С.Эрдэнэ: Үндсэн хуулийн өөрчлөлтөд дур зоргоороо хандаж байна
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хууль зөрчиж буй талаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Эрх баригчид “Эцэг” хуулийг өөрчлөхөөр зүтгэж байгаа. Энэ талаар сөрөг хүчний байр суурийг сонсмоор байна?
-Үндсэн хууль бол бүх хуулийн “эцэг” гэж та хэллээ. Энэ утгаараа бусад хууль, төрийн үйл ажиллагаа нь Үндсэн хуультайгаа зөрчилдөхгүй байх зарчим бий. Ялангуяа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа бол бүх зүйл яв цав, хууль, журмын дагуу явах ёстой. Гэтэл эрх баригчид эхнээсээ л хууль, журмыг уландаа гишгэж байна. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэгчлэн энэ өөрчлөлт ийм замаар эхэлж буй болохоор өөдтэй юм болохгүй шинжтэй.
-Тухайлбал?
-Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Үүний дагуу бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөө өргөн мэдүүлэх ёстой. Дараа нь УИХ-аар хэлэлцэн шийдвэрлүүлэхийг заасан нарийн дэг журамтай. Гэвч УИХ түүхэндээ анх удаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлээгүй байхад асуудлыг хөндөөд явж байна. Энэ нь илт захиалгын шинжтэй гэж харагдаж байна лээ. Нөгөө талаас хэт улайрсан шинжтэй харагдуулж байна. сар гаруйхны хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийднэ гэж зүтгэж байгаа нь үүний илрэл. Зориуд онцолж хэлэхэд, энэ бол Үндсэн хуульт ёсны хувьд том ухралт. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах энэ удаагийн санаачилга, үйл ажиллагаа эхэндээ зөв байсан ч сүүлдээ дур зоргын шинжтэй болж хувирч байгаа нь харамсалтай.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн өөр ямар зүйл, заалтыг зөрчсөн юм бэ?
-хэд хэдэн үндэслэл, зөрчил бий. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.3-т зааснаар Үндсэн хуулийн зөвхөн дөрвөн зүйл, хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах ёстой. Гэтэл зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцсэн зургаан бүлэг асуудлын гурав нь зөвлөлдөх санал асуулга явуулах хуулийн заалтад хамаарахгүй. зөвлөлдөх санал асуулгаар дэмжсэн гэх дөрвөн бүлэг асуудлын гурав нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах ёсгүй, хууль зөрчиж захиалгаар оруулсан сэдэв байсанд харамсаж байна. Тухайлбал, нэгдүгээрт, төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах, хоёрдугаарт, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, гуравдугаарт, улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх зэрэг юм. Өөрөөр хэлбэл, хууль зөрчиж явуулсан зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг Үндсэн хуульд өөрчлөлт хийх үндэслэл гэж үзэх боломжгүй болсон гэж ойлгож болно.
-Энэ асуудал хууль, эрх зүйн олон зөрчил дагуулж буй талаар хуульчид ч байр сууриа илэрхийлээд эхэлсэн байна билээ?
-Зөрчлүүдийг нь түүвэл жижигхэн товхимол болох хэмжээний юм бий. Үүнийг нурших түвэгтэй ч, Ардчилсан Үндсэн хуулийг сахин хамгаалах үүрэг хүлээсэн намын даргын хувьд байр сууриа илэрхийлэх ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.3.3-т Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн дөрөв дэх хэсэг, хорьдугаар зүйл, гучдугаар зүйлийн нэг дэх хэсэг, дөчин нэгдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар тов тодорхой заасан байдаг.
Тодруулбал, Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, хорьдугаар зүйлд “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална”, гучдугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн”, дөчин нэгдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна” гэсэн дөрвөн заалтыг л өөрчлөхдөө зөвлөлдөх санал асуулга явуулах юм. Гэтэл дээрх заалтад хамаарахгүй гурван бүлэг асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зөвлөлдөх санал асуулга явуулж хууль зөрчөөд байна.
-Эрх баригчид ингэж хууль, журмаа зөрчиж Үндсэн хуульдаа халдах ямар шаардлага байсан юм бэ?
-Үндсэн хууль бол Монголын төрийн бодлогын тулгуур баримт бичиг. Тийм учраас нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг зориуд журмын тухай хуулиар маш тодорхой зааж, хязгаарлаж өгсөн юм. Ний нуугүй хэлэхэд Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг тойрох арга хэрэгсэл болчихлоо. Журмын тухай хуулиар явахаар өндөр шаардлага, босготой тул Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталж, үүнийг явуулсан нэр зүүгээд, ажлын хэсэг байгуулчихаж байгаа юм. Энэ бол журмын тухай хуулийг алгасаж, Үндсэн хуульд хялбар аргаар нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн “заль мэх”. “Зөвлөлдөх санал асуулгын дүн, зөвлөмж” нэрийн доор Үндсэн хуульд нэмэлт оруулахаар зэхэж байгаа нь улс төрийн нам, бүлэг, давхаргын далд ашиг сонирхлыг илэрхийлсэн, дур зоргын шинжтэй үйл ажиллагаа юм.
-Одоо тэгэхээр зөвлөлдөх санал асуулгын дүн, зөвлөмжийг юу гэж үзэх вэ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.4-т “Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 6.1.1-д заасны дагуу явуулсан санал асуулгын дүнгээр энэ хуулийн 5.3.3-т заасан асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол УИХ заавал авч хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулна” гэж заасан. Тэгэхээр УИХ-аар заавал хэлэлцүүлэх ёстой гэсэн үг.
-Ямар учраас хэлэлцүүлэхгүй байгаа юм бэ?
-Эхнээсээ хууль зөрчөөд явсан учраас УИХ хэлэлцэж чадахгүй байгаа юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай сайтар боловсруулж, 2010 онд баталсан хуулиар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг зохицуулдаг. Гэтэл Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль 2017 оны хоёрдугаар сард батлагдаж, улмаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн холбогдох зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан нь дэвшил гэхээсээ илүү Үндсэн хуулийн халдашгүй байдал, дархлааг дордуулсан зүйл болсон.
-Эрх баригчдын энэ алдааг залруулах арга зам бий юү?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах албан ёсны төсөл байхгүй нь том асуудал. УИХ хууль зөрчиж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ямар ч төсөлгүй уулзалт, хэлэлцүүлэг, үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхийлөгчийн сонгууль болоход нэг сар гаруйн хугацаа үлдээд байхад өнөөдрийг хүртэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл гэж өргөн мэдүүлсэн зүйлгүй, төсөл нь ил тод биш байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх, ярихад хангалттай хугацаа үлдээсэнгүй. Өөрөөр хэлбэл, үлдэж байгаа нэг сар гаруйн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх боломжгүй. Магадгүй эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлэх сонирхолгүй байгаагийн илрэл энэ байх.
Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.1-д заасан “Хууль санаачлагч энэ хуульд заасан зарчим, журмын дагуу боловсруулсан төслөө ... УИХ-д өргөн мэдүүлнэ.”, 11.2-т “УИХ төслийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ” гэсэн зарчмаар явах ёстой байсан.
-Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг төсөл боловсруулж байгаа шүү дээ?
-Тийм бол түүнийгээ өргөн мэдүүлэх ёстой шүү дээ. Одоо бол боловсруулж байгаа нэрийн доор ардаа нуучихаад, цөөн хэдэн хүний хүрээнд яриад байна. Энэ бол олон нийтийг хуурч буй хэрэг. Өнөөдөр төслөө өргөн мэдүүлээд, төсөл дээрээ ярилцаад дууссан байх цаг хугацаа шүү дээ. Гэтэл төсөл байхгүй.
-УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх боломж үлдээгүй гэж хэлэх гээд байна уу?
-Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 3-т “УИХ ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно” гэж заасан. Харин УИХ нь Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа нь Үндсэн хуулийн үзэл санаа, зарчимд огт нийцэхгүй. Үүнд Ард нийтийн санал асуулга ч мөн адил хамаарна. Үндсэн хуулиар ээлжит сонгуулиас зургаан сарын өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт байхад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа нь Үндсэн хуулийг үл хүндэтгэж байгаагийн ноцтой хэлбэр.
-Магадгүй эрх баригчид улс төрийн зорилгоор яаравчилж байж мэдэх юм. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Үндсэн хуулийн энэ хязгаарласан заалт бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгуулийн өмнө хэлэлцэж, батлаж болохгүй гэсэн санаа юм. Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хөндөж байгаа үйл явцыг харахад эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгуулийн сурталчилгаа, амлалт болгож ашиглах зорилготой байгаа нь тодорхой харагдаж байгаа.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.4.2-т “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь улс төрийн аль нэгэн нам, бүлэг, давхаргын ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалсан байж болохгүй” гэж заасан. Энэ заалт өнөөдөр агуулгаараа зөрчигдөөд байна.
-Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Ард нийтийн санал асуулга явуулж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг эцэслэх нь тодорхой болж байх шиг?
-Эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлээгүй байхад Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байгаа нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал дур зоргын шинжтэй болсныг харуулж буй юм. Нөгөө талаас УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд ард нийтийн санал асуулга явуулахгүй гэж шийдэх эрхтэй. Харамсалтай нь, УИХ-ын өмнөөс Засгийн газар шийдвэр гаргаад явж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.4.1-д “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга, үйл ажиллагаа нь дур зоргын шинжтэй байж болохгүй” гэж заасан байгааг анхаарах ёстой.
Үндсэн хуулийг өөрчлөх асуудал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар явахгүй, уг хуулийг тойрч гарах, дутуу хэрэглэх зэргээр хэлбэрдэж байгаа. Одоо ярьж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн зарим асуудал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 2.1, 2.3-т заасантай нийцэхгүй л болов уу. Зарим асуудал нэмэлт, өөрчлөлтийн агуулгаас хэтэрсэн. Энэ нь төсөл өргөн мэдүүлсний дараа л тодорхой харагдах байх.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1.2-т “Энэ хуулиас гадуур Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ” гэж заасан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай одоогийн санаачилга нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчиж байгааг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзэх үндэстэй юм. Иймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулга явуулахыг хойшлуулах шаардлагатай. Долоо хэмжиж, нэг огтлох зарчим бодит байдал дээр огт хэрэгжсэнгүй.
Сэтгүүлч А.Амина