Д.Очирбат: Улстөрчдийн ашиг сонирхлоос болж Жендерийн хууль гацаанд орох ёсгүй
2010.07.27

Д.Очирбат: Улстөрчдийн ашиг сонирхлоос болж Жендерийн хууль гацаанд орох ёсгүй

Парламентын хаврын чуулган завсарлаад удаагүй байна. Гишүүд тус тусын тойргоо зорьж, хийсэн ажил, хийх зүйлээ танилцуулахаар мордоцгоох болов. Энэ удаагийн чуулган хэр үр дүнтэй болсон талаар УИХ-ын гишүүн Д.Очирбаттай ярилцлаа.

Хаврын чуулган шиг их ачаалалтай ажилласан нь ховор

-Энэ удаагийн ээлжит чуулганы талаар гишүүд ам сайтай байгаа. Учир нь, томоохон төсөл хөтөлбөр баталсан. Таны хувьд хэр үр дүнтэй болсон гэж үзэж байна вэ?
-Миний хувьд бусад гишүүнтэй адилхан байр суурьтай байгаа. Их ачаалалтай ажиллаж, олон чухал асуудал шийдлээ. Тавантолгой төслийн гэрээ байгуулах эрхийг Засгийн газарт өгч, иргэддээ хувьцаа эзэмшүүлэх асуудлыг Ерөнхий сайд хууль тогтоох дээд байгууллагад оруулж батлуулсан нь хамгийн гол зүйл юм. Мөн "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөр Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого, "Монгол мал", "Ус" үндэсний хөтөлбөр гэх мэт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хөгжлийн чухал баримт бичгийг баталлаа. Харин одоо хэрэгжүүлэх л үлдэж байна. Энэ удаагийн чуулган шиг их ачаалалтай ажилласан үе ховор байсан байх.
-Гишүүдийн олонхи нь хөдөөнөөс сонгогдсон болохоор нийслэлтэй холбоотой асуудалд анхаарал хандуулахгүй байна гэж шүүмжилж байсан. Баталж буй хууль, баримт бичиг ч тийм байдаг?
-Энэ бүхэн ганцхан хөдөө орон нутаг руу чиглээгүй. Нийслэлтэй холбоотой олон асуудлыг ч шийднэ. УИХ-ын гишүүн хүн зөвхөн тойрог, дов дошны асуудлын төлөө явах ёсгүй. Монгол Улсын эрх ашиг, аюулгүй байдлын талаар парламентын танхимд ярих нь зүйтэй болов уу. Гэх-дээ сонгуулийн тогтолцоо маань амлалт дээр тогтож байгаа болохоор тойрогтоо хийх ажил, хөрөнгө санхүүгийн асуудлыг чуулганаар ярьсаар ирсэн. Иймд тогтолцоогоо л өөрчлөх нь чухал. Өнөөдөр шинэчлэл хийх цаг мөн үү гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Ер нь, аль ч тогтолцоог сонгосон ч булхайгүй зүйл байдаггүй юм билээ. Үүнийг гадаадын орны туршлага ч харуулж байгаа. Тиймээс тийм бололцоог олгохгүй байх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх талаар гишүүд ярьж байна.
-Чуулганы хугацаанд томоохон төсөл хөтөлбөр баталсан ч хөрөнгө санхүүгийн асуудлаа шийдээгүй. Магадгүй санхүүгийн бэрхшээлээс болж цагаан дээр хараар бичсэн тунхаглал болох гээд байдаг талтай?
-Тийм зүйл гарахгүй гэдэгт итгэж байна. Бид томоохон орд газраа эргэлтэд оруулснаар их хэмжээний орлоготой болно. Нэг үгээр хэлбэл, Тавантолгой төслийг хэлэлцэж байх үед хөрөнгө босгох, ашиглах, орлогын асуудлыг тодорхой болгосон. Сайхан зүйл ярих амархан хийх бол өөр шүү дээ. Одоо ярьж болсон учир хэрэгжүүлж хийх л хэрэгтэй. Хийж хэрэгжүүлэх ажлаа баталж, цаасан дээр буулгах нь анхны том алхам. Хотын асуудал, эмнэлэг, хотжилт, цахилгаан дулаан, утааны асуудал бол нийслэл болон хөдөө орон нутагт тулгамдсан, хийж хэрэгжүүлэх ажлын нэг. Тиймээс цааш явахад ямар нэгэн гацаа, саад үүсэхгүй. Бүтээн байгуулалт бол зөвхөн цаг хугацааны л асуудал шүү дээ.

Чихэр, дарс авснаар авлигачин нэр зүүх ёсгүй

-Засгийн газраас эрүүл мэндийн салбартай холбоотой хуулийн төсөл оруулж ирсэн. Гэвч чуулганаар хэлэлцэж амжсангүй?
-Чуулган завсарлах дөхсөн учир оруулж ирсэн асуудлыг хойшлуулж намрын чуулганаар хэлэлцэхээр болсон юм. Тодруулбал, Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хууль. Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооноос ажлын хэсэг томилж, энэ хууль дээр ажиллаж байгаа. Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг баталж мөрдүүлж эхэлсэн. Учир нь, сүүлийн үед юу нь мэдэгдэхгүй элдвийн эм бэлдмэл орж ирэх болж. Тураадаг таргалуулдаг,             өвчин намдаадаг, үрэвсэл дардаг гээд сурталчлаад л зараад байна. Ер нь, энэ бүхэнд хяналт тавих цаг нь ирсэн гэж боддог. Монголчууд элдвийн эм тариа хэрэглэдэг, юу ч байсан уучихдаг "хогийн сав" биш биз дээ.
-Энэ салбарын шинэчлэлийн асуудлыг хөндлөө. Чухам  юунаас  эхлэх хэрэгтэй бол?
-Энэ ажлыг нэн тэргүүнд хийх ёстой. Өвчин зовлонгүй, эрүүл саруул иргэдтэй байж улс хөгжинө. Иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулах  нь төрийн  үүрэг. Өнөөдөр эмнэлгийн үйлчил гээ хүнд хүрэхгүй байна, хана нь хөгц идсэн, ус алддаг, цахилгааны гэмтэлтэй. Аргагүй шүү дээ, 50-60 жилийн настай барилга, сантехник, цахилгааны холболттой юм чинь. Шинжлэх ухаан техникийн дэвшил өндөр болсон өнөө үед тийм барилгад хүн эмчлэх нь буруу. Ямар дайн байлдаан болсон биш дээ. Мөн социалист нийгэмд байсан тогтолцоо тэр хэвээр байгаа ганц салбар. Санхүүжилт нь зөвхөн цахилгаан дулаанд нь л урсчихдаг. Шинээр багаж, техник авах, засвар хийх мөнгө үлддэггүй.
Эмч нар авлига авах, хүнд суртал гаргах нь элбэг. Энэ тал дээр ямар нэг зүйл хийх үү?
-Үнэний ортой үг. Эмч багш нарын цалин хаа хаанаа хүрэлцдэггүй. Гэхдээ авлига авдаг гэдэгтэй санал нийлэхгүй байна. Авлига гэдэг нь чихэр, шил архи, вино л байх. Тэр чинь эмчлүүлсэн хүний сэтгэлийн бэлэг. Түүнээс биш "Би чамайг эмчилнэ, анагаана. Одоо өг" гэж байгаад аваагүй зүйл. Ер нь, хэн нэгнээс чихэр, дарс авсныхаа төлөө авлигачин нэр зүүх ёсгүй бодож байна.Цаашид эмч нарын нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Бүх асуудлыг цогцоор нь авч үзэх цаг болж. Энэ бүхнийг намрын чуулганд оруулна.
-Гэхдээ их хэмжээний мөнгө авсан тохиолдол гарч байсан?
-Тийм зүйл байж болохгүй. Эмч хүний ёс зүйд ч нийцэхгүй. Хууль боловсруулах явцдаа хариуцлага, хахуулийн асуудал дээр ч анхаарна. Төрөөс нийгмийн чиглэлийн асуудлыг нь шийдэж, ажлын байрны  ая тухыг хангаж байхад дээрхтэй адил зүйл гаргавал эмчлэх эрхийг нь хасах, хариуцлага тооцох арга хэмжээ авах болно.
Чингэлтэй дүүргийнхээ ахмадуудад зориулж амралтын газар байгуулна
-Та хаврын чуулганы явцад ямар ажил амжуулав?
-Хууль тогтоох дээд байгууллагын Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцсэн бүх асуудалд гар бие оролцлоо. Ажлын хэсгийн ахлагчаар ч ажилласан. Жендерийн тухай, Эм эмнэлгийн хэрэгсэл, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль гээд арав орчим томоохон хуулийн төсөл дээр ажилласан. Ер нь, оролцоогүй, ажлын хэсэгт нь багтаагүй зүйл үлдээгүй байх.
-Жендерийн тэгш байдлыг хангах хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Гэхдээ чуулганаар батлагдсангүй?
-Батлахаасаа өмнө шийдэх ганц хоёр асуудал гарч ирсэн юм. Түүнээс албаар хойш тавиад байгаа зүйл байхгүй. Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх асуудал буюу УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд эмэгтэйчүүдийн квотоо тогтох хэрэгтэй байгаа. Үүнийг шийдчихвэл Жендерийн хуульд тухайн салбарт ажиллах эрэгтэй эмэгтэй хүний квотоо суулгаад л болно. Иймд намрын чуулган хүртэл түр хойшлуулсан. Өнөөдөр улс төрд эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага. Тиймээс намуудын зүгээс үүнд анхаарч тус тусын байр сууриа ч илэрхийлсэн байгаа. Өнөөдөр парламентад гуравхан эмэгтэй гишүүн байгаа нь хангалттай биш. Үүнийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай.
-Улстөрчид, намуудын байр сууринаас болж Жендерийн тэгш байдлыг хангах тухай хууль гацаанд орсон талаар С.Оюун гишүүн ярьсан байна. Тэрээр "Гишүүд дэмжих сонирхолгүй зүйлээ хойшлуулдаг" гэсэн?
-Аливаа улс төрийн хүчин, улстөрчдийн ашиг сонирхлоос болж энэ хууль гацаанд орох ёсгүй. Ямар ч гэсэн намрын чуулганаар оруулж батлуулахаар ажиллана. Энэ бол зөвхөн бүсгүйчүүдтэй холбоотой асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрүүл мэнд, боловсрол, төр захиргааны байгууллагын ажилчдын олонхи нь эмэгтэйчүүд. Тухайн мэргэжлээр төгссөн эрэгтэй хүмүүсийг яагаад ажилд авахгүй байна. Бүгд эрх тэгш байх ёстой гэсэн санаа хуульд бий.
-Чуулган завсарлаж гишүүд гадаад, дотоодод амралтаар явах боллоо. Та хэрхэн амрах гэж байна вэ?
-Амрах зав олдохгүй л байна шүү. Чингэлтэй дүүргийнхээ ахмадуудад зориулж амралтын газар байгуулж байгаа. Тэр ажлаа дуусгахаар ханцуй шамлан ороод байна. Есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулж ахмадуудаа аваачих санаатай, Мөн тойрогтоо ажиллах, ирэх сард томилолтоор гадаад руу явах, ажлын хэсгийн ажил гээд их ажил хүлээж байна.
-Гишүүн бүрт тэрбум төгрөг төсөвлөсөн. Түүнээсээ хийж гүйцэтгэж байна уу?
-Тэр мөнгө сайд нарын багцад орсон. Миний хувьд дүүргийнхээ гэр хороололд гэрэлтүүлэг хийлгэх саналаа өгсөн байгаа. Өнөөдөр харанхуйд хүн дээрэмдэх, зодох, эд зүйлийг нь булаах гэх мэт олон гэмт хэрэг гарч байна. Гэрэлтэй болгочихвол ажил нь орой тардаг хүмүүст ч амар байх болно. Ямар нэг зүйлээс айх зүйлгүйгээр гэр рүүгээ харьж байх ёстой гэж бодсон. Мөн залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчинг бурдүүлэхээр цэцэрлэгт байгууламж барихад анхаарч байна.