Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.04.13. Лхагва гараг/ 11 цаг 20 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 03 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийн тухай асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нар танилцуулга хийлээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 91 арга хэмжээнд Үндэсний хөгжлийн цогц бодлогоос 10, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 61, бусад бодлогын баримт бичгээс 20 арга хэмжээг авч төлөвлөн хэрэгжүүлжээ. Макро эдийн засгийн бодлогын хүрээний 4 зорилт, 10 арга хэмжээг 78.0 хувийн биелэлттэйгээр хэрэгжүүлсэн байна.
Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлогын хүрээний дөрвөн зорилт, 13 арга хэмжээг 67.6 хувийн биелэлттэйгээр хэрэгжүүлсний 13 арга хэмжээнээс 100 хувийн биелэлттэй хоёр, 90 хувийн биелэлттэй дөрөв, 70 хувийн биелэлттэй хоёр, 50 хувиас доогуур биелэлттэй 5 арга хэмжээ хэрэгжсэн байна. Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлогын хүрээнд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэд оруулах ажлыг нийслэл болон орон нутагт амжилттай хэрэгжүүлсэний зэрэгцээ “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр”-ийн хүрээнд 16 сумдад инженерийн шугам, сүлжээ, зураг төсөл, барилга угсралтын ажил хийгджээ. Мөн Улаанбаатар хот, төвийн бүсийн 13 аймгийн 100.0 гаруй мянган гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлж агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэн, ойн экосистемийг хамгаалах шинэ технологи нэвтрүүлэх, ойжуулалтын үр дүнг сайжруулах арга хэмжээ авсан байна.
Үндсэн чиглэлийн биелэлтийн тухай асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, мах махан бүтээгдэхүүний үнийн өсөлт, ноос, ноолуурын үнийн асуудлаар өнгөрсөн онд бодлогын хэмжээнд яригдсан боловч хэрэгжилт муу байгаа шалтгаан болон газар тариалангийн бодлогын талаар асууж тодруулав.
Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өгсөн тайлбартаа, мах махан бүтээгдэхүүний үнэ тогтворжуулахаар нөөцийн мах бэлтгэх асуудал 2015 оны төсөвт суугаагүй байсан. Гэхдээ 14.5 мянган тонн нөөцийн махыг бэлтгэж үнийг тогтвортой барих үйл ажиллагааг 2015 онд хэрэгжүүлсэн. 2016 оны хавар нөөцийн мах бэлтгэх асуудал төсөвт тусгагдаагүй байгаа. Тиймээс бусад арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, малчдад зориулсан үйлдвэрлэлийг дэмжсэн зээлийн хүүг гурав дахин бууруулсан. Дунджаар 29.5 хувийн хүүтэй зээлийг бууруулсанаар жилийн 10 хувийн хүүтэй зээл болж буурлаа. Хэрэглээний зээлийг 29.5 хувиас 18 хувийн хүүтэй болгож малчдыг дэмжсэн бодлого явуулж байна. Зээлийн үйл ажиллагаа хэрэгжээд явж байна. Махны үйлдвэрүүдэд олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрүүдийг шийдүүлсэн. Одоо арилжааны банкуудаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгогдож байна.
Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай тогтоолын дагуу 2015 оны ноосны урамшуулалд зориулан 19.6 тэрбум төгрөгийг 2016 онд төсөвлөсөн. Энэ мөнгийг олгуулахаар Сангийн яаманд хүсэлт гаргасан. Энэ дөрвөн сард багтаан олгоно гэсэн хариу өгөөд байна. Өнгөрсөн жил гангийн улмаас нэлээдгүй ургац алдсан. Цаашид энэ байдлыг багасгахын тулд Тариалангийн тухай хуулинд тодорхой заалтууд оруулж өгсөн. Тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтээр 14 мянган тонн импортын үрийн зөвшөөрөл олгосон байгаагаас төлбөрийн чадвараас хамаарч 2000 тонн үрийн зөвшөөрлийг буцаасан. Тариалан эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэд үрийн буудай нэмж импортоор оруулж ирж байгаа тохиолдолд үрийн нөөц зуун хувь бүрдэх боломжтой байгаа гэв.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 9 гишүүн энэ оны 03 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүдийн зүгээс Тос, Тосонбумбын нурааг улсын тусгай хамгаалалтад авахад хилийн заагийг Улсын Их Хурал тогтоохгүй Засгийн газар тогтооно. Иймд Засгийн газар хэд хоногийн дотор тогтоох, координатыг тогтооход аль яам санал гаргах асуудлыг хөндсөн юм.
Засгийн газар 60 хоногийн дотор координатыг асуудлыг баталгаажуулах ёстой. Бодит байдалд судалгааны ажлыг олон улсын байгууллага буюу шинжлэх ухааны байгууллагаар хийлгэдэг. Эдгээр байгууллагууд орон нутагтай хамтарч ажиллан орон нутгаас гаргасан санал санаачлагыг үндэслэн судалгаа гаргаж өгдөг. 2014 онд гаргасан координат Тост Тосонбумын нурууны дунд хэсэгт байгаа лицензийн зургийг гаргасан байгаа. Хэрвээ энэ маягаар гаргавал экосистемийн хувьд тэнцвэргүй байдал үүсгэх нөхцөл бүрдэх юм. Тусгай хамгаалалттай газрын тухай хуульд Засгийн газар хилийн цэсийг тогтоохоор заасан гэсэн хариултыг ажлын хэсгээс өгөв.
Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх удаах асуудал “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл байв. Уг тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын гишүүд санаачлан боловсруулсан байна. Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, төсөл санаачлагч Х.Болорчулуун танилцууллаа.
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын үзэл баримтлалд дурьдсаны дагуу 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Халх гол сумын нутагт хорио цээр, технологийн дэглэм бүхий хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүсийг байгуулах тухай Улсын Их Хурлын 75 тоот тогтоол батлан гаргасан байна. Уг чөлөөт бүсийн газрын хэмжээг 500 мянган га-гаар тогтоож, хилийн цэсийг хавсралтаар баталжээ.
Нутгийн гүн дэх их хэмжээний газар нутагт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулж, гадаад зах зээлд экспортлох үйл ажиллагааг Чөлөөт бүсийн хуулиар зохицуулан онцгой дэглэм тогтоох боломжгүй бөгөөд харин органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс байгуулах нь зүйтэй гэж төсөл санаачлагч үзжээ. Тогтоолын төсөл батлагдсанаар Дорнод аймгийн Халхгол сумын иргэд болон тус сумын нутагт газар эзэмших зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд Газрын тухай хуулийн дагуу нутагтаа газар өмчлөх, эзэмших, чөлөөтэй зорчих үндсэн эрх нь хязгаарлагдахгүй баталгаажих юм байна. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
Ингээд “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.