Х.Гиймаа: Нийт бэлдсэн махны 10 хувийг үйлдвэрийн аргаар бэлтгэж байна
Махны экспорпыг нэмэгдүүлэхийн тулд малын чанарт анхаарч өөрчлөлтгүй, эрүүл бүс болох шаардлага тулгарч байна.
Хөдөө аж ахуйн орон гэгдэх Монгол Улс энэ салбараа түшиглэн үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, олон улсын зах зээлд гаргах цаашлаад дэлхийн брэнд бий болгоно гэж бодлого тодорхойлогчид зорьдог. Гэтэл өнөөдөр урд хөрш рүү бага хэмжээний буюу жилдээ 1800-2000 тонн мах экспортлохоос бусдаар бол монгол бүтээгдэхүүн экспортод гараагүй, зогсонги байдалтай байна.
Тэгвэл Монгол Улс төлөвлөгөөт эдийн засагтай, 25 сая малтай байх үед жилдээ 40 мянган тонн мах, 3 сая малыг экспортолдог байсан байна. Өнөөдөр 50 сая малтай мөртлөө жилдээ 2000 тонн хүрэхгүй мах экспортоор гаргаж байгаа нь энэ талын бодлого, зохицуулалтгүй байгааг харуулна. Нэг талаар малын гоц халдварт өвчин нэмэгдсэн, малын мах таваарлаг байж чадахгүй болсонтой холбоотой ч нөгөө талаар төрийн бодлого энэ чиглэлд хангалтгүй ажиллаж байна.
Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа: Монгол Улс дотоодын хүнсний хэрэгцээндээ 200 мянга гаруй тонн мах бэлддэг. Үүнийхээ 10 хувийг үйлдвэрийн аргаар бэлдэж байна. Яагаад экспортод гарч чадахгүй байгаа шалтгааныг энэ тоон үзүүлэлтээс харах ёстой юм.
Өнөөдөр эргээд л малын эрүүл мэндтэй холбоотой, зөвхөн экспортод гаргахаас илүүтэй дотооддоо хүнс, мах бэлтгэж байгаа арга аргачлалыг хүнсний эрүүл ахуй, олон улсын стандартад нийцүүлэх шаардлага байна.