“Нягтлан бодох бүртгэлийн түүх” ном мэндэллээ
Монгол Улсын Гавъяат эдийн засагч, доктор профессор Лувсан-Очирын Дондогийн “Хөдөлмөр алдар” онол практикийн бага хурлын үеэр нэгэн шинэ номын нээлт боллоо.
Энэ ном нь Дэлхийн нягтлан бодох бүртгэлийн үүсэл хөгжил, Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн түүхийг багтаасан анхны ном болж байгаагаараа онцлогтой.
Зохиогч Л.Дондог ном бүтсэн тухайгаа: “2000 оны эхээр Туркт дэлхийн нягтлан бодогчдын түүх судлаачдын чуулга уулзалт болж, үүнд оролцож “Монголын эртний нягтлан бодох бүртгэл” гэсэн илтгэл хэлэлцүүлсэн. Үүнийг судлаачид нааштай хүлээж авсанаар урам орж түүхийн ном бичихээр төлөвлөсөн. Энэ цагаас дэлхийн түүхийн ном цуглуулж эхэлсэн.
Москва, АНУ, Англи, Герман, Европын орнуудаас материал олсон. Хятад, Монгол улсын тухайд материал олоход бэрхшээлтэй байсан. Учир нь Монголын эзэнт гүрний материалууд харь орон руу гарсан байдаг юм билээ. Ингэсээр 2008 он гэхэд нэлээд материал цуглуулсан. Үүнийгээ дэлхийн түүх болгохоор шийдэж эмхтгэж байгаа. Энэ номд дэлхийн түүхийг бүрэн оруулж амжаагүй. Яагаад гэвэл дахиад 2-3 жилийн ажил орохоор байгаа. Ерөнхий түүхийн асуудал, Орос, Монголын материалаа нэмээд гаргалаа. Харин хоёр дахь номоо “Дэлхийн түүх” гэсэн нэртэй гаргаж ирнэ.” гэв.
Тэрбээр номынхоо дээжийг их, дээд сургууль, нягтлан бодогчдоос төрсөн гавъяатууд, мэргэжил нэгт нөхдөдөө гардууллаа.