Ж.Мөнхжаргал: Ардын нам ''Квот, бодлого'' гэдэг хоёр үгийг үгсийн сангаасаа хасах хэрэгтэй
Даваа гаригт болсон Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны бага хурлын тэмдэглэл.
Ардын намын гол дутагдал бол квот нэрээр хүмүүсийг хүчээр оруулдаг, бодлого нэрээр өөрийн гар хөлөө хүчээр удирдлагад багтаадаг.
Намын дотоод ардчилал байхгүй бүх зүйл даргын санал болгосон тоо, даргыг долоосон хүмүүсээр дүүргэдэг.
Энэ нь эв нэгдэл огт биш. Зөвхөн кноп дарах чадваргүй хүмүүсийн бөөгнөрөл нь эцсийн дүндээ ялагдалд хүргэдэг. 2012 оны бүх шатны сонгуульд “Бодлого” нэрээр хүчээр орж ирсэн хүмүүс бүгдээрээ унасан түүх бий.
Ардын нам “Квот, бодлого” гэдэг хоёр үгийг үгсийн сангаасаа хасах хэрэгтэй.
Дүүргийн хурал эхнээсээ л мордохын хазгай гэдэг шиг хүчин төгөлдөр бус эхэлсэн. Үүрийн анхан шатны бүх нийтийн хурлаас сонгогдсон 95 бага хурлын төлөөлөгч л хуралд оролцох эрхтэй байтал намын дэргэдэх ТББ-ын төлөөлөл нэрээр 20 квот оруулж ирсэн нь журмаа зөрчсөн.
Тухайлбал Баянзүрх, Хан-Уул дүүрэгт квот нэрээр орж ирэх гэж санаархсан нөхдүүдийг хуралд оруулах боломжгүй гээд буцаасан байсан. Дээрх хоёр дүүрэг ялагдалын шалтгааныг мэдэрсэн учраас шударга хандаж байгаа нь сайн хэрэг.
- Хаалгаар гаргаад явуулахаар тооноор ороод ирдэг -
Алдаагаа засах, ажлаа сайжруулах үнэн үг хэлсэн нэгнийг "Энэ эсрэг хүн байна шүү" гээд хасдаг. Чингэлтэй дүүрэг ийм янзтай л хурлаа хийлээ.
Намын жирийн гишүүд чи ажлаа хийж чадахгүй байна гээд дүүргийн намын дэд даргыг нь төлөөлөгчөөр сонгохгүй унагааж байхад дарга нь квотоор дахиад оруулаад ирж байх жишээтэй. Хаалгаар гаргаад явуулахаар тооноор ороод ирдэг, орж ирээд ажил хийхгүй унагадаг байж болох уу.
- Даргын жижиг санаа, намаа жижигхэн болгоод байна -
Дүүргийн намын хороо өмнө нь 89 гишүүнтэй байсан бол энэ удаа намын дарга бодлого уншихдаа 69 болгоод 20 хүнийг шууд хасаад оруулаад ирсэн. Өмнөх сонгуулиудад намын хорооны 89 хүн л хамгийн идэвхтэй ажилласан байж таарна.
Гэтэл дүүрэг УИХ-ын гишүүнгүй, нийслэлийн ганцхан төлөөлөгчтэй л байна. 69 болгоод багасгачихаар, ажиллах хүч цөөрөөд өмнөхөөсөө дордох нь тодорхой. Уг нь энэ хүнд цаг үед аль болох л наашаа байгаа хүмүүсийг цааш нь явуулахгүй, олуулаа ажиллах нь ирээдүйд тустай.
Даргын жижиг санаа намаа жижигхэн болгоод байгаа нь дэндүү харамсалтай санагдсан. 69 хүн бол 19 үүрийн дарга, засаг дарга, дүүргийн төлөөлөгч гээд квотоор ороод дүүрчих л тоо, хамгийн гол нь гаднаас шинэ хүн оруулахгүй гэж хаалт тавьж буй жижиг санаа.
Бага хурлын олонх гишүүд 69 гэдэг тоог хүчтэй эсэргүүцэж заалнаас 91 гэсэн тоог оруулж ирсэн боловч дарга бас л 77 гэдэг тоог хүчээр шахсан. Дарга эхлээд өөрийгөө сонгох 77 хүнийг өөрөө бүрдүүлсний дараагаар дүүргийн намын даргын сонгууль болдог.
Мэдээж өөрийгөө баттай дэмжих 77 хүнийг өөрөө зоож байгаа учраас шинэ хүн сонгогдох магадлал бараг байхгүй.
Бага хурлын нийт төлөөлөгч намын даргаа сонгож чадахгүй байгаа дүрмийн энэ заалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага байгааг судлаач хүний хувьд сануулж байна.
- Гучин таван удаа залгахад нэг ч удаа утсаа аваагүй -
Ард түмнээс сонгогдсон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч хурал дээр ингэж ярив.
Намын даргатай холбогдох гэж 35 удаа залгахад нэг ч удаа утсаа аваагүй, өрөөнийх нь үүдэнд 3-4 цаг хүлээж байгаад уулзаж чадахгүй буцдаг байсан, үүр, хороо анхан шатан дээрээ очдоггүй, Чингэлтэй дүүрэгт ялалтыг авчирсан жинхэнэ эздүүд нь гудамжинд, Сүхбаатар дүүргийг ялагдуулсан нөхдүүд одоо манай дүүргийн удирдлагад ороод ажиллаж байна.
Чингэлтэйг Сүхбаатаржуулах бодлогоо зогсоо гэж хурал дээр хатуухан хэлсэн. 21 дүгээр зуунд ийм хүнд сурталтай дарга байж болох уу. Намын ажил бол хүнтэй л харилцана.
Гишүүд, дэмжигчтэйгээ тогтмол уулзаж, тэдний санаа бодлыг сонсож, идэвхжүүлэх, дэмжиж туслаж, хэрэгтэй цагт нь нэр төрийг нь хамгаалж, үнэт зүйлийг нь ойлгуулж, бахархалыг нь сэрээж ажиллах нь даргын үүрэг байх ёстой.
- Залуусын мөрөөдлийг ойлгож байж залуучуудыг татна -
Оюутны байгууллагын даргаа хурлаасаа хөөгөөд гаргасан. Тэр залуу оюутан залуусыг тоохгүй байна, огт хамтран ажиллахгүй байна гэж үнэн л үг хэлсэн.
Чингэлтэй дүүрэгт олон мянган оюутан залуус байдаг. Залуусын хүсэл мөрөөдлийг ойлгохгүйгээр, залуустай ажиллахгүйгээр ирээдүйг харах нь эмгэнэл.
- Давхар дээлээ тайлах өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй -
Давхар дээлтэй сайдууд дээлээ тайл гэж ярих боллоо. Энэ маш зөв санал санаачлага. Давхар дээл гэдэг маань албан тушаалын зөрчил юм. Манайд ч дунд шатны дарга нар олон давхар дээлтэй халууцаад сууж байна.
Тухайлбал Лхагвасүрэн гэж нөхөр дүүргийн засаг даргын орлогч, бүлгийн дарга, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, намын үүрийн дарга, ИНХ-ын дарга гэсэн давхар дээлтэй. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй.
- Бүх шатны сонгуульд нэр дэвшигчийг тодруулах эрхийг намын жирийн гишүүд, анхан шатанд олго -
Намын ажил бүх шатанд унасан гэдгийг намын жирийн гишүүд онцлон хэлээд удирдлагууд болох дүүргийн намын дэд дарга, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагын дарга, намын бага хурлын гишүүн, намын хорооны тэргүүлэгч зэрэг хүмүүсийг хуралд төлөөлөгчөөр сонгохгүй унагааж байхад дарга квот нэрээр хүчээр дахин оруулж ирж байгаа нь жирийн гишүүдээ л доромжилж байна.
Бид өмнө нь нэг намын тогтолцоотой байх үед намын дотоод ардчиллыг үнэнч, дуулгавартай байх, намын бүх л арга хэмжээнд оролцох зэргээр ойлгож байсан бол одоо өөр болсон.
Бүх шатны сонгуульд нэр дэвшигчийг тодруулах эрхийг намын жирийн гишүүд, анхан шатанд олгох, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, цөөн хэдэн хүн шийдвэр гаргадаг бюрократ бүтцээ халах, санхүүгийн ил тод байдал, намын дарга, удирдлага чөлөөт өрсөлдөөнөөр сонгогдох боломжтой байх, мөн шинэчлэл өөрчлөлтийг эрэлхийлсэн улстөрийн клуб, жигүүр намд байх нь дотоод ардчилалд онцгой ач холбогдолтой.
Эцсийн бүлэгт ямааны мах халуун дээрээ гэдэг шиг алдаагаа эхнээсээ засаад явбал ирэх он жилүүдийг баяртай угтах нь дамжиггүй.