Өрх толгойлсон ээж, аавуудад тэтгэмж олгох ёстой
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2016.03.02

Өрх толгойлсон ээж, аавуудад тэтгэмж олгох ёстой

УИХ-ын нэр бүхий гишүүд өрх толгойлсон эцэг, эхчүүдийг дэмжих нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл санаачилжээ. Энэ талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос тодрууллаа.

-Та бүхний боловсруулсан хуулийн төсөлд туссан голлох заалтуудаас дурьдвал?

-УИХ-аар хэлэлцүүлэхээр өрх толгойлсон эцэг эхчүүдийг дэмжих нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, Засгийн газраас санал авахаар өргөн барьсан. Хуулийг боловсруулахдаа бид иргэд юу хүсч, ямар хууль зүйн зохицуулалт бий болгохыг хүсч байгаа талаарх судалгааг олон талаас нь хийсэн. Уг хуулийн төслийг боловсруулах гэж гурван жил судасан. Мөн энэ хуулийг хэлэлцүүлэхийн өмнө Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, хүүхэд төрсөн цагаасаа эхлэн өмчийн эзэн байх, өмчийг хамгаалах хуулийг хамтад нь өргөн барьсан байсан. Энэ хуулийн төсөл байнгын хорооны шатанд хэлэлцүүлгэнд явж байгаа.

Өнөөдөр өрх толгойлсон ээжийн тоо 80 мянга, аавын тоо 8000 гаруй болсон байна. Энэ хүмүүсийн ихэнх нь хөдөлмөрийн насны ажилгүй, орлогогүй ээж, аав нар байгаа юм. Нийгмийн халамжаас ямар нэг дэмжлэг туслалцаа авдаггүй. Зарим нэгэн хөдөө аймагт ээж аавынхаа тэтгэврийн мөнгөөр үр хүүхдээ, гэр бүлээ тэжээж амьдарч байна. Монгол Улсын төрөөс хүнээ дэмжсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх Үндсэн хуулийн заалттай. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлж, гаргах шаардлагатай байна.

Дэлхийн олон улс оронд өрх толгойлсон ээж, аавуудыг дэмжсэн нийгмийн халамжийн хууль хэрэгжиж байна. Дэлхийн нийтээр өнөөдөр хүний хөгжлийг дэмжсэн бодлого явуулж эхэлсэн. Тиймээс бид өнөөдөр энэ хуулийг УИХ-аас хэлэлцээсэй гэж хүсч байна. Энэ бол ямар нэг улс төр биш. Хэн нэгний захиалга бус нийгмийн захиалга юм. Монгол Улсын нийт өрхийн 10 хувийн асуудлыг шийдвэрлэх цаг болсон.

-Халамжийн ямар хэлбэр байх юм бэ?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгийг ажилгүй, орлогогүй байгаа өрх толгойлсон эцэг, эхчүүдэд олгох шаардлагатай байна. Хоёрдугаарт, хүүхдээ сургуульд явуулдаг орлого багатай ээж, аавуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний урамшуулал дэмжлэгийг үзүүлэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд хамрагдахад нь төрөөс туслалцаа дэмжлэг үзүүлэх , мөн өвчтэй байх үед нь эмийн тусламж дэмжлэгийг төрөөс үзүүлдэг байхыг хүсч байна.Эдийн засаг хүнд байна гээд халамжийн бодлогыг бүхэлд нь орхигдуулж байгаа.Тиймээс цөөхөн хүн амтай бидний хувьд хүнээ дээдэлсэн төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна.

-Хууль батлагдаад хэрэгжлээ гэхэд урьдчилсан байдлаар хэчнээн төгрөг шаардагдахаар байгаа бол?

-Эхний байдлаар маш бага асуудлыг шийдчихээсэй гэж хүсч байна. Ямар ч орлогогүй байгаа ажил хөдөлмөр эрхэлдэггүй өрх толгойлсон аав, ээжид сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц хэмжээний мөнгө олгохыг хүсч байгаа юм. Зорилтот бүлэгт чиглүүлээд олгочихъя.

-УИХ-ын дарга энэ хуулийн төслийг гэр бүл салалтыг дэмжсэн гэж шүүмжилсэн байсан. Энэ тухайд?

-УИХ-ын даргыг энэ өгүүлбэр бичсэнийхээ төлөө Монголын өрх толгойлсон олон мянган эхчүүдээс уучлал гуйгаасай гэж хүсч байна. Ер нь Монгол төрийн ажлыг твиттер, фэйсбүүк хуудсаар дамжуулж хийдэг болхи аргаасаа салаасай. Асуудлыг судаж үзэхгүйгээр хэлбэр төдийхнөөр харж, агуулга руу орж гүнзгийрч харах хэрэгтэй.Монголын нийгэмд 80 гаруй мянган өрх толгойлсон эхчүүд бий болсон нь нийт өрхийн 10 гаруй хувийг эзэлж байна шүү дээ. Үүнийг жижиг асуудал гэж битгий орхигдуулаасай.