Монголын компаниудын тал хувь нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг
2016.04.26

Монголын компаниудын тал хувь нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг

2016 оны 4 дүгээр сарын 2 дугаар хагасын эдийн засгийн тойм

Зах зээлийн орчин

“World Economics” байгууллагаас сар бүр танилцуулдаг Монголын борлуулалтын менежерүүдийн индекс дөрөвдүгээр сарын байдлаар 33.4 нэгжээс өсч, 34.4 нэгж болсон байна. Энэхүү үзүүлэлтийн хувьд 4 сар дараалан өсөх чиглэлд орсон байгаа ч богино хугацааны эдийн засгийн талаарх хүлээлт сөрөг хэвээр байна.

Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын Бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо энэ оны эхний улиралд жилийн өмнөхөөс 11.1 хувиар нэмэгдэж, 129.3 мянгад хүрчээ.

... Харин бүртгэлтэй хоѐр компани тутмын нэг нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хэвээр байна ...

Бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 52 хувь нь идэвхтэй ажиллаж байна. Улаанбаатар хотод 95 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагийн 55 хувь нь үйл ажиллагаагаа явуулаагүй байгаа аж.

2013 оноос хэрэгжиж байгаа “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийг шинэчлэхээр болжээ. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэхүү хөтөлбөрийн хэрэгжилт 18 хувьтай гарсан учраас шинэчлэх шаардлагатай гэж үзсэн байна. Санхүүжилт талд нь шинэ механизм бий болгох үүднээс “Экспортыг дэмжих хөрөнгө оруулалтын сан”-г үүсгэн байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн сарын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоогоод байна.

... Хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоѐр жилд нэг удаа шинэчлэн тогтоохоор зохицуулсан байдаг ...

Энэ дагуу энэ сарын 20-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдаж, одоогийн мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэх шийдвэр гаргажээ.

.... Энэ оны I улиралд харилцаа холбоо, шуудангийн салбар 169 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна ....

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар бага бөгөөд 2014 оны I улирлаас хойш байгаагүй бага үзүүлэлт болж байгаа аж. Нийт орлогын 70 хувийг хүн амаас олсон орлого бүрдүүлсэн бөгөөд ялангуяа үүрэн операторуудын орлого дийлэнхийг бүрдүүлжээ.

Хэрэглэгчид цахим худалдааны төлбөр тооцоог хийхдээ банк тус бүрээр сонгох бус нэгдсэн нэг системээр төлбөрөө гүйцэтгэх боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл банкууд бидний интернэт худалдаа гэж нэрлэж заншсан цахим худалдааны төлбөр тооцоонд Монголбанктай хамтран нэгдсэн систем нэвтрүүллээ. Монголбанк бэлэн бус төлбөрийн хэрэгслийг дэмжих, интернэтэд суурилсан худалдааны төлбөр тооцоог банк хоорондын системд нэвтрүүлэх үүргийн хүрээнд ийнхүү нэгдсэн системээр ажиллах дэд бүтцийг бий болгоод байна.

Барилга

Түрээсийн орон сууцанд хамрагдах нийслэлийн иргэд ирэх сараас байрандаа орох боломжтой болно гэж Төрийн Орон Сууцны Корпорациас мэдээллээ.

... Энэ сарын 28-ны өдөр Буянт-Ухаа хорооллын 350 айлын орон сууцанд түрээсийн байранд амьдрахаар бүртгүүлсэн иргэдийн дунд сугалаа явуулна ....

Барилгын ажил нь царцсан компаниудад векселиэр санхүүжилт олгохоор ажиллаж байгаа гэж тус салбарын сайд удирдах ажилтны зөвлөгөөний үеэр мэдээллээ. Эхний ээлжинд 22 төсөлд 103 тэрбум төгрөгийн векселийн санхүүжилт олгохоор Барилга, Хот байгуулалтын яам төлөвлөжээ.

Хөдөө аж ахуй

Өнгөрсөн долоо хоногт Хөдөө Аж Ахуйн биржид 36.4 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Үүнээс 61 тонн ноолуурыг 36.2 тэрбум төгрөгөөр арилжаалжээ. Боловсруулаагүй бараан ноолуурын үнэ нэг кг тутамдаа 57 мянга 633 төгрөг байсан бол цайвар ноолуурынх 59 мянга 823 төгрөг болсон байна.

... Хөгжлийн банк 50 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж, арилжааны банкуудаар дамжуулан тариаланчдад олгохоор болоод байна ...

Үүнтэй холбогдуулан 1480 аж ахуйн нэгж зээлийн хүсэлт гаргасныг арилжааны банкуудад хүргүүлжээ. Хоѐр жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй зээл авсан тариаланчдыг эхний 8 сард үндсэн төлбөрөөс чөлөөлөх юм. Үүний зэрэгцээ тариалалт эхлэх гэж байгаатай холбогдуулан 20 мянган тонн улаанбуудайн үр импортлох зөвшөөрөл өгчээ.

Монгол Улс бодлогын түвшинд махны экспортыг дэмжихээр зорьж байна.Монгол Улсын малын чанар АНУ, Австрали, Канад зэрэг улсынхтай харьцуулахад 50 хувьтай тэнцэх боловч олон улсын чанарын шаардлага хангасан мах боловсруулалт огт байхгүй гэж үзжээ. Монголд одоогоор мах боловсруулах 30 байгууламж байгаагаас хоѐр нь олон улсын чанарын шаардлага хангаж байгаа аж. Харин 10 нь тогтвортой үйл ажиллагаа явуулж, дотоодын эрэлтийн 20 хувийг хангаж байгаа нь бодит боломжит зах зээлтэй харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм. Монгол Улсаас мах экспортлох боломжтой зах зээл нь БНХАУ, ОХУ болон Ойрхи Дорнодын улсууд гэдгийг АНУ-ын Махны холбооны дэд Ерөнхийлөгч Вилиам Вестмэн онцоллоо.

Уул уурхай

БНХАУ Ганцмод боомтоор өнгөрсөн сард 550 мянган тонн нүүрс импортолсон гэж мэдээллээ. Энэ нь өмнөх сараасаа 2.8 дахин өссөн бол өмнөх жилийн үзүүлэлтээс бараг хоѐр дахин бага хэмжээ болжээ.

Монгол Улс БНХАУ-аар дамжуулан Иранаас газрын тос худалдан авч магадгүй байна. Үүнтэй холбоотой яриа хэлцэл эхэлсэн гэдгийг Ираны Үндэсний газрын тосны компанийн Олон улсын асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал Мохсен Гамсари мэдэгдлээ. Өнгөрсөн 12 дугаар сард Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Иран улсад албан ѐсны айлчлал хийсэн бөгөөд энэ үеэр тэрбээр Ираны Газрын тосны сайдтай уулзаж ярилцсан юм. Энэ нь газрын тосны нийлүүлэлттэй холбоотой хэлэлцээг сэргээхэд ихээхэн ач холбогдолтой уулзалт болсон байна. Ираны Газрын тосны сайд Жавад Зариф нарын уулзалтын үеэр БНХАУ-ын компаниудаар дамжуулан Монгол Улсад 50-60 мянган баррель газрын тос нийлүүлэх бололцоотой гэдгийг онцолж байжээ.