Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2016.08.15

Ж.Эрдэнэбат: Эдийн засгийг хүндрэлээс гаргах хөтөлбөр боловсруулж, батлуулна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.Мэдээллийн эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүссэн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгсөн.

Тэрээр “Аливаа мэдээллийг үнэн бодитоор хүргэнэ гэдэг цаашдын ажлын төлөвлөгөөг илүү хэрэгжих үндэстэйгээр боловсруулах бололцоог бий болгоно. Статистик тоон мэдээллүүд бол тухайн орны эдийн засгийн нөхцөл байдлыг хэмждэг хэмжүүр байдаг.

Энэ тоонуудыг бид худлаа хэлээд, эсвэл засч залруулаад ярьж болохгүй.

Өнөөдрийн тухайд бид хоорондоо замбараагүй байгаа олон төслүүдийг нэгтгэж, цэгцлэх ажлыг хийж байна. Нэлээд хугацаа шаардагдсан.

Сангийн яам, Хөгжлийн банк, Улсын төсөв болон Монголбанк тус тусдаа төсвүүдтэй. Энэ олон төсвийн дунд хаягдсан, орхигдсон зүйл маш олон байна. Энэ бүгдийг цэгцлэхэд их хугацаа шаардлагатай байгаа.

Монгол Улсын Засгийн газрын хувьд бид хоёр үе шаттайгаар ажиллахаар төлөвлөж байна.

Нэгдүгээрт,  18 сарын хугацаанд макро эдийн засгаа тогтворжуулах ажил хийнэ. Хоёрдугаарт,  эдийн засгаа эрчимжүүлэх бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

Бид маш сайхан зүйлийг ярьдаг. Харамсалтай нь огт хийгддэггүй. Жишээ нь өнөөдөр Улаанбаатар хотыг тойрсон 5-6 эрчим хүчний төсөл байна. Хэрэгжүүлнэ гээд яриад л байдаг. Хэрэгжүүлсэн зүйл байхгүй.

Монгол Улсын Засгийн газар энэ нөхцөл байдлыг өөрчилж, эхний ээлжинд хэрэгжих бололцоотой, чухал төслүүддээ санхүүжилтийг нь шийдэж, хэрэгжүүлэх зарчмаар ажиллах болно.  

Бид төсөвтөө өөрчлөлт хийхгүй, тодотгол хийхгүй бол оны төгсгөл гэхэд төсвийн алдагдал ДНБ-ий 21 хувьтай тэнцэхээр байна. 

УИХ-ын даргад хандан ээлжит бус чуулган хуралдуулах талаар хүсэлт тавьсан.Үүгээр бид төсвөө тодотгож, төсвийг эрүүлжүүлэх алхмаа хийнэ.

Мөн Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр боловсруулна. Үүнийг төсвийн  тодотголтой хамтаар УИХ-д өргөн барьж, батлуулахаар ажиллаж байна. Төсвийнхөө алдагдлыг бууруулж, алдагдалгүй болгох, төсвөө эрүүлжүүлэх бодлогоо хэрэгжүүлнэ.

Цаашдаа зөвхөн тогтворжуулах зүйл яриад байхгүй. Эдийн засгийг дэмжих, идэвхжүүлэх ажлуудаа ч хийнэ. Эдийн засгийг тогтворжуулах алхмуудыг хийсний дараа 2017 оны төсвийг батлуулахдаа эдийн засгийг эрчимжүүлэх, хөгжүүлэх бодлогуудаа давхар батлуулахаар ажиллаж байна.  

Монгол Улсын хувьд яг одоогоор бэлэн хэрэгжүүлчих ТЭЗҮ нь бэлэн болсон хөтөлбөр, төсөл алга. Тийм учраас тодорхой эх үүсвэр болж, том төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг Монгол Улсын Засгийн газар хийнэ.

Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа. Бид хүнд худлаа хэлээд, өөрсдийгөө хуурч хэрэггүй гэж үзсэн. Бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй.

Аливаа тоон мэдээллийг албаар засч, залруулснаас үүдэлтэйгээр эдийн засагт учрах хохирол маш их. Засч, залруулсан мэдээлэлтэйгээр ажлаа хийгээд, тэр үр дүнд хүрэхэд хэцүү. Бид өөрсдийгөө толинд хараад, царай муутай байхаар толио хагалчихаж болохгүй. Толио хагаллаа гээд царайлаг болохгүй” гэлээ.

Үүний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-Стэнд бай хөтөлбөрийн тухайд? Эрдэнэтийн асуудлын талаар? 

-Олон улсын валютын сангийн мэргэжилтнүүд маргааш Улаанбаатар хотод ирнэ. Тэд манай улсын эдийн засагт дүгнэлт өгнө Бид олон улсын валютын сантай хамтран ажиллана.

Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар ажлын хэсэг шалгаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулна гэж хариуллаа.

-Төсвийн тодотголын талаар мэдээлэл өгнө үү?

-Төсвийн тодотголыг боловсруулж байгаа. Удахгүй бид өргөн барина. Шаардлагатай зардлыг бууруулах, зарим нэг үйл ажиллагааг хойшлуулахаар төлөвлөж байна.

-Дотоодын баялаг бүтээгчдийг хэрхэн дэмжих вэ? Хүүхдийн мөнгө болон оюутны 70 мянгын тухайд? 

-Дотоодын баялаг бүтээгчдийг дэмжих эхний шийдвэрийг Засгийн газар гаргаж эхэлсэн. Үндэсний үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийг татварын хөнгөлөлтөд хамруулах хуулийн төслийг өргөн барина.

Өнөөдөр аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан шалтгаан бол татвараа төлж чадаагүйтэй холбоотой. Тиймээс энэ нөхцөл байдлыг залруулах үүднээс Сангийн сайдад үүрэг өгсөн. Хувийн аж ахуйн нэгжүүдэд төрөөс очих дарамтыг бууруулах тал дээр ажиллана.

Хүүхдийн мөнгө, оюутны 70 мянгад улс төрийн хүчин аль аль талаасаа шүүмжлэлтэй ханддаг.

Бид аль болох хүнээ ажилтай болгох бодлогыг баримтална. Халамжийн бодлогын хувьд зорилтот бүлэгтээ очих ёстой.

-Өрийн төлбөрийн тухайд? 

-Эдийн засгаа тогтворжуулахын тулд өнгөрсөн жил 149.8 тэрбум төгрөгийн вексель бичиж байсан. Харамсалтай нь намайг ажлаа өгсөний дараа векселийн тоо өссөн.

Эх үүсвэргүй вексель бичиж байгаа учир хүүгийн дарамтанд орно. 

Хүүгийн зардалд Монгол Улс энэ жил 981 тэрбум төгрөг зарцуулна.

Ирэх жил 1.6 их наяд төгрөг зарцуулна. Бид жүл бүр 900 гаруй цэцэрлэг, 500 гаруй сургуулийн мөнгийг авсан зээлийнхээ хүүд өгч байна гэсэн үг юм.

-Шинэ Засгийн газар хэдий хугацаанд эдийн засгаа тогтворжуулна, сэргээнэ гэж та бодож байна?

-Би түрүүн хэлсэн эхний ээлжинд хоёр арга хэмжээ авна. Бидний тооцож буйгаар эхний үе шатандаа буюу 12-18 сарын хугацаанд макро эдийн засгаа тогтворжуулж чадвал эдийн засгийн өсөлт бүрдэнэ.

-Ипотекийн зээлийн тухайд? 

-Ипотекийн зээлийн тухайд Барилга хот байгуулалтын сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан байгаа.

Иймээс цаашдаа энэ зээлийг хэрхэн хэрэгжүүлэх, урьдчилгааг бууруулах уу, зээлийн хэмжээг бууруулах уу гэх мэтчилэн асуудлыг шийдэх ажлын хэсэг бүрдсэн. Ипотекийн зээл цаашид хэрэгжинэ.

-МАН мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж амлаж байсан. Гэтэд одоо мэргэжлийн Засгийн газар байгуулагдаж чадсангүй. Ерөнхий сайд, намын дарга нь хүмүүсээ томиллоо гэсэн шүүмжлэл ирж байгаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ? Мөн ам.долларын ханш өсөж байгаа нь Bank of China-тай холбоотой гэх мэдээллийн тухайд? 

-Мэргэжлийн Засгийн газар гэдэг бол хувь хүнтэй холбоотой асуудал биш. Сайн менежер, сайн удирдагч хүн амжилтад хүрдэг. Манай Засгийн газрын баг бүрэлдэхүүн бол сайн менежмент хийх чадвартай баг гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газар тодорхой хугацаанд ажилласан, менежерийн шалгуураар орж ирсэн хүмүүс учир мэргэжлийн баг гэж үзэж байна. МАН ганцхан зарчим баримталж байгаа.Хууль дээдлэх. Дөрвөн сайд ашиг зөрчлийн сонирхолтой байсан учир томилоогүй. Цаашдаа ч гэсэн хуулиа дээдлэнэ.

Bank of China-гийн тухайд гэвэл өнөөдрийн байдлаар дөрвөн улсын дөрвөн банк Монгол Улсад салбараа нээх хүсэлтээ гаргасан. Бид энэ асуудлыг судалж байгаа. Энэ бол зөвхөн Bank of China-тай холбоотой асуудал биш.

-Танаж болох зардлыг танана гэсэн. Энд цалин таналт хийх үү? Ямар арга хэмжээ авах вэ? 

-Тодорхой түвшинд цалинг бууруулах арга хэмжээг хийхээс өөр арга байхгүй.