“Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өрхийн амьжиргааг нэмэгдүүлэх боломжийг бий болгож байна
2016.06.13

“Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өрхийн амьжиргааг нэмэгдүүлэх боломжийг бий болгож байна

 “Сайн малчин” хөтөлбөр хэрэгжиж малчны зээлийн хүү 10 хувь руу буурсан нь малчдыг дэмжсэн нэг бодлого байлаа.

Тиймээс “САЙН МАЛЧИН” хөтөлбөрийг Ардчилсан намынхан ирэх дөрвөн жил үргэлжлүүлэн малчдыг нутагтаа ажиллах, амьдрах  нөхцөлийг  сайжруулах бүхий л бололцоогоор хангах аж.

Боловсруулах үйлдвэрүүдэд малчдаас мах, сүү, малын гаралтай түүхий эдийг нийлүүлснээр малчдын орлого 2-3 дахин нэмэгдэх юм байна. Залуучуудад малчны  мэргэжил  олгох “Малчны  залуу  халаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Малчны залуу халаа” уулзалтын үеэр “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогоор дэд хөтөлбөрүүд батлагдсан. “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр, Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр малчдад зориулсан банкны зээлийн хүүг бууруулсан нь өрхийн амьжиргааг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг өсгөх, үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломжийг бий болгож байна. 

Түүнчлэн мах болон мал аж ахуйн түүхий эдийн үнэ унаж, малчид бэлэн мөнгөний хомсдолд орж байгааг анхаарч тэдэнд зориулсан зээлийн хүүг бууруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.

Манай Хөдөлмөрийн яам хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаагийн нэг нь Малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм.  Хөтөлбөрийн хүрээнд малчдад мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж, шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр ханган 9568 иргэнийг сургалтад хамруулж, 4821 байнгын ажлын байрыг бий болгоод байна.

Засгийн газраас малчдын хөдөлмөр эрхлэлт, мал аж ахуйн салбар, холбогдох үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа тул мал сүргийн тоо толгойг өсгөх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ажиллах хүчний эрэлт хэрэгцээ их байна.

Өнөөдөр мэргэжлийн боловсрол, сургалтын 9 байгууллагад эрчимжсэн мал аж ахуйн фермер мэргэжлээр 157, малын эмчээр 57, малын асаргаа мэргэжлээр 38 гээд нийтдээ 252 хүн сурч байгаа нь уламжлалт мал аж ахуйн сургалт үндсэндээ хаагдаад байгаагийн нэг илрэл юм.

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэн малчны мэдлэг, ур чадварт үндэслэн малчин мэргэжлийн зэргийг тодорхойлох, түүнд тохирсон нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай юм.

Сайн, туршлагатай малчны амьдралын арга ухааныг мэргэжлийн боловсрол, сургалттай хослуулан шинэ залуу малчдаа сургаж бэлтгэх эрэлт хэрэгцээ байна” хэмээсэн юм.

Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр нь малчдад мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах, хадлан тэжээл бэлтгэх, сүү цагаан идээ болон мал аж ахуйн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлэхэд хөтөлбөрийн зорилготой юм.

Уг хөтөлбөрт зөвхөн 2015 онд нийт 2385 малчин өрхийн 4497 иргэнийг хамруулж 6,4 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүнээс малжуулах арга хэмжээнд нийт 1194 өрхийн 2399 малчныг хамруулсан.

Мөн мал маллах сургалтанд 252 малчныг хамруулж, малын хашаа хороо барих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах дэмжлэг туслалцааг 269 малчинд үзүүлж, шавь сургалтыг  16 малчин өрхөд явуулан 20 дадлагажуулагч малчныг хамруулсан байна. Малчдын дунд зохион байгуулсан аж ахуй эрхлэлтийн сургалтанд 497 малчин өрхийн 547, туршлага солилцох уулзалтад 314 иргэн оролцжээ.