Су.Батболд: Дээд шүүх МАХН-ыг бүртгэх боломжгүй
УИХ-ын Су.Батболдтой ярилцлаа
-Монголд улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ой болоод хэдхэн хонож байна. Харин энэ ой аль намынх байсан юм бэ. МАН-ынх уу, МАХН-ынх уу. Хоёулаа л Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөөд л, өөр өөрсдөө тэмдэглэх шиг боллоо?
-Намын баярыг ергөн хүрээнд тэмдэглэлээ. Монголд улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ой болохоор тэр шүү дээ. Мэдээж энэ бол МАН-ын баяр байж таараа. Монгол ардын нам 1921 оны гуравдугаар сарын 1-нд байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, Монголд анхны нам байгуулагдаж, улс төрийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэсэн үг.Цаашдаа ч МАН-ын ой төдийгүй Монголд улс төрийн нам байгуулсны ой гэж тэмдэглэгдэж явах байх.
-Ой нь МАН-ынх байдаг байж. Тэгвэл өнгөрсөн 90 жилийн түүх нь хэнийх вэ. МАХН-ын дарга Н.Энхбаяр болохоор МАН-ын түүх 2-3 жил, 87 нь МАХН-тай холбоотой шүү гэж мэдэгдэж байна лээ?
-МАХН-ыг байгуулагдсан гэж ойлгож болохгүй. Саяхан болдог онц Их хурлыг нь би ойлгохгүй байгаа. Шинэ нам байгуулсан хурал гэх үү, МАХН-ын Их хурал гэх үү гээд ойлгомж муутай л юм болсон. Одоо Монголд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар МАХН гэсэн нэртэй байсан нам өөрийн дүрэм, журмын дагуу нэрээ өөрчилсөн. МАН болж зохион байгуулагдсан. Тэгэхээр МАХН гэдэг ойлголт өөрөө буруу юм.Улсын дээд шүүх яагаад намыг нь бүртгэхгүй байгаа юм бэ гэхээр МАХН гэсэн нэрээр хурал хийсэн нь ойлгомжгүй болохоор л тэр.Шинэ нам байгуулсан гээд бүртгэх гэхээр эрх зүйн орчин нь өөр. Яагаад гэвэл.хурал нь шинэ намын хурал болоогүй.Шинээр МАХН гэж нам байгуулах гэж байгаа бол эхлээд үүсгэн байгуулагчдын хурал гэж хийх ёстой юм. Гэтэл шууд л онц их хурал гээд хийчихсэн.Энэ утгаар л бодвол намыг нь бүртгэх боломжгүй. Тэгэхээр 90 жилийн түүхийг МАН-тай аль ч улс төрийн хүчин булаацалдах учиргүй. МАХН шинэчлэгдэж 150 гаруй мянган гишүүд, дэмжигчдийг төлөөлсөн Их хурлаараа нэрээ сольж МАН болсон.Энд хоёрдмол ойлголт гарах ямар ч бололцоогүй.
-90 жилийн ойн үеэр МАН ард түмнээс анх удаа уучлал гуйлаа. С.Батболд даргын гаргасан хэлмэгдүүлэлтэд уучлал гуйх шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөлийнгишүүний хувьд та яаж харсан бэ?
-Ер нь хэлмэгдүүлэлтийн асуудлаар МАН байнга л байр сууриа илэрхийлж ирсэн шүү дээ. Тодорхой хэмжээнд ч уучлал гуйж байсан. Энэ бол МАН хэлмэгдүүлэлтийг зохион байгуулж, хийсэндээ уучлалт гуйсан зүйл огт биш.Энэ нам өөрөө хэлмэгдүүлэлтэд хамгийн их өртсөн. Хэлмэгдсэн хүмүүсийн олонх нь энэ намын л гишүүн байдаг. Тиймээс МАН-ын гишүүд өөрсдөө хэлмэгдүүлэлтэд өртөж байсан гэж ойлгож болно. Бүхэлд нь ингэж дүгнэж үзээд л МАН-ын даргын хэлсэн үгэнд уучлал гуйх тухай сөхөгдсөн байх. Мэдээж МАН-ын гишүүд ч хэлмэгдүүлэлтэд өртөж байсныг давхар сануулж байгаа хэрэг.
-Ta MAXH гэж байхгүй гэдгийг тодорхой хэлсэн л дээ. Гэхдээ өөрсдийгөө МАХН-ынхан гэж хэлээд байгаа хүмүүс "МАН бидний түүхийг булаацалдаж байсан, одоо бүр хэлмэгдүүлэлтийг булаацалдах болжээ" гэж дүгнэж байна лээ?
-Би тэр хүмүүсийн ярьж байгааг нь сайн ойлгохгүй байгаа болохоор энэ талаар юу хэлэхээ мэдэхгүй байна.Тийм нам гэж байхгүй гэдгийг л мэдэж байна. Гэтэл тийм намын хүмүүс тэгж яриад байна гэхээр хариулахад хэцүү юм. Яагаад гэвэл, МАХН гэж нам байхгүй шүү дээ.
-Сэдвээ өөрчилье. УИХ өнгөрсөн намрын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталлаа.Энэ хуулийг батлангуут л хүлээжбайсан юм шиг гишүүд хэсэг, хэсгээрээ хууль санаачлаад явж байна. Ер нь Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага байна уу?
-Судлаачдын улс төрийн намуудын зүгээс Үндсэн хуулийг өөрчилнө, өөрчлөхгүй гэсэн маргаан яваад л байгаа.Үндсэн хууль нэг талаас дархлаатай байх ёстой боловч нөгөө талаас огт хөдлөшгүй зүйл бас биш. Үүний донжийг нь олж л шийдэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр Үндсэн хуулийг огт өөрчилж болохгүй гээд хамгаалаад байх юм бол утгагүй. Бид чинь 20 жилийн өмнө энэ нийгмийн тогтолцоог мэдэхгүй байхдаа л баталсан хууль шүү дээ. Яах вэ, тийм байж хийсэн гэхэд харьцангуй сайн хууль гэж үнэлэгддэг. Жишээ нь, тунхаглалын шинж чанарыг нь харах юм бол.
-Тэгэхээр өөрчлөх шаардлагагүй гэсэн үг үү?
-20 жилийн өндөрлөгөөс харахад нийгмийн, улс төрийн тогтолцооны тал дээр эргэж харах юмнууд бий. Тиймээс хуулийг өөрчлөх талд би байгаа. Өнгөрсөн чуулганаар УИХ журмын хуулийг баталсан. Энэ хуулийг хүмүүс хоёр талаас нь харж байна. Нэг талаас Үндсэн хуулийн хамгаалалтыг сайжруулсан, халдахгүй байх байдлыг бий болгосон гэж харж байна. Харин нөгөө талаас нь Үндсэн хуулийг хөдлөх өөрцгүй болгочихлоо, хөдөлгөхийн тулд маш их хүч шаардах болчихлоо. Болж байгаа юм уу, үгүй юү, төгс төгөлдөр мөн үү гээд л шүүмжлэлтэй хандаж байгаа хэсэг ч бий. Үүнийг бид бодол-цох л ёстой. Би хувьдаа журмын хуулийг нэг их зөв алхам болчихлоо гэж харахгүй байгаа. Зарим талаар Үндсэн хуулийн дархлааг сайжруулсан байж болно, гэхдээ үүнийг өөрчилж болохгүй, тэрийг хөдөлгөж үл болно гээд заачхаар оновчтой гэдэгт нь эргэлзэж л байна.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад их түвэгтэй болсон гэж үү?
-Түвэгтэй болсон. Маш олон хязгаарлалт хийчихсэн шүү дээ.
-Гишүүд одоогоор "эцэг" хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтөөс хоёрыг нь буцаах, бас хотын статусыг бий болгох гээд төсөл санаачилж байна. Зарим нь шууд л Үндсэн хуульдаа сонгуулийн тогтолцоогтодорхой заажөгөх ёстой гэх юм.Та хувьдаа ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?
-Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг нэг, эвсэл нэг хэсэг гишүүн санаачлаад явдаг зүйл биш. Сүүлийн үед гишүүд янз бүрийн хууль санаачилж байгаа сураг дуулдсан.Уг нь,Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг улс төрийн намууд, ялангуяа парламентад суудалтай намууд нэлээд сайн ярилцаж байж хийх хэрэгтэй юм. Эсвэл УИХ-ын төвшиндөө парламентад суудалтай намууд ярилцаж байж өөрчлөх хэрэгтэй.Эсвэл Ерөнхийлөгчийн төвшинд ярилцаж буурь, суурьтай л хандаж төсөл санаачлах ёстой гэж би үздэг. Зүгээр л энгийн процессын хууль санаачилж байгаа юм шиг нэг гишүүн Үндсэн хуулийг өөрчилнө гэж төсөл санаачилж, тэрийг нь УИХ шүүрч аваад хэлэлцэх нь буруу. Ултай суурьтай харж байж, намуудынхаа төвшинд, Төрийн байгуулалтын байнгын хороо сайн судалж, бодлогын хэмжээнд ярьж байж төсөл санаачлахгүй бол болохгүй.
-УИХ-ын ажлын хэсэг хуулийн төсөл өргөн барьчихвал хэлэлцэхээс өөр аргагүй биз дээ. Журмын хуулиар заавал хэлэлцэнэ гээд зохицуулчихсан байгаа?
-Хэлэлцэх юм болов уу даа,Төрийн байгуулалтын байнгын хороо юу гэж үзэж байгаа юм бол. Яах вэ, УИХ-ын даргын байгуулсан ажлын хэсэг өөрчлөлт оруулаад ирвэл хэлэлцэж болох юм. Гэхдээ бас буцааж болно шүү дээ.
-Зарим хүний үзэж байгаагаар энэ парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийчих бүрэн боломжтой юм шиг ээ. Сөрөг хүчингүй, хамтарсан Засгийн газар байгуулсан болохоор тэр л дээ?
-Харин ч хоёр нам хамтарсан үедээ хийчихлээ гээд сүүлд янз бүрийн яриа гарна. 2004-2008 оны парламентыг хамгийн зохистой бүтэцтэй, олон нам орсон гэж ярьж л байсан. Гэхдээ юм хийж чадаагүй. Миний хувьд яг одоо Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв гэж үзэхгүй байгаа. Харин зайлшгүй хийхээс өөр аргагүй, тулгамдсан зүйл байвал дэмжихэд бэлэн.Гэтэл одоо санаачлаад явж байгаа зүйлүүд тулгамдсан асуудал мөн үү гэдгийг бодох хэрэгтэй.
-УИХ-ын гишүүд нь Засгийн газрын танхимыг бүрдүүлчихсэн, эрх мэдэлдээ дулдуйдаж байгаа энэ үед гишүүн нь гишүүнээрээ, сайд нь сайдаараа гээд салгах нь тулгамдсан зүйл биш гэж үү?
-Сонгуулийн тогтолцоог өөрчлөөгүй байхад УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашдаг зүйлийг шийдэх нь буруу. Энэ бол сонгуулийн тогтолцооноос хамаарч шийдэх ёстой асуудал.
-Яагаад?
-Пропорциональ элемэнт орох юм бол энэ хоёрыг салгахад их амар болно. Намууд хамгийн шилдэг, суудал авах боломжтой хүмүүсээ нэр дэвшүүлдэг шүү дээ. Гэтэл тэр нэр дэвшигч нь салбартаа ажиллах боломжтой хүмүүс байдаг. Хэрэв парламентад ороод ирвэл нэг бол УИХ-ын гишүүнээс нь эргүүлж татах, эсвэл заавал гадна талд байгаа хүмүүсээ сайд болгох хэрэгтэй болчихно. Харин пропорциональ элемэнт ороод ирэх юм бол намууд жагсаалт гаргаж байгаа болохоор гишүүдээсээ сонголт хийгээд аль нь хууль тогтоох, аль нь гүйцэтгэх засаглалд ажиллах боломж-тойг нь тодорхойлчихно.Одоогийнх шиг нэг тойрогт нэг хүн нэр дэвшиж байгаа тохиолдолд Засгийн газрыг яг 100 хувь гаднаас бүрдүүлнэ гэхээр намын боловсон хүчний хуваарилалтад хүндрэлтэй болчхож байгаа юм.
-Сонгуулийн хууль ер нь юу болсон бэ. Энэ парламент тогтолцооны өөрчлөлт хийж чадахньуу?
-Урагш алхсан юм одоогоор алга. Ерөнхийдөө тогтолцооноос бусад нь бэлэн болчихсон. Намуудын тохиролцох зүйл тогтолцоо л болчхоод байна. Алийг нь авахаас гадна ямар байдлаар санал өгөх вэ гээд шийдэгдээгүй зүйл бий. Гацааж байгаа нь тэр л дээ. Ер нь бол улс төрийн шийдэл нь гараад ирвэл хэлэлцэх төсөл нь бэлэн байгаа. Ажлын хэсэг тогтолцооноос бусад зохицуулалтаа төсөл дээрээ зоочхоод байж байна.
-Танай нам аль хувилбар дээртогтоод байна вэ. 50, 26 гэсэнхолимог тогтолцооноос буцаж байгаа дуулдсан?
-Намуудын хувьд 50, 26 дээрээ ерөнхийдөө тогтчихсон гэж ойлгож байгаа шүү дээ. Одоо гишүүдийн хооронд саналын зөрүү байна. Энэ нь зөв үү, тэр нь буруу гээд л. 76 жижиг тойрогт байх уу, пропорциональ элемэнт оруулах уу гээд. Харин намууд ерөнхийдөө холимог тогтолцоог авах нь зүйтэй гээд санал нэгдчихсэн гэж би ойлгодог. АН-ынхан ч дэмжиж байгаа байх. Манай намын хувьд бүлгийн хурал дээр нэлээд олон удаа ярилцаж, холимог тогтолцоог авъя гээд санал аваад явж байна.
-Тэгвэл 50 суудал дээрээ ажлынхэсгээс анх оруулж ирж байсаннэр дэвшигчийн авсан саналыгнамын саналд тооцох хувилбараар яваа юу?
-Үүнийг тогтож чадаагүй. Сонгуулийн хуулийг гацаагаад байгаа зүйл энэ. Намаар санал хураах уу, хүнээр үү гэдэг зангилаа асуудлын нэг болчхоод байгаа гэх үү дээ. Хэрэв холимог тогтолцоог авах юм бол манай нам хүнээр санал хураах ёстой гэсэн саналтай байгаа. АН-ынхан намаар хураана гээд байгаа.
-Нэр дэвшигчийн авсан саналыг намд нь тооцох ямар ашигтай юм бэ?
-Үндсэн хуульд нийцүүлж байгаа юм. Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг сонгоно гээд биччихсэн байгаа болохоос намыг сонгоно гэсэн заалт байхгүй. Ерөөсөө л сонгогч өөрийнхөө хүссэн хүнийг сонгох тухай Үндсэн хуульд заачихсан. Тиймээс хүнээр дамжсан пропорциональ маягийн элемэнт оруулах нь зөв гэж бодож байгаа. Тэгвэл Үндсэн хуулийн Цэц дээр очоод ч Сонгуулийн хууль унахгүй байх боломжтой. Шууд намаар хураах юм бол Үндсэн хуультай зөрчилдөнө.
-Нам, нэр дэвшигч хоёрыг зэрэг дугуйлчхаж болохгүй юу. Хэрэв ганц хүнээр нь гэвэл лидер дагасан, бүр тодруулбал нэг хүний намууд олшрох магадлалтай юм биш үү?
-Тийм нь тийм. Жаахан түвэгтэй юмнууд бий, Нам, хүн хоёрыг давхар дугуйлах хувилбар байж болох зүйл. Гэхдээ зөрж дугуйлбал сүүлд нь саналыг яаж тооцох вэ гээд маргаан гарах юм. Хүндээ санал өгчихсөн хэрнээ өөр нам дугуйлбал маш олон хуудас хүчингүй болно. Жишээ нь, нутгийн хүүхэд гээд нэр дэвшигчийг нь дугуйлсан хэрнээ намаа бол МАН-ыгаа дугуйлна гэх хүн олон гарна. Хүн, нам хоёрыг зөрж дугуйлсан бол яаж тооцох вэ гээд хүндрэл их гарна шүү дээ. Сонгогчийг заавал нам, хүн хоёрыг цуг дугуйлна шүү гэж шаардаж болохгүй. Тэгэхээр дүн гаргахад түвэгтэй юм. Нөгөөтэйгүүр, сонгуулийн тогтолцоог өөрчлөхдөө ард иргэдэд ойлгомжтой байдлаар хийх ёстой. Пропорционалийн тооцоо бол ойлгомж муутай л байдаг. Хамгийн сонгодог зарчим бол шууд хүнээ сонгох шүү дээ. Төлөөллийн засаглалыг бий болгож байгаа учраас энэ хүнээр би өөрийгөө төлөөлүүлнэ гээд УИХ-ын гишүүнээр сонгодог. Парламентад дуу хоолойгоо болгох гэж байгаа хүнээ өөрөө мэддэг байх тэр зарчим. Намаар шууд санал хураавал хэн өөрийг нь төлөөлөх гэж байгааг мэддэггүй. Сүүлд нь намын жагсаалт гарч ирээд ямар хүн өөрийг нь төлөөлж байгаа нь мэдэгдэхгүй ойлгомж муутай байдаг юм. Хоёр тогтолцоо хоёулаа л сайн, муу талтай.
-МАХН гэдэг намыг бүртгэчихвэл гэсэн айдас танайханд байгаа юм биш үү. Тэгээд л намаарбиш хүнээр нь санал хурааягээд байгаа гэж хараад байна?
-МАХН гэдэг товчлол ялгаагүй манай намын өмч. Тэгээд ч сонгуулийн саналын хуудсанд товчилсон нэрээр бичдэггүй. Заавал задалж,бүтэн нэрийг нь бичдэг.
-Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүлээгээд байгаа юм уу. МАХН-ыг ямар нэгэн байдлаар бүртгэж авах нь уу гээд сонгуулийн хуулийг гацаагаад байгаа юм биш үү?
-Тийм юм ерөөсөө байхгүй. Сонгуулийн хууль дээрээс хойш явахгүй байгааг хүмүүс мэдэж байгаа шүү дээ.Тогтолцоо, автомат саналын хуудас тоолдог машин хэрэглэх үү, намыг уу, хүнийг дугуйлах уу гээд хэд хэдэн зүйлээр санал зөрөөд байгаа. Хаврын чуулганаар шийдчих байх.