Тост Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах эхний нөхцөл бүрдлээ
Саяхныг болтол Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байх Тост Тосонбумбын нуруу гэж сонсч байгаагүй бол олон сарын турш яригдаж, нэвтрүүлэг ч хийж, олны анхааралд оруулсны үр дүнд өнөөдөр УИХ-аар тусгай хамгаалалтад авахаар болж, хэлэлцэхээр тогтлоо.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нарын зарим гишүүн Өмнөговь аймагт очиж газар дээр нь ажилласан. Мөн холбогдох албаныхан, орон нутгийн иргэд, байгаль хамгаалагчид зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцүүлэг явуулсан. Ингээд Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж өргөн мэдүүлээд буй. Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдсэн тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд бодлого гаргаж ажиллах учиртай салбарын яам санаачилгагүй хандаж буй алдааг УИХ-ын гишүүд засч залруулж байна гэж шүүмжлэв. Хэлэлцэх эсэхийг нь дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болсон уг асуудалд гишүүд ямар байр суурьтай байгааг тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Тогтоолын төслийг дэмжиж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт авч байгаа талбайд уул уурхайн олборлох үйлдвэрлэл явж байгаа юу эсвэл геологийн хайгуул хийж байгаа юу. Энэ талбайд 2012 оноос өмнө хайгуулын тусгай зөвшөөрөл өгсөн гэсэн. Тэгэхээр зардлыг нь нөхөн олгоно гэж байсныг тогтоолд тусгаагүй учир асууж байна. 2012 онд Засгийн газрын шийдвэрээр нийт олгосон тусгай зөвшөөрлийн 40 орчим хувь буюу 1334 лицензийг зогсоочихоод асуудалд орж байсан учир болгоомжтой хандах ёстой.
БОХХАА-н байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг: Зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрлөөс гадна ашиглалтын лицензтэй компаниуд энд байгаа. Олборлолт хийсэн нь байхгүй. Олборлолт хийж байгаа компаниуд нь тусгай хамгаалалтад авах гэж байгаа талбайн гадна бий. Ашиглалтын лиценз дотор Монгол Улсын хилийн застав орсон. Ашиглалтын лицензтэй нь хайгуулын өрөм тавьсан байгаа юм билээ. Улсын тусгай хамгаалалтын тухай хуулиар байгалийн нөөцөөр авсан тохиолдолд УИХ-аас координатыг тогтоохгүй. Бид ийм координатаар аваач ээ гэж санал тавьж байгаа юм. Тэр хил хязгаарыг Засгийн газар тогтооно. УИХ-аар Тост Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахаар шийдэх юм бол Засгийн газар координатаа тогтооход нь бид үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай. Тэнд багтсан лицензүүдийн нөхөн төлбөрийг Засгийн газар дээр дахиж ярилцана.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: УИХ нөхөн төлбөрийг тогтоох боломжгүй. Компаниуд тийм зардал гарсан гэж тоо баримт авч ирж магадгүй. Хэрэв уул уурхайн ажил үргэлжлээд явах юм бол компаниудад үүсэх хохирлыг харьцуулж тооцох хэрэгтэй болно. Амьтан, ургамал устана гэдэг маш их хохирол. Ялангуяа говьд булаг шанд ширгэх маш том хохирол байдаг. Энд булаг шанд алга болохгүй гэж үнэлгээ гаргаад компаниуд лицензээ авсан юм билээ.
УИХ-ын гишүүн Су.Батболд: Бид Төв аймгийн газар нутгаас улсын тусгай хамгаалалтад авах тухай 7-8 жилийн өмнө өргөн барьсан. Гэтэл зүгээр нэг сенсаацлаад ингэх ёстой гэж хандахаар УИХ шүүрч аваад Засгийн газраас санал аваагүй тогтоолын төсөл орж ирж. Засгийн газрын нэг гишүүн нь дэмжээд явчихъя гэж байна. Тост Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авахыг эсэргүүцээгүй. Монгол орны газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах ёстойг дэмждэг.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Өргөдлийн байнгын хорооны шийдвэрийг Засгийн газар биелүүлээгүй. Аргаа бараад УИХ-ын гишүүн тогтоолын төсөл боловсруулаад оруулж ирсэн. Тост Тосонбумбын нуруунд 11 лиценз олгосны олонхи нь зугтаж алга болсон Ж.Капла гэдэг нөхрийнх. Тэр лицензийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани худалдаж авсан. Тэр нөхдийн лоббиг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар дарсан нь тодорхой. Гурвантэс сумын газар нутгийн 70 хувийг лицензээр олгосон. 2002-2012 оны хооронд ихэнх лицензийг олгосон байдаг. Энийг засахын тулд УИХ-ын гишүүд тогтоолын төсөл боловсруулж оруулж ирлээ. Энэ шийдвэр, тогтоолыг биологич Лхагвасүмбэрэл гэдэг залуугийн гэгээн дурсгалд зориулсан гэж ойлгож байгаа. Тост Тосонбумбын нурууг ард түмний анхааралд оруулж өгсөн буянтай хүү учир тогтоолын төсөлдөө нэрийг нь өгөхөд буруудахгүй.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Олборлолт явуулаагүй байхад яагаад ан амьтан даажиж байгаа юм бол судалгаа хийсэн үү. Лицензийг нь цуцалчихаар эргээд хөрөнгө оруулалтад эрсдэл учрах сөрөг хандлага бий болох нь. Үүнээс гарах гарц, шийдэл юу байна вэ. Гадна, дотны хөрөнгө оруулагчдад зөв ойлголт төрүүлэх ёстой. Нөхөн төлбөрийг хэрхэн шийдэх вэ. Ховд аймгийн Цэцэг суманд вольфромын ордод нөхөн сэргээлт хийж байгаа нэртэй нэг компани олборлолт явуулаад байна. Тусгай хамгаалалтаас нь гаргаад орон нутгийн иргэд яагаад олборлоод үр ашгийг нь хүртэж болохгүй вэ. Энэ газрыг тусгай хамгаалалтаас гаргах асуудал оруулбал Засгийн газар яаж хандах вэ.
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг: Засгийн газар, сайд нар бодлогоо уламжлан авч яваа. Амьтны аймаг, ургамлын аймаг зэргээр Монгол орны аль хэсгийг тусгай хамгаалалтад авах судалгааг гадна дотны хөрөнгө оруулалтаар хийсэн. Үүнийг Засгийн газрын хуралдаанд ирэх долоо хоногт оруулахаар болсон. УИХ-ын гишүүдийн санаачилсан Тост Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авахыг дэмжиж байгаа. Засгийн газрын хуралдаанд яригдаагүй нь үнэн. Ховд аймгийн Цэцэг сумын асуудалд гэвэл тусгай хамгаалалттай газар нутагт 13 га газар орчихсон. Олборлолт явуулаад олсон орлогоосоо нөхөн сэргээлт хийхээр нэг компани ажил явуулж байгаа юм билээ. Өнгөрсөн намраас иргэдээс маш их санал хүсэлт ирсэн. Аймгийн болон сумын Засаг дарга, ИТХ, тэнд ажилладаг БОНХАЖЯ-ны харьяа ажилтнууд, Мэргэжлийн хяналтынхныг оролцуулаад ажлын хэсэг байгуулсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ мөрдөж ажиллахгүй бол тэр компанийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах байдалтай яваа. 13 га газрыг тусгай хамгаалалтаас гаргаад орон нутгийн иргэдийг нөхөн сэргээлт хийхээр ажиллуулах зохицуулалт байж болно.
Өргөдлийн байнгын хорооны дарга байхдаа О.Баасанхүү гишүүн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 1000 гаруй иргэний гарын үсэгтэй өргөдлийг хэлэлцээд Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөл баталсан. Засгийн газарт чиглэл өгсөн ч улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төсөл оруулж ирэхгүй байгаа учир УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд энэ тогтоолын төслийг өргөн барьжээ. 840 мянган га газраа дархан цаазат газраар авахаар тусгаж.
Дархан цаазтай болгочихвол айл нутаглах, малын бэлчээр зэргээр ашиглах боломжгүй болдог гэнэ. Тиймээс Тост Тосонбумбын нурууг байгалийн нөөцөөр авах нь зөв гэж үзжээ. Ингэхээр тэнд нутаглаж буй 250 айл, ус, худаг, айлын өвөлжөө, хаваржаа, малын бэлчээрт нөлөөлөхгүй аж. Уул уурхайн яам нэлээн том тоо хэлсэн байна. БОХХАА-н Байнгын хорооны хурлын үеэр Уул уурхайн яамнаас нийтдээ 60-70 тэрбум төгрөгийг компаниудад нөхөн төлбөрт өгөх байх гэсэн багцаа тоо хэлжээ. Иймд байгаль орчны үнэлгээг бодитой хийж, маш сайн судлах хэрэгтэйг уг тогтоолын төсөл санаачилсан гишүүд хэллээ. Харин санал хураахын өмнө УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ БОНХАЖЯ хариуцлагагүй байгааг шүүмжлээд УИХ өмнөөс нь ажиллаж байна хэмээн байр сууриа илэрхийлсэн. Санал хураалтад 62 гишүүн оролцсоноос Х.Наранхүү, Ц.Нямдорж, Я.Собаатар, М.Сономпил, Ж.Эрдэнэбат нараас бусад нь Тост Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.