Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
2016.03.25

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яамтай хамтран Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар өнөөдөр /2016.03.25/ хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь Монгол Улсын малын генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэх, хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн эрх үүрэг, хариуцлагыг нарийвчлан тогтоох, малын удмын санг хамгаалах үйл ажиллагаа явуулах мэргэжлийн нэгж, боловсон хүчинг чадавхижуулах, малын үйлдвэрлэг байдлыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх, тэдгээрт тавигдах хяналт, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох талаар та бүхэнтэй санал солилцоход оршиж байгаа билээ.

Дээрх зорилгоо биелүүлэхийн тулд хэлэлцүүлэгт холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, иргэд, олон нийтийг урьж оролцуулж байна. Дэлхийн бусад орны туршлагаас харахад малын эрүүл мэндийн болон үржүүлгийн чиглэлийн харилцааг тухайлан бие даасан хуулиар зохицуулж байгаа юм. Иймд малын генетик нөөцийн талаар баримталж байгаа дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлалын өөрчлөлт, нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдсан энэхүү хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Тус хуулийн төсөл нь 6 бүлэг, 23 зүйлтэй бөгөөд гурван үндсэн харилцааг зохицуулж байгаа аж

Монгол Улсад малын генетик нөөцийг тогтвортой ашиглах, хадгалах, хамгаалах тогтолцоог цогцоор нь зохицуулж малын гаралтай эрүүл хүнсээр хүн амыг хангах, түүний аюулгүй байдлыг сайжруулах, малын гаралтай генетик материал, түүхий эдийн нийлүүлэлтэнд суурилан нэмүү өртөг шингээсэн үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулах бие даасан шинэ хуулийг батлан гаргаж, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудал туйлын чухал байгаа бөгөөд та бүхнээс гаргасан санал бүрхэн үнэ цэнэтэй байх болно гэлээ.Хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө, аж ахуйн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Сувдаа “Малын генетик нөөцийн тухай” хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Тус хуулийн төсөл нь 6 бүлэг, 23 зүйлтэй бөгөөд гурван үндсэн харилцааг зохицуулж байгаа аж. Малын генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, малын генетик нөөцийг ашиглах, судлан хөгжүүлэх, малын генетик нөөцийг хадгалах хамгаалах гэсэн харилцаа юм. Малын генетик нөөцийн үнэ цэнэ, малын генетик материалын талаарх ойлголтыг хэлэлцүүлэгт оролцогчдод өгсөн юм.

Тухайлбал 56.0 сая мал 9.5 их наяд төгрөг, 761.8 мянган шувуу 9.1 тэрбум төгрөг, 29.9 сая гахай 7.5 тэрбум төгрөг, 6309 бүл зөгий 6.3 тэрбум төгрөг буюу нийт 9.7 их наяд төгрөгийн 5 хошуу мал болон үр шимээ өгдөг бусад тэжээвэр амьтад байна гэсэн тооцоог гаргажээ. Үүнээс жилд ДНБ үйлдвэрлэлд мал аж, ахуйгаас 3.1 их наяд төргөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Мөн тус хэлэлцүүлэгт НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн Ургамлын генетик нөөцийн олон улсын хороон дахь Монгол Улсыг төлөөлсөн орон тооны бус үндэсний зохицуулагч Н.Баярсүх “Хүнс, хөдөө аж ахуйн генетик нөөцийн олон улсын болон үндэсний зохицуулалтын талаар илтгэл тавилаа.Хэлэлцүүлэгт оролцогчид Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлэн илтгэгчдээс асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэхүү хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, С.Оюун болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцсон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.