Бизнесменүүд дараагийн Засгийн газарт зөвлөмж илгээнэ
2016.04.22

Бизнесменүүд дараагийн Засгийн газарт зөвлөмж илгээнэ

Монголын Бизнесийн зөвлөлийн анхдугаар чуулга уулзалт өчигдөр Улаанбаатар хотноо боллоо.

Бизнесийн орчныг сайжруулж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бүтээлч хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулсан юм. Тус зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан “Монголын бизнесийн зөвлөл төр засаг, хувийн хэвшил, Элчин сайдын яамууд, ТББ, мэргэжлийн болон бизнесийн холбоодтой үр дүнтэй, нягт хамтран ажилладаг. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахын тулд дотооддоо  болон олон улсын хэмжээний дээд төвшний хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг байнга зохион байгуулж, хамтран ажиллаж ивээн тэтгэсээр ирсэн. Манай гишүүн 200 гаруй байгууллагын мэргэжилтнүүд салбар тус бүрийн тулгамдсан асуудлыг хөндөн шаардлагатай зөвлөмжийг боловсруулдаг. Цаашид салбарын мэргэжлийн байгууллагуудтай стратегийн түншлэл үүсгэн нийтлэг ашиг сонирхлыг төлөөлж, хамгаална. Мөн бид хамгийн сүүлийн үеийн шинэлэг, бодит мэдээлэл, бизнесийн санаагаа солилцож, хэлэлцдэг талбар байж гишүүд болон  хөрөнгө оруулагчдаа оновчтой шийдвэр гаргахад нь туслахыг эрмэлздэг гэв.

Манай улсад үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллага, мэргэжлийн хүмүүс өсч хөгжихөд нь хэрэг болохуйц өргөн хүрээний чухал, шинэлэг мэдээллээ энэхүү чуулганаараа солилцож, эдийн засгийн хямралын үе дэх бизнесийн стратеги ямар байх вэ гэдэг хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн олон улсын санхүүжилт, уул уурхай, үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлт, хөрөнгийн зах зээл, бизнесийн шинэ чиг хандлага зэрэг сэдвээр ч салбар бүрийн удирдах албан тушаалтнууд илтгэл тавьсан юм.

Ийнхүү хувийн хэвшлийнхэнд тулгамдаж буй гол асуудал, дараагиин Засгийн газрын анхаарвал зохих бизнесийн салбарыг тэд тодорхойлж байна. Чуулга уулзалтаас гаргаж буй шийдэл, санал зөвлөмжөө нэгтгэн эмхэлж, ирэх зургадугаар сард болохсонгуулиас өмнө улс төрийн      намуудад хүргэнэ. Ингэснээр дараагийн Засгийн газар бодлогоо бизнест ээлтэйгээр тодорхойлж, УИХ бизнесийн орчныг сайжруулахад сөргөөр нөлөөлж буй хууль, бодлогын баримт бичгүүдийг өөрчилнө гэж найдаж байгаа . юм. Өөрөөр хэлбэл, тэд дараагийн Засгийн газартай хамтран ажиллах ажил хэрэгч төлөвлөгөөг боловсруулан санал болгож, бизнесийн салбарт үр дүнтэй, бодитой өөрчлөлт бий болгохыг уриалан дуудаж байгаа юм.

Энэ үеэр зарим оролцогчийн саналыг сонирхлоо.

“Valiant art and interior” компанийн худалдааны төлөөлөгч О.Мишээл: Бидэнд хийх ажил их бий

-Би “Valiant art and interior”ийг төлөөлж энэ чуулга уулзалтад оролцож байгаа. Манай компани ихэвчлэн дотоод заслын ажил хийдэг. Европын холбооны орнуудаас шилдэг бүтээгдэхүүн, тавилга оруулж ирэн албан байгууллага, хувь хүмүүст  үйлчилдэг гэдгээрээ алдартай.

Энэ чиглэлээр анхдагч учраас бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулж, шинэ түнш хайх зорилгоор энэ арга хэмжээнд оролцож байна. Манайх чанарыг дээдэлж ажилладаг. Хямралыг нөгөө өнцгөөс нь харвал боломж учраас бидэнд хийх ажил их бий. Гагцхүү хууль, эрхзүйн орчин бизнест ээлтэй байгаасай.

“В2В Mongolia ” компанийн менежер Б.Дөлгөөн: Монгол моодноос гараагүй

-Манай компани “Mongolian business database” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн зорилго нь монгол, гадаад бизнес эрхлэгчдийг холбож, бие биеэ олоходтуслах юм. Гадаадын компаниуд ихэвчлэн түншээ хайж бидэнд ханддаг. Илгээсэн мэдээллийн дагуу бид бүртгэлтэй компаниудаасаа түнш олоход тусалдаг. Мөн гишүүдээ олон улсын томоохон фестивал, бизнес хөтөлбөрт хамруулдаг. Тиймээс сонирхсон компаниуд манайд хандаж, гишүүнээр бүртгүүлэхэд нээлттэй. Манай улсад зөвхөн уул уурхай гэж туилшралгүй эдийн засгийн бүх салбараа хөгжүүлэх боломж байгаа. Манай компанид дэлхиин 70 гаруй орны бизнес эрхлэгчид ханддаг. Эндээсхарахад, Монгол моодноос гараагүй” гэж би хэлнэ.