Зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой ашигт малтмалыг хайх, ашиглах зөвшөөрлийг орон нутаг олгоно
Өргөн барьсан он сар өдөр: 2013.09.10
Батлагдсан он сар өдөр: 2014.01.09
Хуулийн зүйл, заалт: 10 бүлэг, 44 зүйлтэй
Дур мэдэн дуртай газраа сэндийчих боломжгүй
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд түгээмэл тархацтай ашигт малтмал гэж элс хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууг хэлнэ гэж тодорхойлжээ.
Туул голын хөндий дагасан элс хайрганы тусгай зөвшөөрөлд зохицуулалт хийж чадсан
Энэ хууль батлагдсанаар Туул голын хөндий дагасан элс хайрганы тусгай зөвшөөрөлд зохицуулалт хийж чадсан. Мөн зам барилга, бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэж байгаа хуулийн этгээдүүд дур мэдэн дуртай газраа ухаж сэндийчиж, элс хайрга олборлох боломжгүй болсон юм.
Ашиглалтын зөвшөөрлийг 15 жилийн хугацаатай олгохоор заасан бол, хайгуулын тусгай зөвшөөрөл таван жилийн хугацаатай байна. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг нөөцийн хэмжээнээс нь хамаарч, арван жилээр хоёр удаа сунгана. Харин хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилээр олгосны дараа хоёр жил нэмж сунгах боломжтой.
Хууль батлагдсанаар түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах, тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг, хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон бүхий л харилцааг зохицуулах боломжтой болж байна.
Харин тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс 2.5 хувиар тооцож нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлнө.
Олборлолт хайгуулын тусгай зөвшөөрлийг орон нутаг олгоно
Алслагдсан сум, орон нутгийг хөгжүүлэх зорилгын хүрээнд орон нутагт бүтээн байгуулалтын ажил их хийгдэж байна. Харин олборлолт, хайгуул хийх тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын газраас ирж авдаг байсан үе өнгөрчээ. Учир нь уг хуулиар хайгуул, олборлолт хийх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар олгодог болсон.
Хууль батлагдахаас өмнө хайгуул явагдах бүрт ухаж хөндөгдсөн газар үлдэж, бэлчээрийн мал аж ахуйд ч хор хөнөөлтэй байлаа.
Учир нь уг хуулиар хайгуул, олборлолт хийх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар олгодог болсон
Мөн орон нутаг тусгай зөвшөөрөл олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд зөрчлийг таслан зогсоох, байгаль орчин, нөхөн сэргээлтэд хяналт тавих зэрэг давхар үүргийг хүлээх юм. Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч нар зөрчил гаргасан тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, борлуулсан, ашигт малтмалын ордыг ашигласан бол хууль бусаар олсон орлого, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ. Хуульд заасан мэдээ тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй тохиолдолд ч хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
Хуулийн тухай ...
Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар
Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох асуудал бусад ашиг малтмал олборлолтын хуулиудаар зохицуулагдаж байсан. Харин одоо олборлох эрхийг тухайн орон нутагт олгосон. Ашигт малтмалын газраас тухайн талбайд ашигт малтмал олборлох боломжтой байна уу, үгүй юу гэдэг дүгнэлтийг л гаргана.
Орон нутгаас уг тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгох юм. Байгаль орчныг нөхөн сэргээх асуудлыг хуульд заасны дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг орон нутгийн мэргэжлийн хяналтын алба шалгаж, хянах үүрэгтэй.
Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Тамир
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тодорхой эрхүүдийг орон нутагт нь олгох аймаг, сум, орон нутаг өөрсдөө асуудлаа шийдэж байхыг тусгасан байдаг. Энэ нь орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд заавал нийслэл рүү ирж бичиг баримтаа бүрдүүлдэг чирэгдлийг багасгах, зам барилга бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай байгаа түүхий эдээр хангахад энэ хууль их ач холбогдолтой.
Хуулийн зарим зүйл, заалтууд
14.6.Энэ хуулийн 14.5-д заасан шийдвэр гарснаас хойш өргөдөл гаргасан этгээд нэг сарын дотор тусгай зөвшөөрлийг аваагүй, эсхүл эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлөөгүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга өргөдлийг бүртгэлээс хасаж өргөдөл гаргасан этгээдэд энэ тухай бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэнэ.
15.1.3.энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хоёр жилийн хугацаагаар нэг удаа сунгуулах.
20.1.3.уурхайн эдэлбэрээс олборлосон бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр борлуулах;
20.1.9.холбогдох хууль тогтоомжийн дагуу газар, ус ашиглах.
26.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлнэ.
27.1.1.тусгай зөвшөөрөл авснаас хойш 60 өдрийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж сум, дүүргийн Засаг даргаар батлуулах;
27.1.2.энэ хуулийн 27.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдлыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах;
27.1.7.байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх.
44.1.5.ашигт малтмал хайх, ашиглах ажиллагааны явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар геологи, уул уурхайн улсын байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;