2009.12.01

Завханчууд хөгжлийн хэтийн төлвөө өөдрөгөөр харж байна

ИХ-ын Тамгын газар, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн холбооны газраас хамтран зохион байгуулсан онлайн ярилцлага Завхан аймгийн хөгжлийн хэтийн төлвийн талаарх сэдвийг хөндөж ярилцан, санал солилцох боломж олгож чадлаа. Аймгийн Засаг дарга Я.Санжмятав тус аймгаас сонгогдсон гишүүддээ хандан төсөв батлах том ажлынхаа ард гарч, улс орныхоо ирэх жилийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлсонд нь баяр хүргээд нутаг орныхоо талаар танилцуулга хийсэн.

Тэрбээр нэг талаас малчдын бэлэнчлэх сэтгэлгээг өөрчлөх алхам хийж эхэлснээ ярьж, нөгөөтэйгүүр Тува-д мал, малын гаралтай түүхий эд нийлүүлэх замаар малчдынхаа орлогыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаагаа илэрхийлж, энэ тал дээр гишүүдээсээ дэмжлэг хүсч байсан. Мөн орон нутагтаа жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх боломжууд байгааг хэлж, эрчим хүчний асуудлыг шийдэж эхэлсэнд нь гишүүддээ талархал илэрхийлж байв. Засаг дарга энэ сарын 17-нд аймгийнхаа хөгжлийн асуудлаар нутгийн зөвлөлийнхөнтэй хамтран чуулган зохион байгуулах гэж байгаагаа хэлж, гишүүдээ ирж оролцохыг урьж байсан. Дараа нь тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд аймгийн удирдлагууд болон сонгогчиддоо хандан үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.БАЛДАН-ОЧИР: Монгол төрийн бодлогын төвд мал, малчин хоёр орсонд баяртай байна

Орчин үеийн харилцаа холбооны дэвшлийг ашиглан нутгийн удирдлагууд, сонгогчидтойгоо уулзаж байгаадаа баяртай байна. Болж өгвөл, долоо хоногт нэг удаа уулзаад байдаг бол бүр зүгээр юм байна. Завхан нутгаас та бүхнийгээ төлөөлөн сонгогдсон бидний гурван гишүүн нутгийн олныхоо төлөө мэрийн ажиллаж байна. Ирэх оны төсвийг хэлэлцэхэд ч мөн адил арай давуу хөрөнгө оруулалтуудыг нутаг орондоо оруулахаар чармайж ажиллалаа. Одоогийн эдийн засгийн байдал, санхүү эдийн засгийн хямралын улмаас тэр бүр санаснаар байх боломжгүй байгааг та бүхэн ойлгох байх аа. Бид төрийн бодлого, хууль батлахын зэрэгцээ сонгогчдынхоо захиа даалгаврыг биелүүлэх чиглэлээр ч бас ажиллаж байгаа.


УИХ-аас Малчдын талаар төрөөс баримтлах бодлогыг батласан. Шинэ Засгийн газрын үед монгол төрийн бодлогын төвд мал, малчин хоёр орсонд баяртай байна. Сүүлийн жилүүдэд жил бүр л зуд, цас, байгаль цаг уурын хүндрэл бэрхшээл учирч ирсэн. Энэ бол шинэ үзэгдэл биш. Гэхдээ ийм эрсдэлтэй нөхцөлд малчдын амьдралыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, монгол малыг эрүүлжүүлэхэд чиглэгдсэн бодлого батлагдан хэрэгжиж эхлэх гэж буй нь чухал юм. Ирэх оноос хэрэгжиж эхлэх “Монгол мал” хөтөлбөрт зориулан улсын төсөвт 10 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Үүний зэрэгцээ гадаадын зээл тусламжаас 30-40 сая ам.долларын санхүүжилт орж ирэхээр тусгагдсан байгаа. Энэ тусламжаас Монголын мал эмнэлэг, үржүүлгийн албыг бэхжүүлэх, малыг ээмэгжүүлэх, вакцинжуулах ажил хийгдэнэ. Үүний зэрэгцээ бэлчээрийн менежментийг сайжруулах, малын тэжээлийн баазыг бэхжүүлэх ажлууд ч бас төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх болно. Мөн мал аж ахуйн түүхий эдийг биржийн журмаар зах зээлд нийлүүлэх ажлыг ч төлөвлөж байна.

УИХ-ын гишүүн Ш.САЙХАНСАМБУУ: Эрчим хүчний салбарт очих мөнгөний хэмжээ ирэх жил нэмэгдэнэ


Хөдөө орон нутгаас сонгогдсон бидэнд сонгогчидтойгоо шууд ярилцах боломж олгосон Ц.Шаравдорж даргад талархал илэрхийлье. Өмнөх аймгуудын онлайн ярилцлагын мэдээг харж байхад гол асуудал дээрээ төвлөрч чадаагүйгээс хэт олон сэдвээр ярьсан харагддаг. Иймд бид энэ удаагийн ярилцлагаараа гол асуудалдаа түлхүү анхаарал хандуулах нь зөв гэж бодож байна. Юуны түрүүнд Засаг даргын тавьсан зарим чухал асуудлуудад хариу өгье.

Тэжээлийн баазыг ашиглалтад оруулах тал дээр би санал нэг байна. Энэ талаар Шадар сайдтай ярья. Говийн сумд гантай байсан, одоо цастай байна гэж байна. Өвс тэжээл татах асуудлыг ярья. Эрчим хүчний асуудлыг нэлээд ярилаа. Энэ салбарт очих мөнгөний хэмжээ ирэх жил нэмэгдэнэ. Говь-Алтай, Завхан аймгаас сонгогдсон гишүүд бид чармайлт гаргасны дүнд Могойн гол дээр бага оврын цахилгаан станц барих асуудал шийдэгдсэн. Хамгийн гол нь хоёр дахь Тайшир болгов оо гэж их анхааруулсан шүү. Энэ цахилгаан станц нээгдэх үед Ерөнхий сайд өөрөө очих байх. Худалдааны төвийн хувьд миний сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа. Би өөрөө нэг төсөл бэлтгэсэн байгаа. Орон нутгаас бас бэлтгэсэн байна. Иймд хөрөнгө, хүчин чадал, хамгийн гол нь газрын асуудал нь шийдэгдэх юм бол энэ болчихно.

Хот тохижилтийн асуудлыг ярилаа. Үүнд Улиастай, Тосонцэнгэлийг онцгойлон авч үзмээр байна. Миний хувьд 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Улиастайн хот тохижилтод зориулна. Энэ хөрөнгө гол нь цэцэрлэгт хүрээлэн бий болгоход зориулагдах ёстой гэж бодож байна. Гишүүдийн тэрбум гэж яриад байх юм. Энэ бол өөрсдөө хармаалаад зарцуулдаг хөрөнгө биш гэдгийг УИХ-ын гишүүн байсны хувьд Засаг дарга сайн мэдэж байгаа шүү дээ. Энэ бол орон нутгийн томоохон хэмжээний хөрөнгө оруулалтад л ордог мөнгө юм.

УИХ-ын гишүүн Д.ОЮУНХОРОЛ: Төсвийг зохиоход УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд хамтарч ажилладаг болъё


Онлайн ярилцлага хийх боломж олгосон Тамгын газарт талархаж байна. Санжмятав дарга сайн танилцуулга хийлээ. Бэрхшээлтэй олон асуудлыг өмнө нь хамтарч сонсож байсан. Үүний дагуу шийдвэрлэх олон асуудлыг 2010 оны төсөвт суулгаж чадсан. Тухайлбал, Балдан-Очир гишүүн бид хоёр нэг тэрбум төгрөгийг цэцэрлэг, сургуулийн засварт зориулсан байгаа. Отгон сумын 10 жилийн сургуульд 500 сая-ыг өгсөн. Дөрвөлжин сумын сургууль дотуур байргүй учир энэ байрыг барих, мөн Сант сумын цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулах зэргээр хөрөнгө оруулалтууд тусгагдсан байгаа. Материалыг та бүхэнд хүргүүлнэ. Өмнөх жилийн 500 сая төгрөг жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилд зарцуулагдсан. Тухайлбал, Тэлмэн сумын тэжээлийн үйлдвэр байна.

Төрөөс малчдын талаар баримтлах бодлогод Балдан-Очир гишүүн голлож оролцсон. Анх удаа улсын төсөвт 10 тэрбум төгрөг тавигдсан байгаа. Саяхан батлагдсан Хүний хөгжлийн сангийн тухай хуулиар сонгуулийн амлалтыг биелүүлэх ажлууд шат дараалалтайгаар хийгдэнэ. Энэ сангаас Монгол Улсын иргэн тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөр, эрүүл мэндийн карт, боловсролын төлбөр, орон сууц худалдан авах зэрэг олон хэлбэрээр хувь хүртэх боломжтой. Ахмадуудад эхний ээлжинд хувь хүртээе гэдэг асуудал хоёр намын бүлэгт яригдаж байсан ч бүгдэд нь тэгш шударгаар хуваарилахаар шийдсэн.

Цаашид 2011 оны төсвөөс эхлэн төсвийг зохиоход УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд хамт сууж байгаад тулгамдсан асуудлуудаа тодорхойлж баймаар байна. Орон нутагт ажиллаж байхад бидэнд маш олон санал хүсэлтүүд ирдэг учир энэ бүхний дотроос нэн тэргүүнд шийдэх асуудлуудаа сонгох нь чухал юм. Маш их яригддаг зүйл бол тендерийг нийслэлд зарладаг учир орон нутгийн компаниуд оролцох боломжгүй байдаг гэсэн асуудал байдаг. БСШУЯ-нд тендерт орон нутгийн компаниудыг оролцуулдаг байх санал тавьсан ч манай аймагт тендерийн шаардлагыг хангах хэмжээний өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг компани ховор байна.

Бид бусад аймгуудад үлгэрлэж чадна

Д.Балдан-Очир гишүүн өмнөх жилийн 500 сая төгрөгийг зургаан үлгэр жишээ үржүүлгийн аж ахуйг бий болгоход зарцуулснаа хэлж, ирэх оны эхнээс тариалалтын төлөвлөгөөгөө гаргаж, эдгээр аж ахуйг бий болгосныхоо үр шимийг үзэх ёстойг орон нутгийн удирдлагуудад сануулж байлаа. Мөн Биржийн тухай хууль, Монгол мал хөтөлбөрөө баталж аваад очно. Орон нутаг санаачлагатай байж чадвал бид бусад аймгуудад үлгэрлэж чадна хэмээн тэрбээр итгэл төгс хэлж байсан юм.

Энэ жилийн хөрөнгө оруулалтын мөнгөнөөс нэгдүгээрт, малчдад зориулсан явуулын эмнэлэг, оношлогооны төв авахаар төлөвлөсөн бөгөөд уг явуулын эмнэлэг нь онош тодруулахыг тулд төвийн эмнэлгүүдтэй онлайнаар холбогдон оношоо баталгаажуулах боломжоор хангагдсан байх аж. Мөн түүнчлэн, байгаль цаг уурын гэнэтийн үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Скайтелийн өндөр хүчин чадалтай антеннийг Завхан аймгийн болон хөрш зэргэлдээ аймгуудын нийт 40 суманд долгион барих боломжтойгоор суурилуулахад, бусдыг нь орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулахаар төлөвлөснөө эрхэм гишүүн ярьж байв. Үүний зэрэгцээ Тэс сум эрчим хүчний байнгын эх үүсвэртэй болж нээлтээ хийх гэж буйг сонсоод баяртай байгаагаа илэрхийллээ.

Байгаль хамгаална гэдэг зөвхөн байгаль хамгаалагчийн ажил биш


Ийнхүү асуулт хариулт үргэлжилж, гишүүд орон нутгийн тулгамдсан асуудлуудыг тодруулан асууж байв. Тухайлбал Ш.Сайхансамбуу гишүүн Халдвартын эмнэлэг барих газрын асуудал, Худалдааны төвийн нийт өртөг зэрэг асуудлыг тодруулан орон нутгийн удирдлагуудаас хариулт авлаа.

Дараа өндөр настан н.Лхагваа гишүүдийг орон нутагтаа ирж ажилладаггүй, хэзээ бид цахилгаантай болох юм, тэрбум төгрөгөө юунд зарцуулах гэж байгаа вэ, орон нутгийн удирдлагуудад энэ мөнгөө өгөх хэрэгтэй гэхчлэн нэлээд шүүмжлэлтэй байр сууринаас асуулт тавив.

Уг асуултад Д.Оюунхорол гишүүн тойрогтоо зургаан удаа очиж ажилласан ч аймгийн төвд уулзалт хийгээгүй нь үнэн, дараа очихдоо уулзалт хийнэ гээд 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын задаргааг нэгбүрчлэн хэлж өглөө.

Д.Балдан-Очир гишүүн уг шүүмжлэлийг үндэслэлгүй хэмээн няцаагаад, сонгогчидтойгоо баг, хороо бүрт нь очиж, гудамж гудамжаар нь хэсэгчлэн уулзалт зохион байгуулдагаа хэлж, манай аймагт хамгийн их хөрөнгө оруулалт хийгдэж байгаа шүү гэв.

Дараа нь өндөр настан н.Сүрэнцэцэг “Улаанбаатараас 100 гаруй км алслагдсан нутаг орноо хөгжүүлэхийн төлөө гишүүд маань ажиллаж байгааг бид мэдэж байна. Аймгийн ЗДТГ болон УИХ-ын гишүүд хамтарч ажиллавал илүү их үр дүнд хүрнэ. Сайхансамбуу гишүүн асуудлыг шууд газар дээр шийдэж байгаад талархаж байна” гэлээ.

Мөн нэрээ хэлээгүй нэгэн өндөр настан эмэгтэй “МАА-н гаралтай түүхий эдийн үнэ хэтэрхий доогуур байна. Үнийг нь өсгөх ямар боломж байна вэ?” гэж асуугаад 1,5 сая төгрөгийг эхлээд ахмадуудад өгөөрэй хэмээн хүслээ.

Байгаль хамгааллын ажилтан Борной хэмээн өөрийгөө танилцуулаад, гишүүдээс байгаль хамгаалах чиглэлээр юу хийх гэж байна вэ? Ер нь байгаль орчны асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй байна, энэ бол зөвхөн байгаль хамгаалагчийн ажил биш гээд, аймгийн төвд байгаа малын тоо толгойг хязгаарлах хэрэгтэй хэмээн саналаа илэрхийлэв.

Эрхэм гишүүн Д.Оюунхорол, Сүрэнцэцэг гуайтай санал нэг байна гээд ер нь аймгийн төсвийг хамтарч зохиох нь чухал юм. Малчдын амьдрал хүндэрч байна гэдэгтэй мөн санал нэг байна. Тувагийн Ерөнхийлөгчийг ирэх үед Санжмятав дарга бид хүлээн авч уулзсан. Хамтарсан махны үйлдвэр, шаардлагад нийцсэн лабораторийн асуудлыг шийдэж эхэлсэн байгаа. 500 сая төгрөг зөвхөн энэ үйлдвэрт зориулагдана.

Байгаль орчны асуудлын тухайд ойн нөхөн сэргээлт анхаарал татаж байна. Нэг мод тайрсан хүн 4-5 мод нөхөж суулгадаг байвал энэ ажил үр дүнд хүрнэ. Харин аймгийн төвийн малын тоо толгойг хязгаарлах асуудлыг орон нутагтаа шийдчихнэ биз дээ гэсэн юм.

Ш.Сайхансамбуу гишүүний хувьд, өндөр настан н.Лхагваа гуайн асуултад “Та мөнгөө энд орон нутгийн удирдлагуудад авчирч өг гэлээ. Бид гурав орон нутагтаа юу хийх талаар шийдвэрээ гаргаж Сангийн яаманд өгдөг. Сангийн яам хэн, хэрхэн зарцуулахыг шийднэ” гэсэн тодорхой хариултыг өглөө. Эрхэм гишүүн цааш нь гэрийн модны үйлдвэр миний амлалтад байгаа ч унасан модоор бүтээгдэхүүн хийх боломжгүй гэдгийг хаа хаанаа ойлгоорой гээд, гурилын үйлдвэрийн тухайд өөрийн хөрөнгөөр хийгдэж байгаа учир санаа зоволтгүй гэсэн хариултуудыг өглөө.

Д.Балдан-Очир гишүүн худалдааны төвийн хувьд бизнесийн зарчмаар зээлд хамруулан барьж байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд зураг төсвийг нь ирүүлээрэй гэлээ. Мөн байгаль орчны асуудлын хувьд хадлан, бэлчээрээ хашиж хамгаалах ажлуудыг эхлэх хэрэгтэйг анхааруулсны зэрэгцээ зарим газар нутгаа төрийн тусгай хамгаалалтад оруулахаар хөөцөлдөж байна гэв.

Д.Оюунхорол гишүүн гэрийн эрэлт хэрэгцээ өндөр байгаа учир орон нутагт үйлдвэрлэсэн бэлэн гэрийг зах зээлийн ханшаар нь худалдаж авах нь дээр болохыг хэлээд тус аймаг ОУБ-ын төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж эхэлж байгаа, мөн цаашид ЗДТГ-тай хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр Ц.Шаравдорж дарга тус аймгийн ИТХ-ын дарга Ч.Дэмчигсүрэнд үг хэлэх боломж олгохдоо, "Танай аймгийн УИХ-ын үл ажиллагааг сурталчлах төв ажиллаж байна уу" гэсэн асуултад хариулт авахыг хүссэн юм. ИТХ-ын дарга уг асуултад, одоогоор байрны бололцоо муу байгаа учир ажиллаагүй байна гэхэд, Засаг дарга "Удахгүй байр ашиглалтад орохоор үйл ажиллагааг нь жигдрүүлнэ" гэлээ. ИТХ-ын дарга төсвийн хүндрэлтэй зарим асуудлуудыг хөндөн ярьж, нутгийн өөрөө удирдах байгууллагуудад төсөв бага хуваарилагддаг талаар хэлж байв.

Ирэх жил хөгжил дэвшил авчирсан он байг

Дараа нь ярилцлагад оролцож буй хэлтсийн дарга нар асуулт тавьж, үг хэллээ. Тухайлбал, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Нямдорж хөдөөгийн сумдад мал их хэмжээгээр нядлагдаж байгааг дурдаад малчдаас мах борлуулахад туслалцаа хүссэн талаар танилцууллаа. Тэрбээр махны үйлдвэр нэн шаардлагатай байгааг онцолж байсан. Хууль зүйн хэлтсийн дарга Б.Ариунаа тус аймагт эрх зүйн туслалцааны төв үйл ажиллагаа явуулж буйг хэлээд энэ төвийн үйл ажиллагааг УИХ-ыг сурталчлах төвийн ажилтай уялдуулбал оновчтой хэмээн үздэгээ илэрхийлсэн юм. Тэрбээр цааш нь төсвийн хөрөнгө оруулалтаар эрх зүйн ажилтнуудыг чадавхижуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд зориулагдсан төсөв байхгүй байгааг анхааралдаа авахыг хүсээд орон нутагт ажиллаж буй цагдаагийн ажилтнуудын 66 хувь нь орон сууцны асуудлаа шийдүүлэх шаардлагатай байгаа, мөн шинээр байгуулагдсан Шүүхийн шинжилгээний алба түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа зэргийг дурдлаа.

Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Баянмөнх гишүүддээ хандан боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү хөрөнгө оруулалт шийдэж өгсөнд талархаад Тэс сумын 10 жилийн сургуулийн байрыг анхааралдаа авахыг хүслээ. Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Б.Мэндбилэг орон нутгийнхаа хөгжлийн төлөө ажиллаж буйд нь гишүүддээ талархал илэрхийлээд малыг хөлөөр нь гаргахад баталгаажсан лаборатори байхгүйгээс хүндрэл учирч байна, иймд мал эмнэлгийн лаборатори байгуулах асуудлыг шийдэж өгнө үү гэв. Мөн тус аймаг дахь Хүүхдийн төлөө газрын дарга Оюунхорол гишүүнд талархал илэрхийлээд, Хүүхдийн зусланд засвар хийж өгнө үү хэмээн хүслээ.

Хэлтсийн дарга нарын асуултад хариулж Д.Оюунхорол гишүүн үг хэлэхдээ, та бүхний хэлсэн саналуудыг ойлголоо. Дэмчигсүрэн дарга УИХ-ын хууль сурталчлах ажилд анхаарлаа хандуулаарай. Мах борлуулах талаар тодорхой саналуудаа боловсруулж ирүүлнэ биз ээ. Тооцоог нь маш нарийн гаргаарай. Цагдаагийн асуудлаар туслахаараа дамжуулаад судалгаа авхуулсан байгаа. Өөр нэмэлт мэдээллүүд өгөөрэй. Албан тоот ирүүлэх хэрэгтэй. ЦЕГ-тай ярьж унааны асуудлыг хөөцөлдөх боломжтой. Тэс сумын сургуулийг 2011 оны төсөв дээр анхааръя. Тооцоог сайн хийгээрэй. Мөн махны үйлдвэр, лабораторийн саналуудаа сайн боловсруулах хэрэгтэй. Хүүхдийн төлөө байгууллагын даргын хэлснийг анхааралдаа авлаа. НҮБХХ-ийн даргыг Завхан аймагтаа урьж, газар дээр нь аваачиж асуудлаа танилцуулна гэж бодож байгаа. Цас зуд бага, малын хорогдолгүй, бизнес сэтгэлгээ сайтай өвлийг даваарай гээд, та бүхэн сайн ажиллаж байгаа, улам сайн ажиллаарай гэв.

Ш.Сайхансамбуу гишүүн, анхны онлайн ярилцлага маань амжилттай сайн ярилцлага боллоо. Өнгөрсөн жил Санжмятав дарга албан тоот сайн өгсөн учир ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалт их оновчтой болж, төсөвт сууж чадсан. 2011 оны төсөвт оруулах ажлуудыг бичгээр сайн өгч бай. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Миний хувьд тойрогтоо маш их ажиллаж байгаа, удахгүй дахин очно гэв.

Д.Балдан-Очир гишүүн хэлтсийн дарга нарын саналыг анхааралдаа авснаа хэлээд албан бичгээ ирүүлэх шаардлагатайг анхаарууллаа. Мөн онлайн харилцаа ойр ойрхон явагдаж байвал их зүгээр байна гээд тойрогтоо хандсан ажлуудаа хийж байгаа, цаашид ч хийх болно гээд "Ирэх жил хөгжил дэвшил авчирсан он байг" хэмээн ерөөл дэвшүүллээ.

Онлайн ярилцлагыг хааж Ц.Шаравдорж дарга үг хэлсэн бөгөөд Завхан аймагтай холбогдсон энэ удаагийн ярилцлага амжилттай болсныг онцоллоо. Энэхүү ярилцлагын үед Завхан аймгаас сонгогдсон гишүүд болон орон нутгийн удирдлагууд, иргэд сонгогчид аль аль нь идэвхи санаачлагатай байж, дүгнэлт болон санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн бөгөөд тэднийг хамтарч ажиллах уур амьсгал, нутгаа хөгжүүлэхийн төлөөх сэтгэл, хөгжлийн ирээдүйдээ итгэлтэй байдал нь нэгтгэж байв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.