Экспортлоно гэж хэлээд маргааш гаргадаггүй тул бэлтгэл ажлаа хийх хэрэгтэй
2016.03.31

Экспортлоно гэж хэлээд маргааш гаргадаггүй тул бэлтгэл ажлаа хийх хэрэгтэй

Салбар хуралдаанаар экспортлох боломж ба түүнийг үр дүнтэй ашиглах богино, урт хугацааны шийдлүүд, шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэхэд гардаг тодорхой асуудлууд, шийдвэрлэх ёстой асуудлууд сэдвээр оролцогчид ярилцана.

Хуралдааныг хуульч Ж.Нарантуяа хөтлөн явуулах бол тэргүүлэх оролцогчдоор АПУ Сүүний үйлдвэр, үйлдвэр хариуцсан захирал Г.Энхбилэг, Роял ресурс ХХК-ийн захирал С.Ариунболд, ТЭСО корпорацийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч О.Цогтгэрэл, Нүүдэлчин агра ферм ХХК-ийн захирал Ж.Баттөгс нар оролцож байна. 

ТЭСО корпорацийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч О.Цогтгэрэл 

"Хүнсний салбарын гинжин хэлхээний эхэнд байдаг мал аж ахуй, газар тариалан өнөөдөр ямар байна вэ. Үнэндээ портероо сүү, махаа зөөдөг, тээвэрлэдэг нүүдэлчин ахуй өөрчлөгдөөгүй л байна. МАА систем гэдэг зүйлийг эргэж харах цаг иржээ. Технологийн хоцрогдол, хууль эрх зүйн, сав боглоо, вакцинжуулалт гээд олон хүндрэлийг дурдаж болно. Үнэхээр том зах зээлтэй холбогдоё гэвэл эрүүл аюулгүй, тогтвортойгоор хүнсийг нийлүүлэх ёстой. Экспортлоно гэж хэлээд маргааш гаргадаггүй тул бэлтгэл ажлаа хийх хэрэгтэй, төлөвлөх ёстой" гэв.