2009.11.03

Д.Очирбат: Хотын захын сургуулийг аймгийн сургуультай харьцуулахад хөрөнгө оруулалт бага байна

УИХ-ын гишүүн Д.Очирбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Нийслэлээс сонгогдсон гишүүд "Шинэ Улаанбаатар төсөл боловсруулж байгаа гэсэн. Энэ төслийнхөө талаар ярихгүй юу?
-Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд "Шинэ Улаанбаатар" хөтөлбөрийг үндсэн чиглэл болон төсөвтэй холбогдуулаад нэлээд ярьж байна. Үүнд бид хот байгуулалт, агаарын бохирдол, хотын хууль эрх зүйн орчны чиглэлээр ярьж байгаа л даа. Өнөөдөр нийслэл хот маань Азийн цагаан дагина гэж нэрлэгддэг. Төсөв дээр хэлэлцэгдэж байгаа асуудлын хүрээнд ч хөрөнгө оруулалт нь хөдөө орон нутгаас доогуур тавигдаж байна. Хөдөө орон нутагт хөрөнгө оруулалтын чиглэлээр гадаад дотоодын төсөл тусламжаар хөрөнгө санхүү их хэмжээгээр тавьж өгч байна. Гэтэл Улаанбаатар хот Монгол Улсын нийслэл мөртлөө хөрөнгө оруулалтыг маш бага тусгаж байна. Аймгийн нэг сургуультай Улаанбаатар хотын захын дүүргийн сургуулийг харьцуулахад хөрөнгө оруулалт бага байгаа юм. Зөвхөн сургууль ч биш өрхийн эмнэлэг зэрэгт хөрөнгө оруулалт бага байна. Тиймээс бид энэ хөтөлбөрийг боловсруулж байгаа юм.
-Хотын удирдлагууд ч гэсэн өөрсдийн бүрдүүлдэг төсвөө улсад бус нийслэлийнхээ төлөө зарцуулмаар байна гэдэг?
-Бид хотын удирдлагуудтай уулзсан. Энэ уулзалтаар нийслэлийн асуудлаа хөндөн ярилцлаа. Нийслэлээс улсын төсөвт 58 тэрбум төгрөг жилдээ оруулдаг. Энэ мөнгийг Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтийн төлөө үлдээж өгөөч гэдэг саналыг нийслэлийн удирдлагуудын зүгээс тавьж байгаа. Хөдөө орон нутгийнхан ч гэсэн өөрсдөө хөрөнгө мөнгөө босгон, дэд бүтэц, хөгжлийн асуудлаа шийдэж баймаар байна. Хот бүрэн эрхийнхээ хэмжээнд сургууль цэцэрлэг барих боломжийг хааж, төсвийн хэт төвлөрөлтэй болсон байна. Өнөөдөр Сангийн яамнаас хуваарилалт хийгээд хот, хөдөөгийн асуудлыг нэг мэргэ-жилтний гарын үсгээр шийдвэрлэж байна. Тийм учраас төвлөрөлт үүссэнийг эвдэх ёстой юм.
-"Шинэ Улаанбаатар" хөтөлбөрт агаарын бохирдлын асуудлыг яаж тусгасан бэ?
-Төсөв дээр агаарын бохирдолттой тэмцэх арга хэмжээний зардлын төсөв тусгагдсан. Гэхдээ бид агаарын бохирдлыг багасгах чиглэл дээр үр дүнтэй байх талаар анхаарч байна. Агаарын бохирдлоос үүдэн 10-20 жилийн дараа бидний эрүүл мэнд ямар байх вэ гэдгээс урьдчилан сэргийлэх ёстой. Тиймээс энэ бүхнийг цогцоор нь шийдэж өгөх ёстой юм.
-Энэ хөтөлбөр ямар хугацаанд хэрэгжиж үр дүн нь гарах бол?
-Нийслэлээс сонгогдсон болоод нийслэлд амьдарч байгаа гишүүд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. УИХ-аас ажлын хэсэг гарсан байгаа. Ямар ч байсан нийслэлийнхээ төлөө зоригтой дуугарч, хөгжилдөө анхаарал тавихгүй бол болох-гүй. Цаашдаа ч энэ төслийг хэрэгжүүлэхдээ зөвхөн улсын хөрөнгө оруулалтаар бус гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж, банк санхүүгээр зохицуулан хэрэгжүүлэх болно. Өнөөдөр Улаанбаатар хот нэг сая гаруй хүнтэй метрополис хот болжээ. Гэтэл нийтийн тээврийн асуудал хүндрэлтэй байна. Гэр хорооллыг барилгажуулах, иргэд нь ая тухтай ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Хэдийгээр өнөөдөр дэлхийн банк санхүүгийн хямралтай үе байгаа ч хүний амьдарч ажил-лах хууль эрхзүйн орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй юм.
-Нийслэлээс гадна тойргийнхоо асуудал дээр хэр анхаарч байна вэ?
-Нийслэлээс сонгогдсон гишүүн болохоор чуулганы зав-сарлагаар ч, чуулгантай үедээ ч тойрогтоо ажилласаар байна. Саяхан 4300 алдарт эхтэй Бөхийн өргөөнд уулзлаа. Мөн 2000 гаруй ахмадтайгаа уулзлаа. Тойргийнхоо 1900 залуу Төрийн ордонд оруулж, Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлүүлж, тэдний санал бодлыг сонслоо. Тойрогт маань орон гэргүй хүмүүс их байна. Иймээс тойргийнхоо иргэдэд 100 сая төгрөгийн 125 гэрийг олгохоор болоод байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраар тендер зарлуулан шалгаруулж, гэр нь бэлэн болоод байгаа. Өндөржүүлсэн байдлын дараагаар олгох юм. Эхний шалгуураар гэр орноор нь явж үзэн, батламж олгосон иргэддээ өгнө. Цаашдаа ахмадын сувилал амралтын газрыг байгуулж өгөхөөр төлөвлөж байна. Эрүүл мэндийн нэгдэл дээр ахмадын сэргээн засах төвийг байгуулна гэх мэтээр төлөвлөж байна даа.
-Эх орны эрдэнийн сангийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Парламент дахь хоёр хүчин байгалийн баялгаас олсон мөнгөнөөс иргэддээ тараана гэж гарч ирсэн. Тийм учраас энэ мөнгийг олгох нь зөв. Гэхдээ ямар шугамаар, ямар зарчмаар, хүртээмжтэйгээр олгох вэ гэдэг дээр асуудал үүсч байна. Тойрогтоо иргэдтэйгээ уулзаад явахад ахмадууд маань "Эхний ээлжинд бидэнд хэдэн цаас олгооч ээ. Бидний амьдрал өдөр ирэх тусам хүнд байна" гэсэн санал тавьдаг. Тийм учраас улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө явж байсан ахмадууддаасаа эхний ээлжинд эхэлбэл зүгээр юмуу гэдгийг манай залуу сонгогчид хүлээн зөвшөөрөх байх.