алслагдсан орон нутгийн иргэдэд үйлчлэх үндсэн зорилготой юм байна. Мөн түүнчлэн хуульд номын сангийн уншигчийн эрх үүргийг тодорхой зааснаас дор дурдвал:
-төрийн болон орон нутгийн өмчийн номын сангийн үндсэн үйлчилгээг үнэ төлбөргүй авах;
-стандартад нийцсэн орчин нөхцөлд зохих үйлчилгээг авах;
-номын сан хоорондын солилцоогоор ном болон түүний хуулбараар үйлчлүүлэх;
-уншигчийн эрх зөрчигдвөл холбогдох байгууллагад гомдол гаргах;
-номын сангаас зохиож байгаа соёл, олон нийтийн ажилд оролцох, номын сангийн үйлчилгээний талаар санал оруулах;
-ном, хэвлэлийг гэмтээж, үрэгдүүлбэл соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журмын дагуу хохирлыг нөхөн төлөх;
-номын сангийн үйл ажиллагаанд номын сангийн зөвлөл, холбоогоор дамжуулан оролцох;
-номын сангийн дүрэм, журмыг сахиж мөрдөх;
-ганцаарчилсан болон бүлгээр ажиллах боломжоор хангагдах.
Энд тусгай бүлгийн уншигч гэсэн хэсгийг орхигдуулж боломгүй. Учир нь энэ бүлэгт харааны болон сонсголын бэрхшээлтэй, өндөр настай, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, цэргийн анги, асрамжийн газар, хорих байгууллагад байгаа ном унших хүсэлтэй хүмүүсийг хамруулан авч үзэж байна. Эдгээр хүмүүс ч бас номын сангийн үйлчилгээ авах боломжийг хуулиар бүрдүүлж өгчээ. Номын сангийн үндсэн амин чухал зүйл болох сан хөмрөгийг хэрхэн бүрдүүлэхийг хуульд орхигдуулсангүй.
Энд тусгай бүлгийн уншигч гэсэн хэсгийг орхигдуулж боломгүй.
Тухайлбал, номын захиалагч болон зохиогч нь хэвлэмэл бүтээгдэхүүнийг хэвлэгдсэн гарснаас хойш 30 хоногийн дотор номын санд тодорхой хувийг үнэ төлбөргүй хүлээлгэж өгнө гэж заажээ. Мөн тухайн номын санд төсөвлөсөн жилийн төсөвтөө багтаан ном худалдан авч, сан хөмрөгөө баяжуулах боломжтой юм байна. Номын сан нь улсын төсвөөс санхүүжихээс гадна гадаад, дотоодын байгууллага, иргэний хандив авч болохыг хуулиар зөвшөөрчээ.
Манай улсад номын сангаар үйлчлүүлдэг хүмүүсийн тоо хязгаардлагдмал, ихэвчлэн сургалтын зорилгоор оюутан, сурагчид үйлчлүүлдэг. Мөн номын сангийн багтаамж муу, номын тоо хязгаарлагдмал зэрэг төсөв мөнгөтэй холбоотой олон асуудал бий.
Энэ мэтчилэн номын сангуудад тулгамдаж буй асуудал, тус хуулийн хэрэгжилтийн талаар бид холбогдох албаны хүмүүсээс тодруулсан ярилцлага, сурвалжлагаа удахгүй хүргэх болно.