Эдэлбэрийн хариуцлагатай засаглалыг хөгжүүлнэ
2016.05.24

Эдэлбэрийн хариуцлагатай засаглалыг хөгжүүлнэ

“Эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмж”-ийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээний гурав дахь удаагийн семинар Улаанбаатар хотноо боллоо.

Энэ удаагийн семинар ой болон бэлчээрийн хуулийн төслийн  хүрээнд хийгдсэн үнэлгээний ажлын үр дүнтэй танилцах, холбогдох хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, түүнчлэн сайн дурын зөвлөмжийг ашиглан Эдэлбэрийн хариуцлагатай засаглалыг хөгжүүлэхэд үндэсний хэмжээнд цаашид хийгдэх ажлын төлөвлөгөө боловсруулахад чиглэгдлээ. 

 

Семинарт ХХАА-н сайд Р. Бурмаа, ХХААЯ, БОНХАЖЯ, ГХГЗЗГ болон орон нутгийн төрийн болон төрийн бус байгуулага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, зөвлөмжийн хүрээнд хийж байгаа ажлуудынхаа талаар танилцуулан цаашид хийх ажлынхаа талаар хэлэлцсэн юм. Энэ үеэр онцгойлон хэлэлцсэн асуудлын нэг нь Бэлчээр хамгаалах хуулийн төсөл байв. Төслийн талаар ХХААЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Б.Алтанцэцэг танилцуулж, оролцогчдын зүгээс тус хуулийн төслийг сайжруулж, батлуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нөлөөллийн бүлэг байгуулах нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлсэн байна.  

Дэлхий дахинд газар эдэлбэрийн нөхцөл байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор Дэлхийн Хүнсний Аюулгүй Байдлын Хорооны 38 дахь удаагийн тусгай чуулганаар Газар, загас, ойн нөөцийн эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмжийг баталсан байдаг.

Харин манай улс 2014 онд үндэсний анхны зөвлөгөөнийг зохион байгуулж,  ЭЗСДЗ-ийг Монгол Улсын засгийн газар болон оролцогч талуудад танилцуулж зөвлөмжийг үндэсний  эрх зүйн орчинг сайжруулахад шаардлагатай, цаг үеэ олсон чухал  бичиг баримт хэмээн дүгнэсэн юм. Түүнчлэн ХХААЯ-ны санаачилга, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр олон үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Мөн үндэсний хэмжээний ажлын хэсэг байгуулан ажиллаж, зөвлөмжийг Монгол хэл дээр орчуулан хэвлэн тарааж, гурван удаагийн үндэсний хэмжээнд сургалтуудыг зохион байгуулж, холбогдох зарим хуулиудад үнэлгээ хийсэн байна.