Эдийн засгийг солонгоруулах шаталсан арга хэмжээ авна
Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү тэргүүтэй ажлын хэсгийнхэн орон нутагт ажиллажээ.
Тэдний хувьд Засгийн газрын 100 хоногийг угтаж, орон нутгийн иргэдтэй уулзалт хийж буй нь энэ юм. Энэ удаа Хэнтий, Сүхбаатар аймгийн төв болон Сүхбаатар аймгийн Дарьганга, Халзан сумын иргэдтэй уулзалт зохион байгуулжээ.
Засгийн газрын гишүүд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулж, үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгчээ.
Шинэ Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө батлуулж, хямралыг даван туулах бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.
“Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед хямралаас гарахын тулд ард иргэдээ эрүүл хүнс, орон байраар хангах, боловсрол мэргэжил олгох, ажилтай орлоготой болгох, эдийн засгийг солонгоруулах шат дараалсан арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй юм.
Улс орны хөгжлийн тулгын гурван чулуу болох хүнс, эрчим хүч, шатахууныг дотооддоо үйлдвэрлэдэг, улмаар экспортолдог болохоор зорьж ажиллаж байна” гэж Шадар сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ онцолжээ.