Сайд Н.Батцэрэг улс төрийн намууд ой, усны салбарт нэг бодлоготой байхыг уриаллаа
“Олон улсын ойн өдөр”-ийг жил бүрийн гуравдугаар сарын 21-нд дэлхий нийтээр тэмдэглэж ойг хамгаалах талаар улс орон бүр тодорхой арга хэмжээ зохион байгуулдаг билээ.
Энэ хүрээнд БОНХАЖЯ "Олон улсын ойн өдөр"-ийг "ОЙ ба УС" сэдвийн дор тэмдэглэлээ. Мод нь тухайн экосистемийнхээ “уушги” нь бөгөөд ой ус цуглуулах, усыг жигд барьж хуваарилах, тунадасыг нэмэх зэргээр усны горимыг зохицуулдаг тул ой, ус салшгүй харилцан шүтэлцээтэй учир “ОЙ ба УС” сэдвийн хүрээнд тэмдэглэсэн юм.
“Олон улсын ойн өдөр”-ийн хүрээнд Н.Батцэрэг сайд улс төрийн намын удирдлагуудтай "Өглөөний цай" уулзалт, ярилцлага хийсэн юм.
Уулзалтанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, МҮАН-ын дарга М.Энхсайхан, УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Эдийн засагч Н.Дашзэвэг нар оролцлоо. Нам, эвслийн төлөөлөл нарт ойн тооллогын үр дүнг танилцуулсан бөгөөд цаашид улс төрийн түвшинд шийдвэр гаргахдаа нэг ойлголт, нэг бодлоготой байхыг уриалсан юм.
Сайд Н.Батцэрэг ойн салбарт барьж буй бодлого нь ойг хамгаалахын зэрэгцээ ойн нөөц, судалгаанд тулгуурлан хөгширсөн ойгоо ашиглаж, ойг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого барьж буйгаа дуулгасан юм. Гол нь тогтвортой менежмент-хяналт сайн байх хэрэгтэй гэв.
Мөн энэ өдөр “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний хурлыг зохион байгууллаа. “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний хурлаар Монгол орны ойн салбарын боловсрол, шинжлэх ухаан, технологийн өнөөгийн байдал, төрөөс баримталж буй бодлого, цаашдын чиг хандлагыг хэлэлцсэн юм.
Хуралд ойн салбарын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаадын төсөл, хөтөлбөрүүд, хувийн хэвшлийн нийт 150 гаруй төлөөлөл хамрагдсан юм. Хуралдаан нийт 3 салбар хуралдаанаас бүрдлээ. Үүнд: Ойн экосистем ба менежментийн асуудал, Нөхөн сэргээлт, газар ашиглалт, хотын ногоон байгууламж, техник текнологи, Ой ба нийгэм-эдийн засгийн харилцаа гэсэн салбар хуралдаанаас бүрдсэн ба Төв Хангайн уур амьсгалын өөрчлөлт ба байгалийн нөөцийн менежмент, “Оройн нахиа” Оюутны эрдэм шинжилгээний хурал гэсэн тусгай хуралдааныг хийсэн юм.
Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар дэлхийн ой модны нөөцийн бараг тал хувь нь сүүлийн 30 гаруй жилд устаад байгаа гэсэн тоон мэдээлэл өгч байгаа юм. Манай орны ойн бүс нь мөнх цэвдгийн хэмжээг хадгалах, говь цөлийн түрэлтийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх чухал ач холбогдолтой. БОНХАЖЯ болон НҮБ-ын REDD хөтөлбөрөөс 2013 онд нийтэлсэн “Монгол орны ойн салбарын эдийн засгийн үр өгөөж” тайланд дурдсанаар ойн салбар жилд 200 тэрбум төгрөгийн мод бэлтгэн боловсруулж, 66 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ” хэмээн тэмдэглэсэн. Энэ нь манай орны ойн арвин нөөц, дэд бүтцийн зохих хөгжил, ойн нөхөрлөлүүдийн хүсэл, эрмэлзлэл, итгэл үнэмшил болон тэдний хэрэгцээндээ ашиглаж буй машин техник, тоног төхөөрөмжийн боломж, модон бүтээгдэхүүний зах зээлийн өсөлт зэрэг олон нөхцөл байдал нь ойн нөхөрлөлүүдийг хөгжүүлэх өргөн боломж буйг нотолж байгаа юм.